Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театр билээ. Тус театрын 52 дахь улирлын хаалтын тоглолт ирэх ням гаригт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар хөшгөө хаана. Харин энэ жилээс дотоодын болон гадаадын жуулчдадаа зориулж “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг шинээр толилуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өчигдөр хамгийн сүүлийн Сонгодог пүрэв гаригаар дуурийн театрын гоцлол дуучдын тоглолтоор өндөрлөлөө. Энэхүү тоглолтод Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, гоцлол дуучин Э.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Даариймаа нарын уран бүтээлчид болон тус театрын дөрвөн концертмейстр Гавьяат жүжигчин Б.Солонго, төгөлдөр хуурч Б.Алунгоо, Э.Намуун, Б.Ундрам нар оролцсон юм. Энэхүү тоглолтын дараа Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Театрын уран бүтээлчдийн бэлтгэсэн “Сонгодог пүрэв гариг” өндөрлөж байна. Сэтгэгдлээ үзэгч түмэнтэйгээ хуваалцаач?
-Бүтэн жил тоглогдсон олон тоглолтуудын ард гарч байна. Энэ хугацаанд монголын болон дэлхийн маш олон сонгодог бүтээлүүдийг үзэгч түмэндээ өргөн барилаа. Мөн зуны дэлгэр цаг ирсэнтэй холбогдуулан “Сонгодог пүрэв” гариг хөтөлбөр үзэгчидэд хүрч чадлаа. Энэ зургаа, долдугаар сард театрын уран бүтээлчдийн хувьд үнэхээр завгүй байж, ард түмэндээ олон сайхан уран бүтээлээрээ нээлттэй байлаа. Өнөөдрийн театрын гоцлол дуучдын хувьд дэлхийн сонгодог дууриудын арийг бэлтгэж тавилаа. Театрт ирсэн үзэгч түмэн үнэхээр сэтгэл өндөр байна.
–Энэ жил театрт ирэх жуулчид хэр байна вэ?
-Жилээс жилд жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Өнөөдрийн(өчигдрийн) тоглолтоос харж байхад жуулчид их байна. Тэдэнд бас өөрсдөд нь манай ардын урлаг сонин байх талтай. Гэхдээ Монголд ирсэнийх нь сонгодог урлагийн театраар орж, уран бүтээлчдийнх нь чансааг харья гэж боддог байх. Тиймээс уран бүтээлч бидний хувьд чансаагаа улам л сайн харуулахыг хүсдэг. Тэгэхээр тэд нарын цангааг тайлж, хүлээж чадсан хариултад сайхан тоглолтуудаар бэлэг барихийг их хичээлээ. Энэ жил бүр жуулчдыг театрт урих “Сонгодог пүрэв гариг” гэсэн тусгай хөтөлбөр бэлтгэгдлээ. Тиймээс ирсэн жуулчдын сэтгэл маш өндөр сэтгэл хангалуун буцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Театр уран бүтээлийн дөрвөн ангитай. Өнөөдөр сүүлийн анги болох гоцлол дуучдын уран бүтээлчдын тоглолт амжилттай боллоо. Үзэгчид түмэндээ сайхан бэлэг барьж чадлаа. Магадгүй зуны амралтын налгар энэ өдрүүдэд театрт ирсэн үзэгч түмэндээ томоохон энергийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ нь сая тоглолтын турш үзэгч түмний алга ташилт, сайхан мишээлээс харагдлаа.
-Таны хувьд баяр наадмын өмнө Чингисийн талбайд болсон “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн нэгийг бүтээсэн шүү дээ?
-Би “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрийг 2007 оноос хойш дуулж байгаа. Би энэ дүрээрээ улсын шилдэг 5-р уралдаанаас тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. Тэр цагаас хойш миний урын санд орж ирсэн дүр юм. Энэ жил ч бүр задгай талбайд тоглох сайхан боломж олдлоо. Хоролмаагийн дүр бол монгол эмэгтэй хүний дайчин, шийдэмгий, тэмцэгч байж чаддаг дүрийг тодотгож гаргаж өгсөн. Энэ дүрд хүмүүс их дургүй байдаг ч гэсэн би дүрдээ хайртай. Хоролмаагийн дүр намайг тодорхой хэмжээгээр буруу хорчин талаас нь биш зөв талаас нь илэрхийлж чаддаг болов уу гэж боддогийн.
-Театрын уран бүтээлчдийн амралт эхэллээ. Таны хувьд хаагуур амрах гэж байна вэ?
-Би хоёр хүүхэдтэй. Бага маань ой гарантай. Тиймээс хүүхдээ харж, гэр бүлтэйгээ энэ зуныг өнгөрүүлнэ дээ. Хөдөө мэдээж явна. Гэртээ сэтгэл тайван байна гэдэг эмэгтэй хүний хувьд амралт юм шүү дээ.
-Ингэхэд үзэгч түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Театрын 52 дахь улирлын үзвэр ирэх амралтын өдрүүдэд хоёрхон тоглолтоор өндөрлөх гэж байна. Магадгүй та Улаанбаатар хотод амарч байгаа энэ үед бямба гаригт болох “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг, ням гаригт “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг үзээрэй. Энэ бол энэ зуны театрт сонгодог бүтээлийг үзэх сайхан боломж юм. Ирэх долоо хоногт театрын уран бүтээлчдийн амралт эхэлж байна. Үзэгч түмэндээ ирэх аравдугаар сараас шинэ шинэ уран бүтээлээрээ эргэн уулзах болно. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе. Эрүүл энх байгаарай. Эрч хүчтэй байгаарай гэж хүсмээр байна.
Дуурийн театрын гоцлол дуучдид тоглолтын дараа, 2015.VII.24
“Учиртай гурван толгой” дуурь, Чингисийн талбайд, 2015.07.10.
Ч.БОЛОРЧУЛУУН