Исламчуудыг АНУ дэмжлээ гэж Бухари шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Исламчуудыг АНУ дэмжлээ гэж Бухари шүүмжлэв

Мухаммаду Бухари,  Барак Обама

Фото: Kevin Lamarque / Reuters

 

“Боко Харам” гэх террорист бүлэглэлийг далдуур дэмжиж байна гэж Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду Бухари АНУ-ыг шүүмжлэв. Хүний эрхийг зөрчлөө гээд Вашингтон Абужад цэргийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгаа нь хэт даврагч исламчуудад тус дэм болж байгаа хэрэг юм хэмээн Бухари үзэж байна. Энэ тухай BBC News мэдээлжээ.

 

Нигери улс шаардлагатай хэмжээний зэр зэвсэг, технологигүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрөөд “хүний эрхийг зөрчлөө гэж нэрлэгдэх” хориг байхгүй бол АНУ нь бидэнд зэр зэвсэг, технологиор туслах боломжтой хэмээн Бухари хэлжээ.

 

Долдугаар сарын 20-нд улс орондоо нэмэлт тусламж гуйхаар Вашингтон хотноо Бухари Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна. Үүнээс өмнө “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэж байгаа Африкийн орнуудын эвсэлд таван сая ам.долларын тусламж өгөхөө АНУ амлажээ.

 

“Боко Харам” бүлгийн террористууд 2009 оноос хойш 10 мянга орчим хүнийг хөнөөгөөд байгаа. Энэ жилийн зургадугаар сард хүний эрхийн Amnesty олон улсын байгууллага мэдэгдэхдээ, Нигерийн цэргийнхэнд баривчлагдсан 8000 орчим жихадистууд гэх хүмүүс хөнөөгдсөн гэжээ. Нигерийн эрх баригчид тэр мэдээллийг үгүйсгээд байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж