&#34Цаг агаарын 6 сарын төлөв 50-60 хувийн таарцтай байдаг&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

&#34Цаг агаарын 6 сарын төлөв 50-60 хувийн таарцтай байдаг&#34

Энэ жил тариалангийн бүс нутгаар гантай байснаас үр тарианы ургацын 50-60 хувийг алдахад хүрсэн талаар Онцгой комиссоос мэдээлсэн. Тэгвэл Төв болон Сэлэнгэ аймгийн зарим тариаланчид энэ байдалд Цаг уур, орчны шинжилгээний газрыг буруу мэдээлэл гаргасан хэмээн буруутгаж байна. Үүнтэй холбоотойгоор Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ерөнхий менежер бөгөөд нарийн бичгийн дарга, эрдэмтэн Д.Аззаяатай уулзлаа.

Зургаан сарын ерөнхий төлөвийн мэдээг 100 хувь үнэн гэж ажлаа төлөвлөх нь учир дутагдалтай. Зургаан сарын ерөнхий төлөв 50-60 хувийн таарцтай байдаг.

-Зарим тариаланчид танай байгууллагыг буруу мэдээлэл өгснөөс ургацаа алдахад хүрлээ гэх агуулгатай зүйлс ярьжээ. Энд ямар тайлбар өгөх вэ?

-Цаг агаарын мэдээлэл буруу гарснаас ургац алдсан гэх мэдээлэл сүүлийн хэд хоног яригдаж байна. Иймд албан ёсны тайлбар хийх шаардлагатай болоод байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс дулаан, хүйтний улирлын ерөнхий төлөвийг малчид тариаланчдад зориулж зургаан сараар гаргадаг. Ер нь цаг агаарын мэдээллийг зургаан сараар нь ингэж гаргадаг улс орон дэлхийд Монголоос өөр байхгүй. Гэхдээ үүнийг бид прогноз гэж нэрлэдэггүй, харин дулаан, хүйтний улирлын ерөнхий төлөв гэж нэрлэдэг.

Энэ жилийн дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөс үүдэн Төв, Сэлэнгэ аймгийн хэсэг тариаланчид ургац алдсан хэмээн мэдээлж эхэллээ. Манай хүрээлэн дулааны улирлын ерөнхий төлөв гаргаж танилцуулсан.

Үүнд дурьдсанаар тавдугаар сард Сэлэнгэ аймгийн нутгаар хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу орно гэж гаргасан нь 70 хувийн таарцтай байсан. Ер нь Сэлэнгэ аймгийн нутгаар олон жилийн дунджаар тавдугаар сард 20 орчим мм хур тунадас унадаг. Харин өнгөрөгч тавдугаар сард Сэлэнгэ аймгийн нутгаар 18-32 мм хур тунадас унасан. Эндээс харахад энэ сарын хувьд хур тунадасны мэдээний таарц 72 хувьтай гарсан гэсэн үг.

Мөн Төв аймгийн нутгаар орсон хур тунадасны хэмжээг судалж үзсэн. Угтаал суманд 10 мм, Жаргалант суманд 17 мм гэх мэт хур тунадас тавдугаар сард орсон нь олон жилийн дундажтай адил байгааг харуулж буй юм.

Тавдугаар сард Сэлэнгэ аймгийн нутгаар хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу орно гэж гаргасан нь 70 хувийн таарцтай байсан. Ер нь Сэлэнгэ аймгийн нутгаар олон жилийн дунджаар тавдугаар сард 20 орчим мм хур тунадас унадаг. Харин өнгөрөгч тавдугаар сард Сэлэнгэ аймгийн нутгаар 18-32 мм хур тунадас унасан. Эндээс харахад энэ сарын хувьд хур тунадасны мэдээний таарц 72 хувьтай гарсан гэсэн үг.

Харин зургадугаар сард олон жилийн дунджийн орчим хур тунадас орно гэж гаргасан. Гэтэл зарим газар олон жилийн дундажид хүрч хур тунадас унаагүй. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Зүүнхараагийн нутагт гурван мм хур тунадас унасан. Дарханд 11 мм, Төв аймгийн Угтаал суманд 10 мм, Жаргалант суманд дөрвөн мм хур тунадас унаж олон жилийн дундажид хүрээгүй. Мөн зургадугаар сарын хувьд хур тунадасны хуваарилалт их  өөрчлөгдсөн. Ялангуяа зургадугаар сарын эхний хагаст хур тунадас бага байсан. Мөн 12-22-ны өдрүүдэд хэт халалт үүссэн учраас Сэлэнгэ, Төв аймгийн хэсэг тариаланчид “Цаг уурын байгууллага буруу мэдээ гаргасан, арга хэмжээ аваагүй” гэж байна. Гэхдээ манай байгууллагыг зүгээр суусан гэж хэлэх нь өрөөсгөл. Хэт халалт болох гэж буй мэдээллийг шийдвэр гаргагчдад бид хоёр удаа хүргэсэн. Эхлээд тавдугаар сарын 12-нд Улсын онцгой комиссын хурал дээр Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн дарга Д.Цогт-Очир энэ зун хэт халалт үүсч болзошгүй нөхцөл байдлыг анхааруулж хэлсэн. Дараа нь зургадугаар сарын 15-нд хэт халалт болох гэж байгааг ХХАА-н сайд Р.Бурмаад албан тоотоор хүргүүлсэн юм билээ.

Зургадугаар сарын урьдчилсан мэдээ улсын хэмжээнд 75 хувийн таарцтай гарсан. Энэ нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад таарцын хэмжээ 12 хувиар ахисан үзүүлэлттэй юм. Ер нь ус, цаг уурчид улс орныхоо эдийн засаг, малчид тариаланчдын ахуй амьдралд зориулж цаг агаарын мэдээгээ боловсронгуй болгох, сайжруулах тал дээр байнга анхаарсаар ирсэн. Үүний үр дүнд жил ирэх тусам мэдээний таарц, чанар сайжирч байгаа. Гэхдээ арга технологи, техник хэрэгсэл, нөхцөл боломж, чадавхиа улам бүр сайжруулах, боловсронгуй болгох шаардлага одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна. 

-Зургаан сараар цаг агаарын ерөнхий төлөв гаргадаг орон манайхаас өөр байхгүй гэлээ. Тэгвэл энэ төлөв үнэний магадлал хэдэн хувьтай вэ?

-Зургаан сараар нь цаг агаарын ерөнхий төлөвийг гаргадаг улс орон дэлхийд манайхаас өөр байхгүй. Үүнийг прогноз гэж нэрлэдэггүй гэдгийг дээр хэлсэн. Таарцын магадлал 50-60 хувьтай байдаг. Харин урт хугацааны прогнозод сарын цаг агаарын урьдчилсан мэдээг ойлгодог. Сарын цаг агаарын температурын мэдээний таарц гол төлөв 70-80 хувийн магадлалтай байдаг. Харин хур тунадасны таарц ихэвчлэн 60-70 хувьтай байдаг. Богино хугацааны прогнозыг долоо, тав, гурав, нэг, хагас хоногийн мэдээ гэж нарийвчлан гаргадаг. Эдгээр мэдээний таарц 85 болон түүнээс дээш хувьтай байдаг.

-Тэгэхээр ялангуяа газар тариалангийн бүс нутгийнхан зургаан сарын мэдээнд бүрэн найдаж болохгүй юм байна?

-Тийм. Энэ бол дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөв гэдгийг бид тариаланчид, малчдын зөвлөгөөнд очиж танилцуулах бүртээ анхааруулан хэлдэг. Сарын цаг агаарын мэдээг ашиглах шаардлагатай гэдгийг байнга зөвлөдөг. Түүнээс биш зургаан сарын ерөнхий төлөвийн мэдээг 100 хувь үнэн гэж ажлаа төлөвлөх нь учир дутагдалтай. Зургаан сарын ерөнхий төлөв 50-60 хувийн таарцтай байдаг.

-Энэ зуны хувьд хэт халалттай байна. Олон жилийн дундажтай харьцуулахад ямар байгаа бол?

-Монгол оронд 6-8 дугаар сард хэт халалт ажиглагддаг. Гэхдээ энэ зуны хувьд хэт халалт 10 хоног тасралтгүй үргэлжилсэн. Энэ үе нь буудайн бутлалт, гол хатгалтын үед тохиолдсон тул ихээхэн уршигтай байсан. Ер нь бол хэт халалт жил бүрийн өдийд үүсдэг.


Ж.ЦОГТ: ИРЭХ САР 2011 ОНЫ НАЙМДУГААР САРТАЙ ТӨСТЭЙ

Энэ асуудлаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос тодрууллаа.

-Тариаланчдын маргаан зургаан сарын цаг агаарын төлөвөөс болоод үүсээд байх шиг байна. Ер нь зургаан сараар гаргадаг цаг агаарын төлөвийн магадлал дөнгөж 50-60 хувьтай байдаг аж. Үүний чанарыг сайжруулж хувийг ахиулах боломж бий юу?

-Урт хугацааны мэдээний таарц 50-60 хувьтай байдаг. Ялангуяа хур тунадасны хувьд 50 гаруйхан хувьтай гарах нь бий. Энэ мэдээг зөвхөн 2015 онд ашиглаж байгаа биш шүү дээ. Тариаланч, малчдын хувьд жил бүр ашигладаг. Бараг 10 гаруй жил ашигласан. Тэгэхээр “Цаг уурын хүрээлэнгээс нэг иймэрхүү үнэмшилтэй мэдээлэл гаргадаг” гээд ашиглаад сурсан гэхэд хилсдэхгүй. Мэдээж энэ мэдээлэл нь иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй гэдгийг ойлгож байгаа.

Зөвхөн манай улс ч биш дэлхий нийтээр урт хугацааны цаг агаарын төлөвийг сайжруулахад анхаарсаар ирсэн. Үүнтэй адилаар бид ч гэсэн чанарыг сайжруулах янз бүрийн оролдлого хийсээр л байна. Гэхдээ дэвшилттэй, үр дүнтэй технологи хараахан гараагүй учраас суурин дээрээ эргэлдээд байж байна. Түүнээс биш энэ асуудалд санаа зовж, сайжруулах талаар ярьсаар ирсэн.

Судалж үзэхэд олон жилийн дунджаар тавдугаар сард газар тариалангийн нутгаар 20 орчим мм хур тунадас ордог. Өнгөрсөн тавдугаар сарын хувьд энэ хэмжээндээ хүртэл хур тунадас орсон газар ч бий. Дундаж хэмжээндээ хүрээгүй нутаг ч байна. Огт бороо ороогүй, ган болсон гэвэл ташаа ойлголт. Ерөнхийдөө сэрүүн сар болсон. Харин зургадугаар сарын 12-ноос халах нөхцөл бүрдсэн. Зургаан сарын өмнөөс гаргадаг төлөвийн мэдээнд энэ бүгдийг нарийвчилж тусгах боломж, нөхцөл одоогоор хомс байна. Хэдийгээр зургаан сараар гаргадаг төлөвийн мэдээнд үүнийг нарийвчилж заагаагүй ч богино хугацааны мэдээллээр энэ бүгдийг тооцоолж урьдчилсан сэрэмжлүүлгийг зохих газруудад хүргүүлсэн.

-Зургаан сарын өмнөөс гаргадаг цаг агаарын төлөвийн мэдээний хувьд магадлал бага юм байна. Яагаад ганцхан манай улс л зургаан сарын өмнөөс цаг агаарын төлөв гаргадаг юм бэ. Монгол Улс хэзээнээс зургаан сарын өмнөөс цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргадаг болсон бэ?

-2000 оны Засгийн газрын шийдвэрээр ган, зуд болох эсэхийг зургаан сарын өмнөөс тооцоолж, урьдчилан мэдээлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ үүргийг биелүүлэх гээд л явж байна. 10 гаруй жилийн хугацаанд бид өөрсдөө ч “Зургаан сараар мэдээ гаргахад бодит байдлаас зөрүүтэй. Хэрэглэгчид шүүмжлээд байна. Болохгүй асуудал багагүй бий” гэдгийг анзаарсаар ирсэн. Мэдээж үүнийг сайжруулах юмсан гээд зүтгэж л байна. Гэхдээ  бодитой үр дүнд хүрсэн нь хомс байна.

-Олон улсад ч урт хугацааны төлөвийн мэдээг сайжруулах талаар яригддаг гэж дээр хэлсэн. Ер нь Монголын цаг уурын хүрээлэнгийн үйл ажиллагаа, мэдээлэл олон улсын хэмжээнд хүрч чаддаг болов уу?

-Өнөөдөр тийм түвшинд хүрээгүй. Мэдээж бид алхам тутамдаа олон улсын түвшинд хүртэл ажиллах юмсан гэж бодно. Дэлхийн хэмжээний загвар гэж бий. Гэтэл бид дэлхийн хэмжээний загвар нэвтрүүлье гэхэд наад зах нь компьютерын хүчин чадал хүрдэггүй. Манай байгууллага уг нь 2009, 2010 онд супер компьютертэй болсон. Тухайн үед үүнийг дэвшилтэт технологи, супер эд гэж байсан. Гэтэл үүнийг бусад орны супер компьютертэй харьцуулахад хамгийн хүчин чадал багатай байдаг. Энэ мэтчилэн наад зах нь компьютерийн хүчин чадлаас эхлээд олон улстай хөл нийлүүлж ажиллахад хүндрэл үүсдэг.

-Техник тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байдаг юм байна. Тэгэхээр сарын прогнозыг хэрхэн гаргадаг вэ?

-Энэ сартай төстэй сарыг хайж олдог. Олон жилийн цаг агаарын мэдээллээс 3-4 төстэй сарыг олно. Тэр дундаас илүү төстэй нэг сарыг сонгож авдаг. 2015 оны найман сартай 2011 оны наймдугаар сар төстэй гэх байдлаар гаргана гэсэн үг. Эрхүүд төсөөтэй аналогийг бидэнд санал болгодог. Тухайн аналоги тэр сартай тохирч байвал шууд оруулдаг. Хоорондоо зөрсөн тохиолдолд алийг сонгох вэ гэдгийг судлах байдлаар ажилладаг.

-Тэгвэл ирэх наймдугаар сар хэдэн оны хэддүгээр сартай төстэй байх вэ?

-Наймдугаар сарын урьдчилсан мэдээ саяхан гарсан. 2011 оны наймдугаар сартай төстэй гэх урьдчилсан төлөв гаргасан. Төвийн нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дундаж, бусад нутгаар дунджаас 1.5 хэм дулаан байна гэх тооцоо гарсан. Хур тунадасны хувьд баруун, төвийн нутгийн хойд хэсэг, говь, төвийн нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

-Тариалангийн бүсийн төлөв ямар байх бол?

-Ялангуяа энэ сарын сүүлийн хоёр хоног, наймдугаар сарын эхний хоногуудад 2-3 удаа бороо орно. Наймдугаар сард бороо хураар дутагдаад ган болох нь гайгүй гэж харж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж