–Байгаль цаг уурын эрхшээл дор ажилладаг малчид, тариаланчдын хувьд цаг агаарын урьдчилсан болон цаг үеийн мэдээлэл хамгаас чухал. Гэтэл цаг уурынхан үнэнээс хол зөрсөн, бодит байдлыг эерүүлсэн мэдээллээр нүд хуурч байгаа нь дарга нарт тал зассаных уу, хөдөөгийнхнийг басамжилсных уу гэдэгт хариу авахыг тэд хүсч байна-
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 15 хувь гантай байсан бол наадмын дараахнаас орсон бороо хурын хүчээр 10 хувь болж буурсан гэсэн мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан гэх. Үнэндээ бол Монгол Улсын хэмжээний 331 сум суурингийн 133 сум гантай зусч байгаа бол 67 сум гандуу байна гэж өчигдөр орой ММ агентлаг мэдээллээ. Сүүлийн баримт үнэнд арай дөхүүтэйг нийслэл хотоос холгүйхэн гарахад л батлаад өгнө. Наадмын дараа шил даран залгасан даншиг, наадмуудын бичлэгээс харсан ч Монгол оронд гангийн аюул бодитоор нүүрлээд байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Өвөрхангай аймагт болсон Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн бичлэг юм. Улаан шороо эргэлдэж, хормой хот хийсгэсэн их салхитайн дээр газрын өнгө эгээ л хавраараа, дэлхий дэлэгнэсэн зун цаг гэхэд үнэмшимгүй дүр төрх харагдах вий.
Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг төвийн бүсийн аймгуудын хувьд зуншлага харьцангуй сайхан байдаг. Газар тариалан, хадлан тэжээлийн бүс нутаг болохоор улсаас анхаарч анзаарах нь ч илүү байдаг. Гэтэл энэ жилийн хувьд зуншлага тун тааруу байгааг хэн хүнгүй хэлж байна. Ямартаа л сүүлийн 20 жилд анх удаагаа наадмыг айраггүй угтаж байна хэмээн шүүрс алдаж байх билээ. Төв, хангайн бүсийнхэн ийн гүүгээ барьж амжаагүйдээ харамсаж байгаа бол зүүн болон говийн бүст байдал бүр ч хүнд байна. Нийслэлээс гарч, Багануур өнгөрөх төдийд л уул толгод, тал хээрийн өнгө өөрчлөгдөж, эгээ л намрын сүүл сар мэт гандаж шарлажээ. Хэнтийн төв Чингис хот хүртэл алаг цоогтой байгаа бол дорныг зорих тусам гандуу, бэлчиж буй мал юугаар хооллоод байгаад гайхах сэтгэл төрнө. Хэнтийн Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал, цаашлаад Баян-Овоо зэрэг сумдын нутаг бүхэлдээ болон хэсэгчлэн ганд автсан байтал гантай аймаг, сумдын жагсаалтад ороогүй нь гайхалтай. Сүхбаатар аймгийн Түмэнцогтоос эхлэн байгаль дэлхий өнгө засан ногоорсон харагдах ч түймэрт автсан газарт тийн өвс ногоо илүүтэй ургадгийг малч түмэн өгүүлж байна. Өөрөөр хэлбэл тэр халиураад байгаа ногоо гайхуулаад байхаар зүйл биш ажээ. Уг нь хур бороо элбэгсэн бол 2-3 удаагийн борооноор түймрийн хярвас хиншүү арилж, мал идэхэд гэмгүй болдог. Гэтэл энэ жил хур татуу байгаагаас өвсний хор арилахгүй, малд хоол болохоосоо хор болох нь халаг байна хэмээн нутгийн олон хэлж байлаа.
Ирэх сарын цаг агаарын тойм саяхан гарчээ. Тоймд дурдсанаар бол Монгол орны нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу бороо хур орох гэнэ. Гэвч зуны сүүл, намрын саруудад орсон бороо хөдөө аж ахуйн салбарт тус дэм болохоосоо тушаа болдог талтай.
Тал нутгийнхан найр наадам олонтой зусч байна. Аймаг, сумдын ой дараалан тохиож, бөхчүүд болоод уяачдын хувьд тун чиг завгүй өнжиж байна. Бие биеэсээ давах гэсэн мэт өндөр шагнал амласан сумдын наадмын сургаар улс, аймаг, сумын цолтнууд хурдан хүлэг сойн нутгаа зорьж байгаа ч эгэл жирийн малчид хаврын хайлган цагаас ялгаагүй зусч байна. Тэд цайгаа сүлэх сүүгээрээ ядруухан онд орсон хурга шигээ угжиж байна. Өнгөрсөн хавар мал жилбэгүй төллөснөөс болж, айл бүрт гувшаа хурга ишиг арав, хориор тогтохгүй байна. Тэднийгээ мал болгохсон гэсэндээ малчид маань өөрсдийн хоол цайгаа хасан зүтгэж эхэлжээ. Гантай зуныг зудтай өвөл залгадаг нь гачлантай. Тиймээс малчид одооноос өвлийг хэрхэн давах билээ хэмээн шаналж сууна. Зарим газраар наадмын дараахнаас бороо хур элбэгшиж, газрын өнгө зассан хэдий ч хадлан тэжээл хангалттай бэлдэхүйц хэмжээнд хүртэл өвс ногоо ургаж амжихгүй намартай залгах нь. Ирэх өвөл Монгол орны нийт нутгийн 60-70 хувьд зуд турхан нүүрлэж мэднэ хэмээн туршлагатай сайд Ш.Гунгаадоржийн сануулсантай малчид санал нэг байна. Ган, зудын сургаар өвсний үнэ ч өсч, нэг боодол өвс 15 мянган төгрөгт хүрчээ. Боодол өвс гэдэг хоёр үхэрт нэг удаа өл залгахаас хэтэрдэггүй гээд тооцвол иэрх өвөл малчид маань байдгаа барж мэдэхээр байгаа юм. Тиймээс аймаг сум алгасаад ч бол хадлан ахиухан бэлтгэхээс аргагүй ажээ.
Тэнгэрийн ханш, байгалийн өнгөөр ахуй амьдрал, ашиг орлого нь хэмжигддэг хүмүүс бол малчдаас гадна газар тариалангийнхан билээ. Тариаланчид тун ч хүндхэн цаг үетэй тулгараад байна. Улсын хэмжээнд 460 мянган тонн буудай хураахаар тооцсон ч тэр хэмжээнд хүртэл ургац хураах боложгүй нь нэгэнт тодорхой болжээ. Харин хэдий хэрийн хэмжээтэй ургац алдах вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд өнөө хэр тооцож гаргаж амжаагүй байна. Аргагүй ч биз. Зунжин хүлээлгэсэн бороо хур хэдий хэмжээгээр татарсныг мэргэжлийн байгууллага тогтоож чадахгүй байхад. Энэ зуны хувьд хур бороо урьд жилүүдээс 10-15 хувиар буурсан гэж Ус цаг уурын хүрээлэнгийнхэн мэдээлснийг тариаланчид эрс үгүйсгэж байна. Төв аймгийн Жаргалантад л гэхэд жилд 100-110 мм хур ордог бол энэ жил 9,6 мм хур буусан гэж тэд хэлж байна. Тийм байтал яаж тооцохоороо 10-15 хувиар буурсан гэж тооцоолсныг тэд хачирхан гайхаж байлаа. Байгаль цаг уурын эрхшээл дор ажилладаг малчид, тариаланчдын хувьд цаг агаарын урьдчилсан болон цаг үеийн мэдээлэл хамгаас чухал. Гэтэл цаг уурынхан үнэнээс хол зөрсөн, бодит байдлыг эерүүлсэн мэдээллээр нүд хуурч байгаа нь дарга нарт тал зассаных уу, хөдөөгийнхнийг басамжилсных уу гэдэгт хариу авахыг тэд хүсч байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан ургацынхаа хэчнээн хувийг алдаж мэдэхээр байгааг одоогоор таамаглах боломжгүй гэж үзжээ. Ирэх сарын 15 хүртэл энэ асуултын хариу гарах боломжтой гэнэ. Тариаланчдын хувьд 70-80 хувийн ургац алдах магадлалтайг хэлж байгаа. Тиймээс нөөц улаан буудайгаа зах зээлд гаргах, буудай экспортлох боломжийг судлах цаг болсон гэдгийг ч сануулж байна.
Ирэх сарын цаг агаарын тойм саяхан гарчээ. Тоймд дурдсанаар бол Монгол орны нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу бороо хур орох гэнэ. Гэвч зуны сүүл, намрын саруудад орсон бороо хөдөө аж ахуйн салбарт тус дэм болохоосоо тушаа болдог талтай. Оройтсон бороо, алдсан ургац, тарга тэвээрэггүй мал гээд гантай жилийн гачлан даанч их юм даа.
Д.ЦЭЭНЭ