Хакүхо Мөнхбатын Даваажаргал Олимпийн мөнгөн медальт бөх, аав Жигжидийн Мөнхбатын адил Монгол Улсын хөдөлмөрийн баатар болов. 2015.02.17. Улаанбаатар хот.
Японы хэвлэлүүд Хакүхо аваргыг эх орондоо очиж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлэх наадам, хүлээн авалт хийх гэж байгаа тухай мэдээлж байна.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг мэргэжлийн сүмо бөхийн ёкозүно, сүмогийн оргил дээд амжилтын эзэн Мөнхбатын Даваажаргалд олгосон юм.
Төрийн ордонд болсон Хөдөлмөрийн баатар цол олгох ёслол дээр Ерөнхийлөгч сүмо бөхийн 29 настай супер аваргыг мэргэжлийн сүмогийн дөрвөн дээд амжилтын эзэн болоод байгааг онцлон тэмдэглэж байв.
Японы хэвлэлүүдийн мэдээлснээр Их аварга Хакүхо М.Даваажаргал долдугаар сарын 27-нд эх орондоо ирж, ёслолын цайллага, наадам хийх бололтой. Гэхдээ хугацааны хувьд өөр өөрөөр мэдээлж байгаа ч ихэнх хэвлэл долдугаар сарын 29-нд энэхүү шинэ цолны хүндэтгэлийн ёслол болно гэж бичжээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргал долдугаар сарын тэмцээнийг ёкозүна Какүрюү М.Анандын хамт тэргүүлж байгаа билээ.
Ш.МЯГМАР