-1990 оны долдугаар сарын 29-нд сонгогчдын 40 гаруй хувь нь шинэ тулгар бий болсон ардчилсан хүчний намуудын төлөө, харин 70 жил эрх барьсан МАХН-ын төлөө 60 орчим хувь нь саналаа өгсөн-
Энэ долоо хоногийн Лхагва гариг буюу долдугаар сарын 29-нд Монгол улсад анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ үйл явдалд ач холбогдол өгөн, өргөн тэмдэглэх учир шалтгаан бий. 25 жилийн өмнөх Монгол орны нөхцөл байдлыг эргэн дурсъя.
Монголчууд 70 жил замнаж ирсэн социалист нийгмийн баримжаа, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ хэмээн сонголтоо хийчээд байсан үе. Зөвлөлтийн “ах нарын” өгсөн зааварчилгааны дагуу Монгол орныг долоон арваны турш удирдаж ирсэн МАХН-ын төв аппарат болох Намын төв хороо ардчилсан хүчний шаардлагаар огцорчихсон, улс орноо цаашид дэлхий нийтэд нээлттэй ардчилсан арга барилаар удирдах тогтолцоог монголчууд бид өөрсдөө бүх нийтийн зөвшилцлийн хэлбэрээр бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. 1990 он бол монголчуудын хувьд хувь заяаны эргэлт хийсэн жил байсан. Өдөр бүр амьдрал хувьсан өөрчлөгдөж, хуучны юм ул болж, шинэ юм зул болно гэдгийг тухайн үеийн монголчууд жинхэнэ мэдэрсэн гэж бодогддог. Олон арван жилийн дараа монголчууд амьдралын замаа, хөгжлийн чиг баримжаагаа өөрсдөө сонгох том хувь тохиосныг ойлгож байсан. Өмнө байсан шиг нэг намын удирдлагын шийдвэрээр төр түших нэртэй “цэвэр” хүмүүсийг биш харин эх орноо дэлхийн дансанд бүртгэлтэй улс болгох гэсэн зүрх сэтгэлтэй шинэ монголчуудыг төр түшүүлэхээр сонгох цаг ирсэн. Монголчуудын сонголтыг баталгаажуулах, улс орноо шинэ замаар авч явахын тулд бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль явуулах нь хамгийн зөв зам байсан. Тийм ч учраас 1990 оны долдугаар сарын 29-ний өдрийн сонгуулийг анхны ардчилсан хэмээн тодорхойлох нь зөв.
Тухайн үед нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 98 хувь нь энэ сонгуульд оролцож, саналын хуудсанд бичигдсэн 2413 нэр дэвшигчээс гадна улс төрийн намын төлөө саналаа өгчээ.
Энэ сонгуульд оролцох эрхийг хуучин эрх баригч МАХН-аас гадна шинэ тулгар бий болсон ардчилсан хүчний намууд, мөн улс орноо удирдаж авч явж чадна гэсэн хувь хүмүүст хүртэл сонгогдон гарч ирэх боломж олгосон. 1990 оноос өмнө монголчууд сонгууль хийж, санал өгч байсан. Гэвч саналын хуудсанд нэр бичигдсэн хүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрөх л үүрэгтэйгээр сонгуульд оролцдог байсан. Харин 1990 оны сонгуулийн саналын хуудсанд олон намын төлөөлөл, мөн өнөөгийн бие даагч гэж хэлж болох хувь хүмүүсийн нэр бичигдэж, сонгогчид өөрсдийн итгэл үнэмшлээр зөв гэж үзсэн хүнээ сонгох боломжийг олгосон билээ.
Анхны ардчилсан сонгууль нь пропорциональ болон мажоритар системийг хослуулан хийснээрээ онцлог. Тухайн үед нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 98 хувь нь энэ сонгуульд оролцож, саналын хуудсанд бичигдсэн 2413 нэр дэвшигчээс гадна улс төрийн намын төлөө саналаа өгчээ. Шинэ тулгар бий болсон ардчилсан хүчний намуудын төлөө нийт сонгогчдын 40 гаруй хувь нь саналаа өгч, харин 70 жил эрх барьсан МАХН-ын төлөө 60 орчим хувь нь саналаа өгсөн нь тухайн үеийн нийгмийн хүсэл эрмэлзэл хаашаа чиглэж байсныг илтгэж байлаа.
Мөн энэ сонгууль хоёр шаттай болсноороо онцлог. 1990 оны долдугаар сарын 22-ны ням гаригт гурав ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшсэн тойргуудад санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр хүний нэрийг сонгуулийн саналын хуудсанд үлдээсэн. Хоёр дахь шатны санал хураалт буюу жинхэнэ сонгуулийг долдугаар сарын 29-ний ням гаригт явуулжээ. Энэ сонгуулиар төрийн дээд байгууллага болох Ардын Их Хуралд сонгогдсон депутатын 87 хувь нь шинээр сонгогдсон хүмүүс байсан гэж бодохоор энэ сонгуулиар Монголын улс төр цусаа сэлбэж чадсан байгаа юм. Сонгуулийн санал хураалтын дүн, харьцаан дээр тулгуурлаж анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулсан түүхтэй.
Д.НАРАНТУЯА