Монголын хөлбөмбөгийн холбооноос(МХБХ) 10 сая төгрөгийн шагналын сантай охид, эмэгтэйчүүдийн лигийг анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 21-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд “Хад”, “Түмэн хужирт”, “Эрчим”, “Арвис”, “Туулын том тулууд”, Хан-Уул дүүрэг болон Дархан, “Монголын Тэмүүлэл” гэсэн найман баг оролцож байна. Тодруулбал Дархан-Уул, Өвөрхангай аймгаас тус бүр нэг баг, Улаанбаатар хотоос зургаан баг оролцож байгаа бөгөөд тэмцээний сүүлийн тоглолт өнөөдөр болж, лигийн анхны аварга баг тодрох юм.
Ирээдүйн шилдэг тамирчид, шигшээ баг бүрдүүлэх чухал ач холбогдолтой энэхүү тэмцээний ивээн тэтгэгч, дэмжигчээр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран ажиллаж байна.
“ХАД” баг нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байгаа бол “МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ” удаалж байна
МХБХ-ны хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан ажлуудын нэг нь охид, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгийг нээх зорилготой ажиллаж буй. Мөн Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг Японы хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүгээр дамжуулан Монголын эмэгтэй шигшээ багийг Япон дасгалжуулагчаар удирдуулахаар болоод байгааг холбооны зүгээс мэдэгдсэн.
Анх удаагийн энэхүү тэмцээний дүрмэнд өөрчлөлт хийж, 45 миунтаар хоёр үе тоглодогийг 30 минутаар хоёр үе тоглохоор өөрчилсөн байна. Тоглолтууд тойргийн журмаар явагдаж, анхдугаар лигийн аварга баг тодорхно. Одоогоор зургаан тоглолтын дараагаар нэг ч хожигдолтойгүй 100 хувийн амжилттай яваа “Хад” баг 18 оноотой тэргүүлж байгаа бол “Монголын тэмүүлэл” 15, Хан-Уул дүүрэг 13 оноотой удаалж байна.
6 тоглолтын дараах дүн:
1.”Хад” – 18 оноо (6 хожил)
2.”Монголын тэмүүлэл” – 15 оноо (5 хожил, 1 хожигдол)
3.”Хан-Уул дүүрэг” – 13 оноо (4 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
4.”Арвис” – 9 оноо (3 хожил, 3 хожигдол)
5.”Эрчим” – 8 оноо (2 хожил, 2 тэнцээ, 2 хожигдол)
6.”Титэм хужирт” – 3 оноо (1 хожил, 5 хожигдол)
7.”Туулын том тулнууд” – 2 оноо (2 тэнцээ, 4 хожигдол)
8.Дархан-Уул аймаг – 1 оноо (1 тэнцээ, 5 хожигдол)
Мөн мэргэн буучдын жагсаалтыг Ө.Ундрах (Хан-Уул дүүрэг) 11 гоолтойгоор тэргүүлж байгаа бол Э.Сарангэрэл (“Монголын тэмүүлэл”) 8, Э.Мөнхтуяа (“Хад”) 8, А.Алтантуяа (“Арвис”) 5, Ө.Ганцэцэг, Б.Алтанцэцэг (хоёул “Хад”), Т.Ивээл (“Эрчим”) нар 4 гоолтой шилдэг 7-д бичигдэж байна.
Өнөөдөр болох сүүлийн тоглолтын хуваарь: (МХБХ-ны талбай)
Энэ өдөр хүснэгтийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй “Хад”, 5 хожил, 1 хожигдолтой удаалж буй “Монголын тэмүүлэл” багууд оноолт таарчээ. Энэ тоглолтод “Хад” тэнцэх юмуу хожвол анхдугаар лигийн аваргын цомыг хүртэх юм. Харин “Монголын Тэмүүлэл” хожиж байж, түрүүлэх боломжтой болно. Мөн гуравдугаар байрын төлөө ч ширүүн өрсөлдөөн өрнөнө.
VII.27 (Даваа)
11.00 "ТИТЭМ ХУЖИРТ" – ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД
12.15 "МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ" – "ХАД"
13.30 "ЭРЧИМ" – ДАРХАН-УУЛ АЙМАГ
14.45 “АРВИС” – ХАН-УУЛ ДҮҮРЭГ тус тус тоглож, анхдугаар лигийн тоглолт өндөрлөнө.
Тэмцээний хаалтын ажиллагаа 15.30 цагт болно.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ