Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Хулиган гэж хэн байв

Нэрийг нь бид сайн мэддэг ч төдийлөн  танил бус хүмүүсийн сонирхолтой түүхийг хуваалцъя.


ХУЛИГАН

 

 

“Хулиган” гэсэн үг Лондон хотын Саутуарк районд амьдарч байсан ирланд гэр бүлийн овог байжээ. Тэднийхэн бүгд догшин зантай, дээрэм, зодоон, тонуул бүрт оролцдогоороо алдартай бөгөөд тэдний тухай 1894 оны цагдаагийн тайлан болон XIX зууны сүүл үеийн сонины хуудаснаа бичигдэж үлдсэн байдаг аж. Зарим  эх сурвалжид дээрмийн бүлгийн толгойлогч, ирланд залууг Патрик Хулиган гэдэг байсан тухай бичсэн байдаг ба  ах дүү нарынхаа хамт гудамжинд яваа хүмүүсийг  зодож, дээрэмддэг байсан ч гэдэг.

 

XIX–XX зууны залгаа үед өнөө алдартай танхай хүмүүс болох Хулигануудын дүр шог өнгө аястай болж, тэдний тухай хоржоонтой дуу хүртэл Англид зохиогдсон бол Америкт тэдний гэр бүл сонины комикс баатар болж байжээ. "New York Journal" сонин 1900-1932 онд уг комиксийг хэвлэн нийтэлж байгаад дараа нь кино бүтээсэн байна. “Аз жаргалтай хулиган”-ы дүр зураач Фредерик Берра Опперийн гол бүтээл болжээ.

 

Артур Конан Дойль ("Зургаан Наполеон") гэсэн өгүүлэлдээ “Хулиган үйлдэл” гэсэн үг хэллэгийг анх гаргаж иржээ. Хулиганууд аль эрт тэнгэрт хальсан ч энэ үг дэлхийн олон орны хэллэгт танхай балмад гэсэн утгатайгаар үлджээ. Монголчууд ч гэсэн дээрэнгүй, үл бүтэх хүмүүсийг "хулиган" хэмээн яриандаа хэрэглэдэг.


 

ХЬЮУИЛЬЯМС

 

 

Хөлөг онгоц живэх үед амьд гарсан хүмүүсийг Британийн далайчид ХьюУильямс гэсэн нийтлэг нэрээр нэрлэдэг. Харин энэ нэрний цаана тун сонирхолтой түүх бий.

 

Их Британийн Менайн хоолойд 1664 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэгэн хөлөг онгоц живж, 81 хүн  амь үрэгджээ. Тэр үед ганцхан хүн амьд үлдсэн нь ХьюУильямс байв.

 

Гэтэл таван зууны дараа Менайн хоолойд мөн осол болж, 60 зорчигчтой хөлөг онгоц живэхэд дахиад л ганц хүн аврагдсан нь ХьюУильямс нэртэй байжээ. Темза  мөрөнд 1820 оны наймдугаар сарын 5-нд нилээд нилээд олон зорчигчтой хөлөг нүүрс ачсан онгоцтой мөргөлдөн живэхэд таван настай хүү ганцаараа аврагдсан нь бас л ХьюУильямс гэж нэртэй байсан гээд боддоо.   

 

Бас нэг тохиолдол. 1889 оны наймдугаар сарын 19-нд нүүрсний хөлөг живж, есөн хүнээс үеэлүүд болох  хоёр хүн амьд үлдсэн ба тэднийг мөн л ХьюУильямс гэдэг байжээ.

 

Ийм нэр их байсан нь тохиолдлоор таарсан гэж ид шидэнд итгэдэггүй хүмүүс ярих нь бий. Гэхдээ энэ нэрийг усанд живэх аюулгүй хүмүүсийн нэршил болоход дээрх таамаг саад болсонгүй. Британид ХьюУильямс гэж нэрийг хүүхдэдээ өгвөл  хэзээ ч усанд осолдохгүй гэсэн сүсэг бишрэл хүртэл нэгэнт бий болжээ.


 

СУСАНИН

 

 

Замаа тааруу мэддэг жуулчдын хөтөчийг энэ нэрээр шоглон дууддагийг бид мэднэ. Иван Сусанин гэж "Домнино" тосгоны тариачин эр 1613 онд залуу хаан Михаил Романов, түүний эхийг  үхлээс аварчээ. Польш-Литовын отрядын замч болсон тэрээр хааны гэр бүлийнхнийг төлөвлөснөөс өөр замаар явуулж, төөрүүлсэн бөгөөд худал үйлдэл нь илчлэгдсэн ч бууж өгөөгүй тул түүнийг тамлан хөнөөжээ. Хожим нь тариачин залуу өөрөө мэдэлгүйгээр хааныг амь насанд эрсдэл үүсэхээс хамгаалж, гавьяа байгуулсныг Михаил хаан зарлаж, үр удамд нь нөхвөр олгрх тухай зарлигыг 1619 онд гаргасан байдаг.


 

ДОН ЖУАН БА КАЗАНОВА

 

 

Энэ бол бодит эрчүүдийн нэр юм. ДонЖуан гэж нэрийн жинхэнэ баатар нь (ДонЖованни, ДонГуан ч гэж ярьдаг)  донХуанТенорио гэж испани хүн байсан бөгөөд Севилээс гаралтай тэрээр донХуан XIV зууны үед Кастилийн Догшин ван гэгдэх I Педрогийн ордны албат байжээ. Домогт өгүүлдгээр бол донХуан эзнийхээ ивээлд орсон, замбараагүй завхай явдлаараа Севилья хотынхны дунд алдаршсан нэгэн гэнэ.

 

Харин Казанова гэж нэрний жинхэнэ дүр нь Венецийн Жакомо Жироламо Казанова гэж адал явдал, аялал жуулчлалд дуртай хүүхэмсэг эр байв. Тэрээр “Миний амьдралын түүх” гэсэн дурсамж номоороо алдартай нэгэн болжээ. Казанова тэр номондоо 120 гаруй бүсгүйчүүд, бусад олон тооны эрчүүдтэй хүртэл холбоотой байснаа илэн далангүй бичжээ.

 

Яван явсаар Казанова, Дон Жуан хоёрын дүр олон эмэгтэйчүүдийн толгойг эргүүлсэн эрчүүдийн нэрийтгэл нэр болж, уран зохиолд хэрэглэгдэх болсон юм. “Завхай”, “хүүхэмсэг”, “яршигтай” гэсэн үгийг энэ хоёр нэр төлөөлөх тохиолдол олон.


 

БРУТ

 

 

Хорон санаатай нөхдийг ингэж нэрлэнэ. “Брут, чи ч дээ" гэх маягаар… Ромын сенатор Марк Юниа Брут Цепионы нэрнээс энэ үг үүсэлтэй. Тэрээр Цезарийн дотны  найз, хамтран зүтгэгч байхдаа түүнийг хөнөөх хуйвалдаанд оролцсон гэдэг. Халдлага эхлэхэд эхлээд эсэргүүцэл үзүүлэх гэж байсан Цезарь Брутыг хараад “Хүү минь, чи байна уу” гэж хэлээд эсэргүүцэхээ больсон гэдэг. Энэ  зураглал Шекспирийн “Юлий Цезарь” эмгэнэлт жүжигт бичигдэн алдаршжээ. Тэгээд зогсохгүй дотны хүмүүсийн урвалт, хорон санааг илэрхийлэх утгын Брут гэр нэр илэрхийлэх болсон байна.


 

СЭМ АВГА

 

 

Сэм авга гэж үг АНУ-ын Засгийн газар ба АНУ-ыг төлөөлдөг бөгөөд санаа сайтай,  хөгжилтэй, эсвэл ууртай догшин хөгшний дүрээр илэрхийлэн зурдаг. Энэ дүрийн эзэн нь 1812-1815 оны Англи-Америкийн дайны үед Америкийн цэргийнхэнд үхрийн мах нийлүүлдэг Сэмюэл Уилсон гэж хүн байжээ. Тэрээр махтай торхуудаа "United States" гэсэн үгийг төлөөлөх U.S. гэсэн товчлолоор тэмдэглэдэг байсан бөгөөд үүнийгээ "Uncle Sam" гэсэн үг хэмээн тайлбарладаг байсан аж. Энэ хариулт нь цэргийнхэнд ихэд таалагдаж, улмаар сонины хуудсаар дамжин АНУ,  дэлхийд тархжээ.

 

Сэм авгын “U.S. Армид чи хэрэгтэй” гэсэн сурталчилгааны зурагт хуудаснууд дээрх дүр олонд алдартай. Хуруугаараа зааж буй энэхүү зургийг Жеймс Монтгомери Флэгг  1917 онд зурсан ба дэлхийн I, II дайны үед ашиглагдаж байжээ. Хожим зураач түүнийг өөрийгөө толинд харж байгаад хуулж зурсан гэж ярьсан байдаг. Харин АНУ-ын конгресс Сэмюэл Уилсоны дүрийг албан ёсоор Сэм авга гэж зөвшөөрсөн тусгай тогтоолыг 1961 онд гаргаж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж