Унгар улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Акос Мадари www.news.mn сайтын сэтгүүлч Жон Дэвидэд Монгол болон Унгар улсын 65 жилийн түүхтэй хамтын ажиллагааны шинэ үеийн талаар ярилцлага өглөө.
-Монгол болон Унгар улс урт удаан хамтын ажиллагааны түүхтэй. Хэдий тийм боловч Унгар улс есөн жилийн өмнө Монгол дахь Элчин сайдын яамаа хаах шийдвэр гаргаж байлаа.Танай улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Питер Сзихарто хэлэхдээ уг явдлыг том алдаа байлаа хэмээн онцолсон. Тэгвэл Унгар улс Монголд Элчин сайдын яамаа эргэн нээж, дипломат харилцаагаа бүрэн сэргээх болсны учир юунд байна вэ?
-Тийм ээ, таны зөв. Өмнө нь байсан Элчин сайдын яамаа хаасан нь бидний хамтын ажиллагаанд саад учруулж байлаа. Энэ хугацаанд хоёр улсын хоорондох дипломат харилцаа үргэлжилж, Монгол улсын Будапешт дэх Элчин сайдын яам үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирснийг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ миний бие манай улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Питер Сзихартогийн хэлснээр бид том алдаа гаргасан гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Олон төсөлт ажлууд үүний дүнд зогсонги байдалд орсон юм.
Унгар улс Монгол улстай 65 жилийн дипломат харилцааны түүхтэй. Бид уг харилцаагаа маш өндрөөр үнэлж ирсэн. Манай улсад хуучин социалист орнууд руу чиглэсэн “Eastern Openings” төсөл хэрэгждэг. Бид Монгол гэх мэт улс орны хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлэхийг чухалчилдаг. Энэ төслийн хүрээнд бид худалдааны хамтын ажиллагаандаа Унгарын бараа бүтээгдэхүүн,технологи, болон инновацийг санал болгодог.
-Улаанбаатар дахь Унгар улсын шинэ Элчин сайдын яам өнгөрсөн тавдугаар сард нээгдсэн, гэвч барилгын ажил хараахан дуусаагүй байна. Шинэ Элчин сайдын яамны албан ёсны нээлт хэзээ болох вэ?
-Тийм ээ, таны хэлснээр шинэ Элчин сайдын яам маань өнгөрсөн тавдугаар сарын 26-нд нээгдсэн. Манай Гадаад хэргийн сайд энэ үеэр ирж нээлтэд оролцсон. Энэ нь түүний Сингапур болон Малайзыг зорьсон айлчлалын хүрээнд тохиолдсон явдал байлаа. Бидний төлөвлөгөө ёсоор шинэлэг орчин үеийн Элчин сайдын яамны барилгаа ирэх есдүгээр сарын сүүлээр албан ёсоор нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр Унгар улсаас хэд хэдэн төрийн сайд нар болон бусад албаны төлөөлөгчид ирж оролцох болно.
Манай хоёр улсын боловсролын салбарын солилцоо 1950-иад оны сүүлээс одоог хүртэл үргэлжилсээр байна. Унгарт боловсрол эзэмшсэн олон төгсөгч, тэр дундаа зарим улстөрч өнөөдөр Монголын нийгэмд өндөр байр суурийг эзэлцгээж байна. Одоогийн байдлаар бид Монголын 100 оюутанд Унгарын олон төрлийн салбарт бакалаврын болон бусад түвшний тэтгэлэг санал болгож байгаа.
-1950-иад оноос хойш Унгар улс өөрийн үүсгэн байнуулсан Сонгино дахь Биокомбинатын үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Хамтын ажиллагааны шинэ зөвшилцлийн хүрээнд Сонгино дахь байгууламжтай холбоотой төлөвлөгөө юу байна вэ?
-Тийм ээ, Унгар улс үнэхээрийн Монгол улстай мал аж ахуй, болон дархлаажуулалтын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтран ажиллаж байсан. Энэ нь бидний үргэлжлүүлэн хийхийг хүсч буй ажлын нэг юм. Бид Биокомбинатаар эргэн зочилж, нөхцөл байдалтай нь танилцсан. 1950 онд угсрагдсан тэдгээр машин техник одоо ч хэвийн ажиллаж байгааг хараад үнэхээр гайхсан. Монгол улс бол 60 сая гаруй толгой малтай, мал аж ахуйгаа эн тэргүүнд тавих шаардлагатай улс. Гэтэл Биокомбинатад байгаа техник тоног төхөөрөмжүүд нь төдийлөн дэвшилтэт үеийн хэрэгслүүд байж чадахгүй байгаа. Тиймээс бидний зүгээс Биокомбинатийг шинэчлэн байгуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж харж байгаа бөгөөд Унгар улсын Экспорт, импортын банкнаас 25 сая ам.долларын буцалтгүй зээлийг Биокомбинатын шинэчлэлтийн санхүүжилтэд зориулан олгохоор болсон.
-Өнгөрсөн хавар Монголд айлчилсан танай улсын ерөнхийлөгч Монгол дахь хөдөө аж ахуйн олон төслүүдийг дэмжихээ дурдсан. Энэ талаар төлөвлөгдсөн зүйл байна уу?
-Унгар бол олон тооны салбарт тэргүүлэх туршлагатай улс. Хэд хэдэн төслийн санаа бидэнд байгаа. Энэ талаархи асуудлууд нь ирэх есдүгээр сард Будапешт хотноо болох Монгол- Унгарын хамтарсан Эдийн засгийн тавдугаар чуулга уулзалтын үеэр түлхүү хэлэлцэгдэх сэдвүүд юм. Бидний зүгээс мал аж ахуйгаас гадна усжуулалтын систем гэх мэт хамтран ажиллах олон салбар байна гэж харж байгаа.
-Монгол улсын эдийн засаг уул уурхайтай салшгүй холбоотой. Унгар улсад энэ талын чиглэлд төлөвлөгдсөн онцгой ажлууд байна уу?
-1990-ээд оны эхээр Унгар дахь ихэнх уурхай үйл ажиллагаагаа зогсоосон. Бидэнд уул уурхайн тал дээр хамтран ажиллах дэвшилтэт саналууд байхгүй. Бидний хамтран ажиллах боломж бүхий орон зай гэвэл уул уурхайн процессууд явагдаж дууссаны дараахи талбайн усжуулалт болон нөхөн сэргээлт юм. Бидний мэдэж байгаачлан уул уурхай бол хүрээлэн буй орчинд хор хөнөөл ихтэй салбар. Унгар улсын зүгээс Монголд санал болгох усжуулалтын системийн хэд хэдэн оновчтой санал бидэнд бий. Бид энэ тал дээр онцгойлон анхаарал тавьж байгаа бөгөөд, шаардлагатай технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
-Монгол Унгар улсын боловсрол соёлын солилцоо мөн л урт удаан түүхтэй хөгжиж ирсэн. Оюутан солилцооны чиглэлд шинээр баримталж буй бодлого юу байна вэ?
-Тийм ээ, боловсролын салбарын солилцоо 1950-иад оны сүүлээс одоог хүртэл үргэлжилсээр байна. Унгарт боловсрол эзэмшсэн олон төгсөгч, тэр дундаа зарим улстөрч өнөөдөр Монголын нийгэмд өндөр байр суурийг эзэлцгээж байна. Одоогийн байдлаар бид Монголын 100 оюутанд Унгарын олон төрлийн салбарт бакалаврын болон бусад түвшний тэтгэлэг санал болгож байгаа. Эдгээрийн 15 тэтгэлэг нь бүрэн хэмжээний тэтгэлэг байх юм. Унгар боловсролын солилцооны хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр солилцоо нь Унгар улсын хөтөлбөрийн дор хэрэгждэг төсөл юм.
-Өөр ямар соёлын арга хэмжээнүүдийг төлөвлөж байна вэ?
Яг одоогийн байдлаар бид хоёр улсын 65 жилийн түүхт дипломат харилцааны жил бүрийг нэг зургаар дүрсэлсэн 65 фото зургийн үзэсгэлэнд бэлдэж байна. Энэ үзэсгэлэн маань есдүгээр сарын сүүлээр нээлтээ хийх болов уу гэж бодож байна.
-НЗДТГ болон Унгарын Худалдааны танхим хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд ямар ажлууд төлөвлөгдсөн бэ?
-Энэ хамтын ажиллагаа нь цоо шинэ алхмуудын нэг болсон юм. Бидний хэлдгээр манай Худалдааны танхим нь харилцаагаа өргөжүүлэх тал дээр тун идэвхитэй ажилладаг. Энэ бол бусад улсад байдаг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ялгаатай байгууллага. Санамж бичиг нь Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар болон Унгар улсын Худалдааны танхимийн хооронд хийгдсэн. Би танд уг хамтын ажиллагааг усжуулалт болон орон сууц гэх мэт олон өөр салбарт биеллээ олж байгааг батлан хэлж чадна. Монгол улсад Унгарын Худалдааны танхим Унгарын хөрөнгө оруулалттай “Мажав” ХХК-иар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ компани нь аливаа төсөлд хамтран ажиллахад тохиромжтой компанийг сонгох, тусламж зөвлөгөө өгөх, ерөнхий зохицуулалтын хангах зорилтын дагуу ажилладаг. Одоогоор “Мажав” ХХК хэд хэдэн төсөл дээр ажиллаж байна.
-Та өмнөх Элчин сайдын яаманд дипломатчаар ажиллаж байсан туршлагатай. Есөн жилийн хугацаанд их зүйл өөрчлөгдлөө. Монголд буцан ирэхэд ямар санагдаж байна вэ?
-Тийм ээ, би 1992-1997 оны хугацаанд Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Энэ нь миний дипломат карьерийн эхлэл нь байсан. Тийм ч учраас үнэхээр сайхан цаг үе байсан, олон гайхалтай дурсамж бий. Монгол бол одоог хүртэл байгалийн өнгө төрхөө хэвээр хадгалсан, нүүдэлчин аж ахуйтай, гайхалтай морьдтой, гол нь загасаар баян гэх мэт хөдөө нутаг нь анхаарал татахуйц сайхнаараа орон.
-Та загасчин юм уу?
-Тийм ээ, би загасчлах болон морь унах их дуртай. Хорин жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. Хотжилт болон уул уурхай, цаг уурын өөрчлөлт газар авч байна. Энэ талаар их зүйл ярьмааргүй байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын болоод орчин үеэ дагасан эерэг өөрчлөлтүүд ч их гарчээ. Ямартай ч, өөрийн гэж хэлж болохоор улсдаа Элчин сайдаар томилогдон ирсэндээ туйлын баяртай байна.
-Та наадмыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?
-Наадам бол хөгжилтэй баяр. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн наадмын нээлт сайхан болсон. Би болон миний эхнэр хоёул моринд их дуртай. Тиймээс хурдан морины уралдаан үзэж сонирхсон. Миний эхнэр анх удаагаа Монголд ирж байгаа юм. Бид цагийг үнэхээр сайхан өнгөрөөсөн бөгөөд энд байгаадаа баяртай байгаа.
-Баярлалаа.