-Чөлөөт нислэгийн загварын ДАШТ Азид анх удаа болж байгаагаараа онцлог-
Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж байна.
Энэ сарын 21-нд эхэлсэн тус тэмцээнд Япон, Өмнөд болон Хойд Солонгос, БНХАУ, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 36 орны 300 гаруй тамирчид оролцон, ур чадвараараа өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрүүдэд “Монголын цом”, “Түвшингийн дурсгалын цом” тэмцээн зохиогдох бөгөөд ДАШТ-ий дүн наймдугаар сарын 2-ны өдөр гарна.
Монголд нисэх загварын спорт 1965 оноос эхлэхтэй бөгөөд өдгөө 50 жилийн ой тохиож байна. 1965-1990 оны хооронд ихэвчлэн нисэх загварын хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн Монголд жил бүр болдог байжээ. Харин 1990-ээд оны эхээр хэсэг завсарласан ч 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулснаар энэ спорт дахин сэргэсэн байна. 2006 оноос улс, бүсийн аваргаас гадна “Монголын цом”, “Түвшингийн дурсгалын цом” зэрэг тэмцээнийг давхар зохиох болжээ. Дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид 2007 оноос эхлэн оролцож эхэлжээ. 2009 онд Хорват улсад болсон ДАШТ-д багаараа орж, амжилтаараа 42 орноос 16 дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг хувийн амжилтаараа IV байрт шалгарч байжээ. Мөн 2013 оны Францад болсон ДАШТ-ий резинэн хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа дөрөвдүгээр байрт орсон байна.
1910 онд анх нисэх загварын спортын тэмцээн зохион байгуулагдсанаас хойш Европын орнуудад хоёр жил тутамд болдог уламжлал тогтжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орныг хоёр жилийн өмнө сонгодог аж. Энэ жил 50 жилийн ойтойгоо золгож буй Монголын нисэх загварын спорт 100-аад жилийн түүхтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна.
Дэлхийн агаарын спортын холбооноос манай тамирчдын ур чадвар өсөн нэмэгдэж, Монгол дахь салбар нийгэмлэгийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнг үнэлсэн хэрэг болсон гэж Монголын нисэх загварын спортын ерөнхийлөгч Б.Амарсайхан онцолжээ.
Мөн чөлөөт нислэгийн загварын ДАШТ Азид анх удаа болж байгаагаараа онцлог болж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР