Мэргэжлийн сүмогийн Нагоя башё долдугаар сарын 12-26-ны өдрүүдэд боллоо. Энэхүү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар түрүүлсэн юм. Тэрээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Какүрюү М.Анандтай барилдаж, сүмогийн 35 дахь түрүүгээ хүртлээ. Хэрвээ Какүрюү өчигдрийн барилдаанд давсан бол хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм. Мөн манай бөхчүүдээс шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа, 4 унаатайгаар башёг өндөрлүүлсэн бол Маэгашира-7 Тамаваши Б.Мөнх-Оргил, М-14 Кагамио Б.Нанжид нар тавин хувийн амжилтаа үзүүллээ. Харин сэкивакэ Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа авсан байна. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж чадсан, олон том дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлж буй гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Тэрээр Нагоя башё эрүүл мэндийн байдлын улмаас гурван даваа, 12 унаатайгаар өндөрлүүлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор зодог тайлж буйгаа зарлалаа.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлсэнийхээ дараагаар өгсөн ярилцлагадаа “Тэмцээний өмнө хэн нэгэн намайг харьж явна гэж ярьсан байсан. Би тийм биш гэдгээ харуулсандаа баяртай байна.” гэж хэлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сард Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болсон тэмцээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Тайхо аваргын амжилтыг эвдсэн юм. 1700 гаруй жилийн түүхтэй сүмогийн ертөнцийн хаан оргилд гарсан тэрээр өөрийн амжилтаа ахиулсаар байна. Гуравдугаар сарын Осака башёд түрүүлж 34 болгосон амжилтаа Нагоя башёд 35 болгон ахиуллаа.
МАКҮҮЧИ ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН АВАРГУУД:
Хакүхо М.Даваажаргал – 35 (2006 оноос)
Тайхо – 32 (1960-71)
Чиёонофүжи – 31 (1981-90)
Асашорюү Д.Дагвадорж – 25 (2002-2010)
Китаноүми 24 (1974-1984)
Таканохана 22 (1992-2001)
Важима 14 (1972-1980)
Фүтабаяма 12 (1936-1943)
Мүсашимарү 12 (1994-2002)
Акэбоно 11 (1994-2002)
Ч.БОЛОР