-Ази тивд анх удаа болж нисэх загварын ДАШТ-ийг дэлхийн хэвлэл мэдээлэл онцлоод эхэлжээ-
Хөх тэнгэрт шувуу шиг жижиг онгоцнууд хөөрнө. Бас эндээс сүр хүчтэй дуу чимээг сонсож болно. Хар, шар, улаан гээд өнгө өнгийн онгоц агаарт саатаж, аажмаар газардана. Ийнхүү өчигдөр Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газрыг зорилоо.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нисэх загварын спортын тамирчид Монголд цугларчээ. Тэр дундаа Ази тивд анх удаа болж буй нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ-д Япон, Өмнөд болон Хойд Солонгос, БНХАУ, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 36 орны 300 гаруй тамирчид оролцон, ур чадвараараа өрсөлдөж байна. Мөн тэмцээнийг 100 гаруй шүүгч шүүж буй зохион байгуулагчид дуулгалаа. Монголд анх удаа болж буй энэхүү тэмцээнийг дэлхийн хэвлэл мэдээлэл онцлоод эхэлжээ.
Тэмцээний эхний тав, зургаа дахь өдрүүдэд “Монголын цом”, “Түвшингийн дурсгалын цом” тэмцээн зохиогдсон байна. Одоо нисэх загварын ДАШТ үргэлжилж байна.
Нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ-ий албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш(VII.27) 18.00 цагаас тэмцээн болж буй Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газарт болох юм. ДАШТ-ий эцсийн дүн наймдугаар сарын 2-ны өдөр гарах бөгөөд явцын болон тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мягмар гаригийн дугаарт хүргэх болно.
НИСЭХ ЗАГВАРЫН ДАШТ АЗИД АНХ УДАА БОЛЖ БУЙГААРАА ОНЦЛОГ
Монгол улсад нисэх загварын спорт хөгжөөд 50 жил болж байгаа бөгөөд Монголын Нисэх Загварын Спортын МАСА Нийгэмлэг байгуулагдаад 17 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус нийгэмлэгийн үйл ажиллагаа, хичээл зүтгэлийг үнэлж Дэлхийн Агаарын Спортын холбооноос “2015 оны Чөлөөт нислэгийн загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах эрхийг олгож, Монгол Улсын Засгийн Газраас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай №376 тоот тушаал гарсан билээ. Тэмцээн зохион байгуулах үндэсний хороо долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хот Налайх дүүрэг Дархан Ноёны худаг буюу Зэвсэгт хүчний 337-р ангийн дэргэд Чөлөөт нислэгийн загварын дөрвөн хэсэгт тэмцээнийг зохион байгуулж байна.
Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Монгол улсад зохион байгуулагдаж буй олон улсын спортын тэмцээн наадам дунд орсон анхны Дэлхийн аваргын тодорхойлолттой тэмцээнүүдийн нэг юм. Мөн тус тэмцээн нь Азид анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, хамт зохион байгуулагдах Дэлхийн цомын тэмцээнүүдэд 37 орны 320 орчим тамирчин хүрэлцэн ирсэн. Монгол улсаа төлөөлж нийт 80 гаруй тамирчин буюу нийт 400 гаруй тамирчин, 100 орчим шүүгч оролцож байгаа нь Дэлхийн хэмжээний зохион байгуулалт шаардсан тэмцээн гэдгийг харуулж байна.
Дэлхийд эх орноо сурталчлах, өргөн уудам тал нутгаараа бахархах, тамирчдаа алдаршуулах сайхан боломж гэж харахаас гадна хөгжлийн ирээдүй болсон инженерийн ажилд сонирхон дагах хүүхэд багачуудын тоо нэмэгдэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Одоогоор энэхүү тэмцээний үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас ЗХЖШ, Налайх дүүргийн ЗДТГ, ОБЕГ, хувийн хэвшлээс Скайтел, Скайнетворкс, БОСА катеринг, Грийн химистри зэрэг компани аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлэн оролцож байна.
Эдгээр байгууллагуудтай зэрэгцэн манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллах ААН-үүдийг урьж байгааг зохион байгуулагчид дуулгалаа.
СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОГДДОГ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАДАД ЧӨЛӨӨТ НИСЛЭГИЙН ТӨРӨЛ ОРЖЭЭ
БНМАУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Улаанбаатар хотод Зөвлөлтийн мэргэжилтэн Олег Петрович Ольшевский зөвлөх багш, Хорлоогийн Дашдорж багштай анхны нисэх загварын дугуйлан Пионер сурагчдын ордонд байгуулагдсанаар монголын нисэх загварын спортын түүх бичигдэж эхэлсэн. Нисэх загварын спорт нь дотроо олон төрөлтэй боловч Монгол улсад чөлөөт нислэг, жолоодлогот уран нислэг, радио удирлагат уран нислэг, нисдэг тэрэг, пуужин загвар, дуураймал загвар гэсэн төрлүүд түлхүү хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд чөлөөт нислэг, жолоодлогот уран нислэг, радио удирлагат уран нислэг гэсэн 7 төрлөөр тогтмол хот, улсын аваргын тэмцээнүүдийг зохион байгуулжээ.
Дунд сургуулийн сурагчдын дунд зохиогддог техник технологийн олимпиадад чөлөөт нислэг, жолоодлогот уран нислэгийн загварын төрлүүд орж, сурагчид энэ төрлүүдээр хичээллэх болсон нь нисэх загварын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Чөлөөт нислэгийн загвар нь дотроо планерийн загвар, резинэн хөдөлгүүрт загвар, хугацаат нислэгийн загвар гэсэн үндсэн 3 төрөлтэй байдаг.
Планерийн загвар гэдэг нь 50 м урттай леер буюу аргамжаагаар онгоцыг өндөрт чирэн гаргаж, агаарт хэдэн секунд чөлөөт нислэг хийж байгаагаар нь оноо өгч дүгнэдэг. Резинэн хөдөлгүүрт загвар нь эрчилсэн резинэн моторын тусламжтайгаар, Хугацаат нислэгийн загвар гэдэг нь дотоод шаталтын хөдөлгүүрийн тусламжтайгаар өндөрт гаргаж, агаарт хэдэн секунд чөлөөт нислэг хийж байгаагаар нь оноо өгч дүгнэдэг аж.
1971 оноос манай тамирчид анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн байна. Спортын хөгжилд гадны тамирчидтай туршлага солилцох гэдэг нь их чухал байдаг болохоор гадаад улсад зохиогдож байгаа тэмцээнүүдэд очиж оролцохоос гадна өөрийн эх орондоо зохиох боломжтой чөлөөт нислэгийн загварын төрлөөр олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар хэсэг нөхөд ярилцаж 2005 онд анхны “Монголын цом” хэмээх олон улсын тэмцээнээ зохион байгуулжээ. Тус тэмцээнд Япон улсаас резинэн хөдөлгүүрт загварын төрлөөр нэг тамирчин ирж оролцож байсан байна. 2009 онд болсон Дэлхийн Агаарын Спортын холбооны дэргэдэх Нисэх загварын дэд хорооны хуралдаанаар Монгол Улс гишүүнээр элсэн орж, дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах эрхийг авсанаар “Монголын цом” тэмцээн Дэлхийн цомын ангилалын тэмцээн болж өргөжин, Монгол, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Швед зэрэг орноос ирсэн 100 гаруй тамирчин жил бүр хурд хүчээ сорьдог болжээ.
2009 онд болсон Дэлхийн Агаарын спортын холбооны ерөнхий хуралдаанаар Монгол Улс жинхэнэ гишүүн болж, Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах эрхийг авсанаар “Монголын цом” тэмцээн Дэлхийн цомын ангилалын тэмцээн болж өргөжин, Монгол, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Швед зэрэг орноос ирсэн 100 гаруй тамирчин жил бүр хурд хүчээ сорьдог болжээ.
“Монголын цом” дэлхийн цомын ангилалын тэмцээнд Ази тивийн орнууд илүүтэй оролцддог. Учир нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гэж зохиогддоггүй бөгөөд манай улс Чөлөөт нислэгийн загварын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулья гэсэн хүсэлтээ Дэлхийн Агаарын спортын холбоонд гаргаж, зөвшөөрснөөр 2012 онд анх удаа Чөлөөт нислэгийн загварын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Улмаар Чөлөөт нислэгийн загварын 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх аван ажиллаж байна.
1910 онд анх нисэх загварын спортын тэмцээн зохион байгуулагдсанаас хойш Европын орнуудад хоёр жил тутамд болдог уламжлал тогтжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орныг хоёр жилийн өмнө сонгодог аж. Энэ жил 50 жилийн ойтойгоо золгож буй Монголын нисэх загварын спорт 100-аад жилийн түүхтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна.
Дэлхийн агаарын спортын холбооноос манай тамирчдын ур чадвар өсөн нэмэгдэж, Монгол дахь салбар нийгэмлэгийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнг үнэлсэн хэрэг болсон гэж Монголын нисэх загварын спортын ерөнхийлөгч Б.Амарсайхан онцоллоо.
Дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид 2007 оноос эхлэн оролцож эхэлжээ. 2009 онд Хорват улсад болсон ДАШТ-д багаараа орж, амжилтаараа 42 орноос 16 дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг хувийн амжилтаараа IV байрт шалгарч байжээ. Мөн 2013 оны Францад болсон ДАШТ-ий резинэн хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа дөрөвдүгээр байрт орсон байна.
Нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ-ий албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш(VII.27) 18.00 цагаас тэмцээн болж буй Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газарт болох юм. ДАШТ-ий эцсийн дүн наймдугаар сарын 2-ны өдөр гарах бөгөөд явцын болон тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мягмар гаригийн дугаарт хүргэх болно.
Ч.БОЛОРЧУЛУУН