Хогон дундах хонины наймаа

Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

Хогон дундах хонины наймаа

Баяр наадам орон нутагт өндөрлөх дөхөж байна. Харин эдгээр өдрүүдэд нийслэл хотоос орон нутаг болон амралтын газруудыг зорих иргэдийн хөл тасарсангүй. Зуны урин дулаан цаг ирсэн энэ үед хэн хүнгүй л байгалийн сайханд амраад авахыг хичээдэг. Харин манайханы амралт бол хонь төхөөрч, ямааны боодог идэхгүй л бол болдоггүй учиртай. Энэ удаа бид Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Ургах наран хорооллын урд байрлах Мал худалдаалах түр цэгийг зорьсон юм. Энд зүүн аймгуудаас ирсэн хонь, ямааг борлуулдаг байна. Хонь 70-200.000, ямаа 75-120.000 төгрөгийн ханштай аж.

Харин энд очиход нэг анхаарал татсан асуудал бол хог байсан. Арваад машин эгнээд зогссон, мөн хонины хот барьсан энд багахан нэг малчны хот цэлийх аятай. Зам зуурын иргэд бол сурсан зангаараа эндээс хонь, ямаа аваад явдаг байна. Харин тэнд цэвэр орчин ихэд үгүйлэгдэж байлаа. Учир нь иргэдэд хялбар болгож, худалдаж авсан хонийг дор нь 10.000 төгрөгөөр нядалж өгдөг аж. Гэхдээ эндээс гарч буй бохирыг хаана хийдэг нь сонин байлаа. Эргэн тойрон хогийн сав харагдсангүй. Хашаан дотор хог, хатсан малын ялгадас байна. Мөн шинэ төхөөрч буй хонины бохирыг шууд жалганд хаях аж.


Хонины гэдэс арилгаж буй эмэгтэй Н-с тодрууллаа.

– Би хогийн цэг хайгаад олсонгүй. Та нар хогоо хааш нь хаядаг вэ? Эсвэл хорооны хогний машин ирдэг үү?

-Уг нь байдаг. Өнөөдөр яагаад харагдахгүй байгаа юм. Хорооноос машин ирдэг байснаа больчихсон сураг байсан.  

-Та одоо энэ гарч буй бохироо хаашаа хаях вэ?

-Өө, энэ урд нүхэнд хийчихдэг юм. Дараа нь бид цэвэрлэчихдэг. За эгч нь их ажилтай байна. Дараа больё гэж олон зүйл ярихаас төвөгшөөлөө.

Харин энэ үеэр 11-р хорооны нэгэн ажилтан хонь авах үе таарлаа. Түүнээс хогний талаар тодруулахад, “Энэ орчим их бохир байна. Бид 11-р хорооны 50 жилийн ойн арга хэмжээг угтаж Хонхороос Ургахнаран хороолол хүртэлх замын хоёр талыг цэвэрлэсэн байгаа. Чи зүүн зүг явах үедээ хог бараг харахгүй. Харин энд байдал ямар байгааг харж байгаа биз. Маш их бохир байна. Энэ хүмүүс бохироо ойр хавийн жалганд хаячихдаг. Хорооны хогны машин энд ирдэггүй байх аа.” гэлээ.

Бид хоёрыг ярилцах зуур хонины гэдэс арилгаж байсан эмэгтэй хажуу талын жалганд бохир хаяж харагдсан. Мөн энд тэнд хатсан бохир их байна. Юутай ч дөрөвдүгээр сараас аравдугаар сарыг дуустал энд байрладаг “Мал худалдаалах түр цэг”-т хандахад орчноо цэвэрлээд иргэдэдээ үйлчилбэл яасан юм бэ гэдэг асуултыг үлдээлээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж