Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд хамгийн эрчимтэй хөгжиж байгаа спорт гэвэл туялзуур сэлэмний төрлийг нэрлэнэ. Монголын туялзуур сэлэмний холбоо, тус спортыг сонирхон хичээллэж байгаа тамирчид ч тэр өдөр тутмын үйл ажиллагаа, тэмцээнээс тэмцээнд сайжирч буй байдлаараа спорт сонирхогчдод ихээхэн итгэл найдвар төрүүлдэг.
Монголын туялзуур сэлэмний холбооноос нэгэн шинэ мэдээлэл дуулгалаа. Энэ нь ирэх есдүгээр сарын 7-12-нд Улаанбаатар хотноо залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах тухай юм.
Тус холбооныхон саяхан туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн. Энэ үеэрээ Улаанбаатар хотноо болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 35 улсын туялзуур сэлэмний холбооны удирдлага, бусад албаны хүмүүст Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Ц.Даваацэрэн болон Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Сельсо Дайрит нарын урилгыг уламжилсан байна.
Тэмцээний өмнө буюу есдүгээр сарын 6, 7-нд Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассемблей хуралдана.
Мөн Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр Олон улсын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Алишер Усмановтой Азийн туялзуур сэлэмний холбооны удирдлагын хамт уулзалт хийж, намрын тэмцээн, хурлын бэлтгэл ажлыг хангах талаар ярилцаж, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгчийн урилгыг гардуулжээ.
Тэмцээний өмнө буюу есдүгээр сарын 6, 7-нд Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассемблей хуралдана. Ассемблейд Азийн 35 орны 70 орчим төлөөлөгч, түүнээс гадна Олон улсын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга, Францын иргэн Фредерик Пиетрушка, Олон улсын туялзуур сэлэмний холбооны спортын албаны дарга, хатагтай Ао Жи, Алишер Усмановын зөвлөх Виталий Логвин нарын албаны томчууд ирнэ.
“Буянт-Ухаа” спортын ордонд ирэх есдүгээр сарын 7-12-нд болох туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ази, Номхон далайн бүс нутгийн 35 орны 250 гаруй сэлэмчин оролцох урьчилсан мэдүүлэг бий. Түүнчлэн 16 улсын 19 шүүгч, бусад инженер техникийн ажилтнууд ирж ажиллах ажээ.
Тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчдыг ОХУ-ын дасгалжуулагч Александр Ровнягин, Александр Лев нар дасгалжуулан бэлтгэж байна.
Б.ЭНХ