-1100 гаруй автобусанд цахим машин, түүний хажууд бэлэн мөнгөний хайрцгийг байрлуулжээ-
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр өнөөдөр 10.00 цагаас эхлэн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ өөрт ойр байрлах автобусны буудал дээрх ТҮЦ-ээс цахим картаа 3600 төгрөгөөр худалдаж авна. Харин хөнгөлөлттэй зорчдог өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хорооныхоо халамжийн ажилтанд картаа захиалан авч нийтийн тээврээр үйлчлүүлнэ.
Өнөөдөр Чингисийн талбай дээр нийтийн тээврийн цахим системийн нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун, Кореа Смарт Карт корпорацийн ерөнхий захирал Чүэ Тэ Сон, Тэнүүн Огоо ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Албаныхны зүгээс Монголд анх гар утас нэвтэрч эхэлсэн үетэй энэ удаагийн цахим системийг адилтган тайлбарлаж байна. Эхний ээлжинд нийтийн тээврийн цахимжуулалтыг уян хатан бодлогоор явуулахаар болжээ. Иргэд картаа худалдаж авч амжаагүй тохиолдолд бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болно. Эхний ээлжинд мөнгөө төлөхгүй зорчих, картыг хуурамчаар хийх, хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картаар үйлчлүүлэхээс эхлээд асуудал их гарна гэдгийг албаныхан ч тайлбарласан. Гол нь эдгээр үйл явцад кондукторууд хяналт тавина. Ингээд иргэд автобусанд цахим картаар үйлчлүүлж сурах, жигдрэхэд 1.5 жил шаардлагатай хэмээн тооцоолжээ.
Цахим системийн талаар иргэд ийм бодолтой байна…
Эхний ээлжинд кондукторууд үйл явцад хяналт тавина. Гэхдээ цаашид кондукторгүйгээр нийтийн тээврийн үйл явц үргэлжлэхээр тооцоолж буй. Ингэснээр жолооч нарт үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
Нийтийн тээврийн жолооч ингэж ярилаа…
Карт дотроо хэд хэдэн төрөлтэй. Тодруулбал:
Энгийн,
Хүүхдийн,
Хөнгөлөлттэй зорчих,
Оюутны гэх төрлүүд багтана.
Энгийн картыг иргэд өөрт байрлах ТҮЦ-ээс авна. Харин нөхөн олговроор зорчдог, өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд харьяа хорооныхоо халамжийн ажилтнаас картаа авна. Энэ нь хаяж үрэгдүүлсэн тохиолдолд эргээд хандах газартай байхаар зохицуулжээ.
“Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор ингэж ярилаа…
Өнөөдрийн хувьд 1100 гаруй автобусанд цахим машин, түүний хажууд бэлэн мөнгөний хайрцгийг байрлуулжээ. Иргэд цахим картаар үйлчлүүлэхдээ хэд хэдэн зүйлийг санах учиртай.
-Цахим картаа автобусны буудал дээрх ТҮЦ-ээс 3600 төгрөгөөр авна.
-Картаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ.
– Автобусны урд хаалгаар орно.
-Урд хаалганы багананд байрлуулсан цахим машинд картаа уншуулна.
-Картгүй тохиолдолд бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийнэ.
-Бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ тааруулж өгнө. Хариулт өгөх боломжгүй юм.
Бичлэг дээрээс автобусаар цахим картаар хэрхэн үйлчлүүлэхийг харна уу…
Нийтийн тээврийн цахим системийн ажилд 13 орчим сая ам.долларыг зарцуулжээ. Энэ хүрээнд төлбөрийн машин, мэдээллийн GPS, камер, LED дэлгэц зэрэг найман төрлийн төхөөрөмжөөр нийтийн тээврийн автобусыг тоногложээ. Ингээд эхний ээлжинд иргэдийг цахим системээр үйлчлүүлж сургахаар их ажил өнөөдрөөс эхэлж байна. Иргэд дор бүрнээ өөрсдийн үүргээ ухамсарлан, зориулалтын дагуу үйлчлүүлбэл 1.5 жилээс ч өмнө Монгол Улс олон улстай мөр зэрэгцэн, цахим системийг нийтийн тээвэрт албан ёсоор нэвтрүүлсэн орон болох юм.
БЭЛТГЭСЭН Б.ЗОЛЗАЯА Э.ЭНХБАТ