Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Монголын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн, ирэх наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хүй долоон худагт тэмдэглэх шийдвэр гаргаад байгаа билээ.
Эл наадмын үеэр 256 бөх барилдуулах бөгөөд бөхчүүдийг цол харгалзалгүйгээр буюу сугалаагаар барилдуулах аж. Ингээд Даншиг наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож, дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр бөхчүүд ам авч барилдуулахаар болжээ. Ингэж даншиг наадмын барилдаанаар бөхчүүдэд цол олгож буй нь тасалдсан түүхэн уламжлалаа сэргээх зорилготойг нийслэлийн удирдлагууд болон шашны байгууллагынхан тайлбарлаж буй.
Гэтэл монголчууд зөвхөн Үндэсний их баяр наадмаар бөхийн цол олгох хуультай тул Даншигийн цол олгох энэ үйл явдлыг иргэд янз бүрээр хүлээн авч байна. Иймд талуудын байр суурь, тайлбарыг нэгтгэн хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Э.БАТ-ҮҮЛ:
-“Даншиг наадмын цол олгох өөрийн уламжлал байдаг. Түүх харвал, Долоон хошуу даншгийн арслан, заан гэхчлэн бөхийн цол олгож байсан. Энэ уламжлалыг л бид сэргээж байгаа юм. Тэгэхээр дараа дараагийн Даншгийн наадамд барилдах бөхчүүд энэ наадамд үзүүлсэн амжилтынхаа дагуу цол авч, түүнийхээ дагуу ам авч барилдана. Даншигт даншгийн цолоор нь эрэмбэлнэ л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, бид Даншиг наадмыг өөрийнх нь ёс уламжлалын дагуу л явуулах ёстой. Хүмүүс Даншигийн цолыг улсын цолтой хольж хутгаж, буруугаар хүлээж авахгүй байхыг хүсье. Мэдээж төрийн наадмын цол бол тусдаа ойлголт, Даншиг наадамд улсын наадмын цол хамаагүй”.
МҮБХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН Д.ДАНЗАН:
-"Даншиг наадамд цол олгох тухай асуудлаар манайд хандаж, зөвлөсөн зүйл байхгүй. Мэдээж улсын цол олгохгүй байх. Нийслэлийн удирдлагууд хуулиа мэдэж байгаа. Даншиг наадам гэхээр мандал өргөх гэсэн утга илэрхийлнэ. Тэгэхээр энэ хэлбэрийг нь хадгалах болов уу гэж харж байгаа. Чухам улсын цол, аймгийн цолтой яаж харьцах зэргийг нь мэдэхгүй юм. Үнэнийг хэлэхэд, энэ бол таагүй л санагдаж байгаа. Энэ жил сугалаагаар барилдуулж, амжилтад нь цол өгөөд, дараа жил тэр цолоороо цоллож барилдуулах юм байна гэж хэвлэлээс уншлаа. Хэн ч ямар ч цол авч болох нь байна. Аймгийн цолтой бөх ч түрүүлж болно. Тэгвэл Даншигийн дээд цолыг авах нь ээ дээ. Гэтэл дараа дараагийн Даншиг наадамд улсын аварга, арслан цолтой бөхчүүд уг журмаараа аймгийн цолтой бөхчүүдэд амлуулж барилдах болов уу гэдэг асуудал бас үүсч гарах байх.
Уг нь бол энэ наадмын гол зорилго нь их аятайхан санаанаас үүдэлтэй байсан юм байна гэж харагдахаар. Яг энэ цаг үед жуулчид Монголд ихээр ирдэг. Тэдэнд монгол наадмыг бүрэн хэлбэр, утгаар нь харуулах гэсэн хэрэг байх. Шашины байгууллагууд зохион байгуулалтад оролцох юм байна. Нэгэнт төрийн байгууллага шийдсэн асуудал тул МҮБХ-ны зүгээс тайлбар, байр суурь илэрхийлэх боломжгүй байх. Мэргэжлийн байгууллагын хувьд МҮБХ-той санал солилцох боломж бол байсан. Гэхдээ тийм яриа болоогүй".
Б.БАЯСАХ