Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн даваа гаригт болдог. Хуваарьт хурлаар өчигдөр чухам ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
Өвлийг өнтэй давах бэлтгэл хийж эхэллээ
Засгийн газрын хуралдаанаар нийт 20-оод асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор хамгийн анхаарал татсан зүйл нь ирэх өвөл, хаврыг гарз хохирол багатай, өнтэй даван туулахад өнөөнөөс бэлтгэж эхэлжээ. Өвөлд бэлтгэх онцгой комиссыг Шадар сайдаар ахлуулан байгуулсан байна. Мэдээж тус комиссын дэд сайд ХХАА-н сайд Р.Бурмаа. Энэ жил зуншлага тааруу. Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувь нь гантай буюу гангийн байдалтай байгаа. Хэдийгээр сүүлийн үед хур бороо элбэгшиж байгаа ч хадлан тэжээл бэлтгэх, тариа ногооны болц, малын тарга тэвээрэгт эерэгээр нөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргаж байгаа тул 2015-2016 оны өвөл, хаврыг өнтэй даван туулахын тулд энэхүү комиссыг байгуулсан байна. Комиссын бүрэлдэхүүнд Эрчим хүч, Хот байгуулалт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд болоод нийслэлийн Засаг дарга нарын өргөн бүрэлдэхүүнтэй хүмүүс багтжээ. Онцгой комиссынхон энэ сардаа багтаан комиссын ажиллах журам, хийх ажлын чиглэл, төлөвлөгөөгөө гаргахыг үүрэгдсэн байна.
Дөрвөн тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ
Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд 5,2 хувиар өсчээ. Нийт эрчим хүчний 96,3 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байгаа бөгөөд багахан хувийг нар, салхи, усан цахилгаан станц болон дизель станцаар хангадаг байна. Сүүлийн жилүүдэд томоохон цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өсгөсөөр байгаа. Цахилгаан, дулааны ы дөрөвдүгээр станц 123 мВт-аар, гуравдугаар станц 50 мВт-аар, Дарханы цахилгаан станц 35 мВт-аар хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч эрчим хүчний хэрэглээг гүйцэхгүй байгаа нь өнгөрсөн онд импортлосон цахилгааны хэмжээ 17 хувиар өссөнөөс харагдаж байгаа юм.
Тиймээс Эрчим хүчний яамнаас зайлшгүй авах шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлжээ. Тэрхүү тоног төхөөрөмжийн нийт өртөг дөрвөн тэрбум төгрөг бөгөөд эргэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Цээнэ