Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Манай улсад анх удаа болж буй энэхүү тэмцээн Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж байгаа. Тэр дундаа Ази тивд анх удаа болж буй нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ-д Япон, Өмнөд болон Хойд Солонгос, БНХАУ, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 35 орны 300 гаруй тамирчид оролцон, ур чадвараараа өрсөлдөж эхэллээ. Тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр Цонжин болдог Чингисийн хөшөөний урд талбайд болсон юм. Тус арга хэмжээнд Дэлхийн агаарын спортын холбооны ахлах шүүгч Ян Кайнес, ДАСХ-ны шүүгч Шигэрү Канегава, Бэхбат, ЭМСЯамны дэд сайд Х.Болдбаатар, Үндэсний хорооны дарга А.Мөнхбат, Монголын агаарын спортын холбооны ерөнхийлөгч Г.Ихбаяр, Монголын нислэгийн загварын спортын нийгэмлэгийн ерөнхийлөгч, тэмцээний ерөнхий шүүгч Б.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, тамирчид оролцлоо.
Энэ үеэр Монголын Улсын шигшээ багийн тамирчид болон 2013 оны дэлхийн аварга цолыг хүртэж байсан тамирчид тэмцээний тугийг мандуулсан юм.
Өнөөдөр Дархан ноёны худаг хэмээх газар эхэлж буй ДАШТ-ий дүн наймдугаар сарын 2-ны өдөр гарч медальтнууд тодорно.
ХӨӨРСӨН ОНГОЦ АГААРТ ХЭР УДААН ТОГТОЖ БАЙГААГААР НЬ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛДАГ
Тамирчид өнөөдрөөс эхлэн дэлхийн аваргын үндсэн төрөл болох F1A, F1B, F1C ангилалд өрсөлдөнө. Үүнд F1A төрөл нь 50 м урттай уяагаар онгоцоо агаарт татаж гаргаад, агаарын дулаан урсгалд оруулдаг хөөргөдөг. Резинэн хөдөлгүүрт буюу F1B гэдэг нь онгоцны урдах сэнсийг эргүүлж, резинийг эрчилж хөөргөдөг аж. Хугацаат нислэг буюу F1C төрөл нь тусгай жижиг мотортой бөгөөд мотор нь таван секундээс илүүгүй хугацаатай ажилладаг. Энэ мэтээр хөөрсөн онгоц агаарт хэр удаан тогтож байгаагаар тэмцээнийг шүүдэг юм байна. 2013 онд Францад болсон ДАШТ-ий үеэр F1A ангилалд 60 орны тамирчин өрсөлдсөнөөс Хорватын тамирчин Роберт Леско онгоцоо 7 миунт 30 минут хөөргөж, дэлхийн аварга болж байжээ.
АЗИ ТИВД АНХ УДААГАА БОЛЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГ
2015 оны ДАШТ-д Монгол Улсын багийн хувьд бүтэн багаараа буюу 9 тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт оролцож байна. Урьд нь Азийн аваргад өндөр амжилт гаргаж байсан манай тамирчид энэ удаагийн ДАШТ-д өндөр амжилт гаргах боломжтой юм. Учир нь шигшээ багийн тамирчдын хувьд сүүлийн таван жил бэлтгэл сургуулилт хийж буй талбайд ДАШТ болж байна.
Чөлөөт нислэгийн ДАШТ-ийг Ази тивдээ анх удаа зохион байгуулж буй манай улсын хувьд 2012 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2014 онд Азийн Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай аж. Сүүлийн жилүүдэд Монголын баг тамирчдын амжилт Азид төдийгүй дэлхийд хүчтэй болсныг гадны тамирчид үнэлж байсан юм.
100 ГАРУЙ ШҮҮГЧ АЖИЛЛАЖ БАЙНА
1910 онд анх нисэх загварын спортын тэмцээн зохион байгуулагдсанаас хойш Европын орнуудад хоёр жил тутамд болдог уламжлал тогтжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орныг хоёр жилийн өмнө сонгодог. Энэ жил 50 жилийн ойтойгоо золгож буй Монголын нисэх загварын спорт 100-аад жилийн түүхтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо ийнхүү зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог юм. Одоогоор энэхүү тэмцээний үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас ЗХЖШ, ОБЕГ, Налайх дүүргийн ЗДТГ, Төв аймгийн ЗДТГ, хувийн хэвшлээс "Скайтел", "Скайнетворкс", БОСА катеринг, "Грийн химистри" зэрэг компани аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлэн оролцож байгааг зохион байгуулагчид дуулгалаа.
Өнөөдрөөс эхэлж буй ДАШТ-ийн үндсэн төрөлд 35 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээнийг 100 гаруй шүүгч шүүж байна. Монголд анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ийг дэлхийн хэвлэл мэдээлэл онцлоод эхэлжээ.
Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр гадаадын тамирчдын сэтгэгдлийг сонслоо.
БНАСАУ-ын багийн ахлагч Хун Ён Сү.
Тэрээр “Бид энэ удаагийн ДАШТ-д долоо хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэмцээний зохион байгуулалт сайн байна. Энэ удаа бид сайн амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна. Яагаад гэхээр бид анх удаа Монголд ирж байгаа биш. Гурван жилийн өмнө буюу 2012 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тиймээс бидний хувьд Монголын талбайг сайн мэднэ. Энэ удаа бэлтгэл сайн хангагдсан. ДАШТ-ий өмнө болсон Монголын цомын тэнцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн Монголын тамирчид маш хүчтэй харагдаж байна. Яагаад гэхээр тэд талбай дээрээ байгаа учир их сайн талтай." гэсэн юм.
Лоберт Леско:
ЭНД МАШ ТОМ ӨРСӨЛДӨӨН ГАРГАНА, ЯАГААД ГЭХЭЭР БҮГД Л “ГАЙХАЛТАЙ” ГЭЖ БАЙНА
Энэ үеэр 2013 онд Францад болсон ДАШТ-ий F1A төрөлд түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртсэн Хорватын тамирчин Роберт Лесконий сэтгэгдлийг сонслоо.
-Энэ жилийн тэмцээн таны хувьд нилээн хүнд тусч байгааг мэдэрч байна.
-Тиймээ та яг хэллээ. Үнэхээр маргааш(өнөөдөр) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Бас нээлтийн энэ өдөр хүндэтгэлийн тугийг заллаа. Энэ бүгд надад дарамт байгаад мэдэрч байна. Мэдээж дэлхийн аварга болсон хүний хувьд дахин аваргаа хамгаалахыг хүсэж байгаа. Гэвч энэ том өрсөлдөөн дунд дахин цойлж гарна гэхэд хэцүү. Тиймээс надад дарамт байна. (инээв)
-Та энэ төрөлдөө онгоцоо хэдэн минут агаарт тогтоож байсан бэ?
-2013 оны дэлхийн аваргын тэмцээний миний оролцсон F1A ангилалд 60 гаруй орны тамирчид өрсөлдөж байсан. Финалд би 7 минут 30 секунт тогтоож, дэлхийн аварга цолыг хүртсэн.
-Монголд болж буй тэмцээний зохион байгуулалт ямар санагдав?
-Франц, Хорват улсад болж байсан тэмцээнээс илүү зохион байгуулалт сайтай болж байгаад баяртай байна. Яагаад гэхээр энд урьд өмнө миний харж байгаагүй талбай байна. Мөн бусад орны оролцогч нарын сэтгэл маш их өндөр байгаа. Тиймээс би хувьдаа энд болж буй тэмцээнийг хамгийн шилдэг нь гэж бодож байгаа. Яагаад гэхээр бусад тамирчид нэгэн дуугаар “гайхалтай” гэдэг үгийг хэлж байна. Тэдний ч сэтгэл өндөр байгааг мэдэрсэн. Тиймээс энд маш том өрсөлдөөн гарна. Монгол Улс шиг ийм сайхан агаартай, байгалийн сайхантай нутагт ирж байгаагүй болохоор би хувьдаа биширч байна.
-Тэгвэл 2015 оны чөлөөт нислэгийн ДАШТ Ази тивд анх удаа болж байгаагаараа ихээхэн онцлог болж байх шиг байна?
-Европын тамирчдын хувьд бол гайхмаар зүйл болж байна. Учир нь бидэнд ийм том талбай байдаггүй. Бидэнд бэлтгэл хийх талбай хангалттай биш байдаг. Тиймээс тамирчдын хувьд маш их чадварыг шаарддаг. Гэтэл энд ирээд гайхмаар байна шүү.
Би хувьдаа энд болж буй тэмцээнийг хамгийн шилдэг нь гэж бодож байгаа. Яагаад гэхээр бусад тамирчид нэгэн дуугаар “гайхалтай” гэдэг үгийг хэлж байна.
-Та хэдэн удаа Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна вэ?
-Би одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 онд Унгарт тэмцээнд оролцож байсан. 13 настай жаахан хүүхэд өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд байсан үе. Гэвч тэр цаг үе надад маш том туршлага болж, 18 жилийн дараа дэлхийн аварга цолыг хүртлээ. Би одоогоор 7-8 удаа ДАШТ-д оролцоод байна.
-Ингэхэд та Хорватын аль хотод төрсөн бэ?
-(хэсэг инээв) Та асуултаа яаж олов? Би одоо Хорват улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байна. Гэхдээ би Германд төрсөн. Аав, ээж минь намайг гурав настай байхад Хорват рүү нүүгээд, бид тэндээ суурьшсан. Одоо би Хорватын нийслэл Загреб хотын ойролцоо амьдардаг.
-Та бага байхын нисэхийн спортоор хичээллэхийг хүсдэг байсан уу?
-Би бага байхын зүгээр сууж чаддаггүй хүүхэд байлаа. Нэг мэдэхэд гараараа юм оролдчихсон, нэг зүйл хийчихсэн хүүхэд байсан. Өөрийн мэдэлгүй л энэ спортод дурласан. Тэмцээнд оролцохдоо онгоцны загвараа өөрөө хийдэг. Ямар нэгэн тэмцээнд оролцоход онгоцоо өөрөө угсардаг тийм шаардлагыг өөртөө тавьдаг.
-Одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Би IT-ийн инженерээр ажилладаг.
-Францад болсон 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан тэр мөчөө дурсаач?
-Мэдээж тэр үе гайхалтай байсан. Бас маш том өрсөлдөөн дундаас Дэлхийн аварга болсон. Яагаад гэхээр 2013 оны дэлхийн аваргын F1A төрлийн 1-р шатанд 60 улсын тамирчин оролцсон. Тэр шилдэг тамирчдаас шалгарч түрүүлнэ гэдэг амаргүй байлаа. Мөн онгоцоо 7 минут 30 секунт агаарт тогтоож, нэр хүндтэй тэмцээний ялагч болсон минь миний амьдралын нэгэн гайхалтай агшин болж үлдсэн. 13 настай байхдаа мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрнэ гэдэг бол хэлэхийн аргагүй агшин юм билээ. Тэр дундаа тэмцээний дараа нутагтаа очих бүр гайхалтай. Ард түмнийхээ баярласан сэтгэлийг хараад надад үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмжийг өгч байсан юм.
-Мэдээж та Монголд анх удаа ирж байгаа байх?
-Тиймээ, анх удаа ирлээ. Гэхдээ ийм гайхалтай орон гэж бодож байсангүй. Үнэхээр их тал нутагтай ард түмэн минь. Мөн хүмүүсийн сэтгэлийг харахад их хүнлэг чанартай санагдлаа. Мэдээж энэ анхных ч сүүлийнх биш гэдэгт итгэж байна.
Ч.БОЛОРЧУЛУУН
Холбоотой мэдээ