Бүх аймаг руу унтлагын автобус явдаг болно

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Бүх аймаг руу унтлагын автобус явдаг болно

Хот хоорондын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд цахим машин, картаар үйлчилдэг болж байна. Үүнтэй холбоотойгоор хот хоорондын автобусыг ингэж цахимжуулах боломж бий юу?

-Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд хатуу хучилттай замаар холбогдсон их багтаамжийн автобусанд цахим системийг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна.

-Автотээврийн үндэсний төвөөс өнгөрсөн жилээс эхлэн хот хоорондын автобусны үйлчилгээнд багагүй шинэчлэл хийлээ. Үүний нэг нь онлайн тасалбар захиалга юм. Хот хоорондын автобусны тасалбарыг интернэтээр захиалдаг болсон. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс хот хоорондын автобусны тасалбарыг интернэтийн орчинд хаанаас ч захиалах боломжтой болсон. Иргэд заавал драгонд очиж тасалбар бичүүлдэг байсан. Үүнийг хялбарчилж Автотээврийн үндэсний төвийн сайт руу орж тасалбараа захиалах боломжоор хангасан. Сүүлийн үед иргэд энэ талын мэдээлэлтэй болсон байна. Өдөрт 100 гаруй хүн интернэтээр тасалбараа бичүүлдэг болсон. Ер нь иргэдийн хувьд ч ам сайтай байгаа.

-Хот хоорондын нийтийн тээврийн бас нэгэн шинэчлэл нь унтлагын автобустай болсон явдал. Хөвсгөл аймгаас өөр чиглэлд унтлагын автобусыг явуулах боломж бий юу?

-Эхний ээлжинд унтлагын автобусыг Хөвсгөл Улаанбаатар, Улаанбаатар Хөвсгөл чиглэлд нэвтрүүлсэн. Цаашид наймдугаар сард багтаад Улаанбаатар-Говьсүмбэр-Сайншанд-Эрээн, Эрээн-Улаанбаатар чиглэлд унтлагын автобусыг явуулахаар ажиллаж байна. Цаашид хот хоорондын бүх чиглэлд ийм үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Хөвсгөл аймаг руу унтлагын автобусыг туршилтын хоёр сарын хугацаанд явуулсан. Энэ хугацаанд иргэдээс ямар нэг гомдол ирээгүй. Харин ч энэ үйлчилгээг Өвөрхангай, Баянхонгор, Говь Алтай аймгууд руу нэвтрүүлэх хүсэлт ирсэн. Үүний дагуу тээвэрлэгч аж ахуйн нэгж компани руу хүсэлт явуулсан.

-Тэгэхээр цаашид бүх аймаг руу унтлагын автобус явах боломж бий гэсэн үг үү?

-Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил багтсан. Энэ дагуу хатуу хучилттай замаар холбогдсон бүх аймгууд руу унтлагын автобусыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Үүнээс гадна ямар ч хяналтгүй байсан хот хоорондын автобусыг GPS-тэй болгон хянадаг болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Хот хоорондын тээвэртэй холбоотой осол, аваар буурсан уу?

-Хот хоорондын нийтийн тээврийн осол аваарыг бууруулж, автобуснуудыг ухаалаг системд холбох ажил хийгдсэн. Энэ хүрээнд хот хоорондын нийтийн тээврийн 830 автобусанд GPS суулгасан. Үүнтэй уялдуулан сүүлийн нэг жилд хот хоорондын нийтийн тээвэрт осол аваар гарах нь буурсан. Цаашид бидний зүгээс хот хоорондын нийтийн тээврийн осол аваарыг бууруулах, осолгүй жил болгох зорилготой ажиллаж байна.

-Хот хоорондын автобусны хувьд 70 км/ц-аас дээш хурдтай явж болохгүй. Энэ зарчим хэр мөрдөгдөж байна. Ямар арга хэмжээ авсан бэ?

-Авто тээврийн үндэсний төвөөс 2014 онд удаа дараа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 17 жолоочийг 6 сараас хоёр жилийн хугацаатай замын хөдөлгөөнд оролцох эрхийг хассан. Мөн удаа дараа хурд хэтрүүлсэн 100 гаруй жолоочийн хот хоорондын үйлчилгээнд явах эрхийг нь 1-6 сараар хассан. Түр хугацаанд түдгэлзүүлсэн гэсэн үг. Үүнээс хойш хурд хэтрүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдол одоогоор хот хоорондын нийтийн тээвэрт гараагүй байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж