Америкаас алтаа зөөж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Америкаас алтаа зөөж байна

Нью-Йорк хот дахь Холбооны нөөцийн банкны агуулахад буй шар металлын хэмжээ XXI зуунд анх удаагаа 6000 тонноос доош буужээ. Эрх чөлөөний гудамжны газар доорхи агуулахад өдгөө 5989 тонн 500 кг алт хадгалагдаж байгаа гэнэ. Үүнээс харахад, Америкт буй алтны гадагш урсгал 10 дахь сардаа идэвхижиж байна.

Холбооны нөөцийн банк (ХНБ)  өөрөө алт эзэмшдэггүй, зөвхөн үнэгүй хадгалдаг газар бөгөөд харин алтыг шилжүүлэн байрлуулсныхаа төлөө хөлс авдаг байна. Тэнд хадгалагдаж байгаа алтны 98 хувь нь бусад орнуудын төв банкных байх ба үлдсэн хоёр хувь нь АНУ болон Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагынх ажээ. 

Тийм учраас, сангийн алтны хэмжээ  буурч байгаа нь бусад орнууд өөрсдийн металлаа татаж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд Герман, Голланд зэрэг улсууд 207 тонн алтны нөөцөө АНУ-аас эргүүлэн татах болсон нь нийтэд тодорхой байв. Гэтэл энд тоо зөрсөн хэрэг гарсан билээ. ХНБ өөрийн тайландаа, 2014 оны эцсийн дүнгээр хадгалаж байгаа алтны хэмжээгээ 177 тонноор буурсан гэжээ. Үлдсэн 30 тонн хаачсан нь тодорхойгүй. Ноцтой хэмжээ учраас, 30 тонн алт хаачив гээд л шинжээчид элдэв таамаг гаргаж ирэв. Цуу яриагаар  агуулах нь Нью-Йоркийн ХНБ-ны агуулахтай холбоотой гэгдэх JP Morgan банк үүнийг хийсэн байх гэж үзэв. Гэтэл, JP Morgan банк зөвхөн 23 тонн металлтай аж.

Нью-Йоркийн ХНБ

Эцэст нь учир байдал тодорхой болов. Сүүлд байгаа мэдээгээр, Нью-Йоркийн агуулахаас нэгдүгээр сард 20 тн, хоёрдугаар сард 10 тн алтыг авсан байв. Нөгөө дутаад байсан 30 тонн Голланд, Германдаа эргэн ирж, тооны зөрөөг арилгалаа. ХНБ-ны дараагийн илтгэл сонирхол татаж байгаа.

Хэрэв өнгөрсөн гуравдугаар сард, АНУ-аас алт гадагш зөөгдсөн гэж байгаа бол түүнийг хэн авав гэдэг сонин. Герман эсвэл ямар нэгэн орон эргүүлэн авсан юм болов уу. Манхэттен арлын 24 метрийн гүнд байгаа найдвартай агуулахад хэн нэгэн баялагаа хадгуулах хүсэлгүй болсон байж таарлаа.

АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа алтны нөөц

АНУ-ын Сангийн яам нийтдээ 8134 тонн алттай. Түүнийг нь алтан сертификацийн солилцоогоор ХНБ-ны сан хөмрөгт 1934 онд өгчээ.  Одоо тэр сертификацийн нэг нь 1973 онд тогтоогдсон $42,22 доллараар үнэлэгдсэн хэвээр байна. Тэр цагаас хойш ХНБ-ны дансны алтны үнэлгээр шинэчлэгдээгүй ажээ. Зах зээлийн бодит бодит үнэлгээнд алтаа оруулахгүй байгаа нь  алтны жинхэнэ үнэлгээг  үгүйсгэсэн мөн долларын давамгайллыг хадгалах гэж түүний сул талыг нуусан хэрэг хэмээх сэжиг байгаа. Сонирхолтой нь ХНБ нь өөрийн алтнаас гадна бусад орнуудын хадгалж буй алтыг мөн л $42,22 доллараар үнэлдэг. Тайлан тооцоо хийхэд амар гээд тэгсэн байж болох юм. Гэхдээ энэ үнэлгээ нь долларын ноёрхолын  онолд нь харшилдаггүй.

Одоо тус улсын Сангийн яамны алтны 95 хувийг хадгалж байна. Тэр нь АНУ-ын гурван өөр нутагт байрлах 42 агуулахад хадгалагддаг. Форт-Нокс-т 4583 тонн, Денвер-т1364 тонн, Вест-Пойнт-д 1682 тонн алт байгаа. Мөн АНУ-ын Монетын ордонд зоос болон үйлдвэрлэлийн нөөцийн 70 тонн нөөц байгаа.

Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкинд Сангийн яамны алтны таван хувь хадгалагдах бөгөөд агуулах нь 122 тасалгаатай ба багтаамжийн дээд хэмжээ нь 12 мянган тонн болдог.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж