Сүүлийн 50 жилийн 10 томоохон дефолт

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Сүүлийн 50 жилийн 10 томоохон дефолт

-Дэлхийн II дайнаас хойших улсын дефолтууд-

Мөнгө солих цэг дэх дараалал, Москва, 1998 оны есдүгээр сар.Фото: Ираклий Чохонелизе/ТАСС

Дэлхий ертөнц ойрын үед цуварсан дефолттай тааралдах магадлал өндөр боллоо. Грек гурван жилийн дараа хөрш орнуудынхаа эдийн засгийн хямралыг гүнзгийрүүллээ. Украины ерөнхийлөгч Петр Порошенко гадаад өрийн төлбөртөө хязгаарлалт тавьснаа зарлаад амжсан. АНУ-ын эрхшээлийн Пуэрто-Рико өр төлөх мөнгөгүй гэж байгаа… Шинэ хямрал нь сүүлийн 50 жилийн бие даасан дефолтуудын ээлжит нь болох юм.

Ингэхэд дефолт гэдэг гэдэг тэр “аймшигтай” үг чинь юу билээ. Төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн үед энэ үгийг хэн хүн мэдэхгүй байлаа. Өртэй л гэж ярихаас хэтрэхгүй, санхүүгийн үүргийг тогтоосон хугацаанд нь биелүүлж байсан эсэхийг ард олон мэдэхгүй л байв. Чөлөөт эдийн засаг дефолт гэх мэтийн олон хэллэгийг бидэнд танил болгосон юм.

Дефолт гэдэг нь санхүүгийн үүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн гүйцэтгэх чадваргүй болсныг хэлнэ. Хувь хүн, компани, улс үүнийг гаргадаг. Улс гаргасан тохиолдолд бие даасан дефолт (SOVEREIGN DEFAULT)гэж хэлдэг аж. Улсын дефолт гэдэг нь төрт улс өрөө бүтэн төлөх чадваргүй болох эсвэл өрнөөсөө татгалзахыг хэлнэ. Бие даасан худалдан авагчдын худалдааны гэрээний эрсдэл нь даатгагдсан байж болно. Харин бие даасан контраге́нтын (латинаар, contrahens — тохиролцогч тал; contra — эсрэг + agens — үйлчилж байгаа; con-trahereхарилцан зогсогчид)зээл өгсний эрсдэл нь санхүүгийн зах зээлийн гүйцэтгэлийн хэрэгслээр  зохицуулагддаг.

“…Хамгийн анхны дефолт МЭӨ 4-р зуунд нөгөө л Грекүүдээс гарч байсныг үзвэл тэр нь анхны хот улс, бизнес, түүнийг дагаад зээлийн харилцаа жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн үеэс л байсан хүний түүхийн хуучин “найз юм”. Ихэнх улс түүхэндээ ямар нэг байдлаар дефолт хийсэн байдаг, харин манай улсын хувьд олон улсын санхүүгийн инстицуудын үнэлгээгээр, 1997 онд дотоод өрийн төлбөрийн дефолт хийж байснаас гадаад өр төлөөгүй гэх муу нэргүй аж. Угаасаа нэгдсэн хуульгүй, нэгдсэн засгийн газаргүй дэлхий одоогийн байдлаар дефолт гарахад хоёр талын харилцааг хэрхэн зохицуулах талаар ерөнхий дүрэмгүй явж ирлээ. Одоо бол улс дампуурлаа. Сүйд боллоо. Өрөө төлж чадахгүй шившиг гэх мэтээр бичин ярьж, дефолт гэдгийг дампуурал гэсэн ойлголтод ерөнхийдөө оруулаад байгаа.

…Компани өр төлөх чадваргүй болж дампуурахад өмч хөрөнгийг нь зээлдүүлэгч эхний ээлжинд авах эрхтэй байдаг, харин бүхэл бүтэн төрт улсын өмчийг хурааж авах ойлголт байхгүй тул зээлдүүлэгчдэд туйлын ярвигтай асуудал болж ирнэ. Саяхны жишээгээр Аргентин, Грек зэрэг орнууд шиг бүр огт төлөхгүй гэхээсээ жишээ нь гуравны нэгийг нь төлөх санал гаргах зэргээр “өрийн дахин зохион байгуулалт” хийхээр чармайна. Гэхдээ 3000 төгрөг зээлээд 1000 төгрөг өгье гэхээр тэрний оронд сунгаад ч болов бүтнээр нь авъя гэх нь илүү олон. Өр төлөх хугацаа хойшлуулах нь хөрөнгө оруулагч талын эзэмшиж буй бондын үнэлгээ буурах, зээл төлөх талд зээлийн хүү улам хуримтлагдах, өрийн хэмжээ өндөр, зээлжих чадварын үнэлгээ муу хэвээр байх зэрэг давхар асуудал үүсгэнэ.

Нөгөө талаар төлбөрийн чадваргүй болсон улсын талд ч амаргүй. Хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчид дотоодын валютын үнэ цэнэ унах хүлээлттэй болсноор өөр валют эзэмших сонирхолтой болж, энэ нь дотоод валютын үнэ унах явцыг улам хөөргөдөх эрсдэлтэй. Хурцадмал байдал үүсвэл банкны үйлчилгээн дэх төрийн хязгаарлалт ихсэж, зээлийн хүү өндөрсөх, эсвэл бүр зээл гаргахгүйдээ тулна. Татвар төлөгчдийн мөнгө дотоодын валютын үнэ цэнэ буурахын хэрээр үнэ цэнээ алдана.Зээлжих чадварын үнэлгээ гаргадаг агентлагууд ийм байдлыг индексжүүлэх ажлаа хийж, хөрөнгө оруулагчдыг үргээх утаа уугиулна, энэ нь тэдний үүрэг.

…Одоогийн байдлаар олон улсад ОУВС аврагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Аврагч харин өнөөг хүртэл өөрийн гүйцэтгэсэн үүрэгт дүгнэлт хийж, дефолтын эрсдэлтэй орнуудад хандах бодлогодоо өөрчлөлт оруулж эхлээд байна. Өмнөх удаагийн дефолтуудын түүхээс харахад эртхэн, уян хатан арга хэмжээ авах тусмаа хоёр тал илүү  зөөлөн “гэмтдэг” байна. Харин тусламж олгох хатуу нөхцлийн дор урт хугацааны шийдэл бус богино хугацаат зээлийг улам нэмэгдүүлсэн үр дүнгүй бодлого явуулж ирсэн гэж өөртөө дүгнэлт хийсэн ОУВС 2014 оны зургаан сард илүү уян хатан бодлого санал болгосон. ОУВС-ийн нөөцөөс илүү эрт тусламж авах боломж бүрдүүлэх, тусламж авахын тулд сангийн хатуу шаардлага дор “өрийн дахин зохион байгуулалт” хийж, энэ нь эсрэгээрээ бүс нутгийн санхүүгийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой гэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нэгд зээлдүүлэгч талын хувьд хугацаагаа сунгахыг зөвшөөрч, эсвэл өөр зээлдүүлэгчид шилжүүлж, зээлийн хүү, зээлийн хэмжээг бол хэвэнд нь хадгалахыг санал болгоно. Хоёрт, эрсдэл бүхий улсын хувьд ОУВС-ийн нөөцөөс томхон зээл авахын тулд заавал  өрийн дахин зохион байгуулалт хийх ёстой гэсэн шаардлагаа арилгана хэмээн мэдэгдсэн юм.

1970 оноос хойш 70 орчим засгийн газар өрийн дахин зохион байгуулалт хийж, шинэ бонд хэвлэж, төлбөрийн нөхцлөө өөрчлөх оролдлого хийж ирсэн ч үр дүн муу байсан гэж дүгнэж, бодлогын томхон эргэлт хийсэн нь энэ юм. Өрийн бүтцийг  дахин зохион байгуулах буюу restructuring хийх биш сунгах буюу reprofiling хийх, шаардлагатай бол ОУВС-ийн зээл болон бодлогын нөхцлүүдийг хүлээж авах, санхүүгийн чадвараа уг сууриас нь сайжруулах бодлого хэрэгжүүлэх. Сайн тестлэгдээгүй байгаа ч юу юугүй өр зээлээ эмхэлж, богино хугацааны өндөр хүүтэй бонд дахин хэвлэж, тэрнийхээ төлбөрт хамаг төсвөө барж, дээр нь ОУВС-д ч ихээхэн өртэй үлддэг хуучин хэв маягаас хамаагүй бага хохиролтой гэгдэж байна. Ерөнхийдөө маргааш дефолт хийх эрсдэлээс илүү ийм байдалд хүргэсэн хэрэглэх-бүтээхийн тэнцвэр алдагдсан бүтцийн талаар ярьж, санаа зовохгүй байгаа нь илүү том асуудал юм” гэсэн тайлбарыг “Тrends.mn” өгч байна.

Ингээд одоо дэлхийн II дайнаас хойш хийгдсэн томоохон 10 дефолтын тухай танилцуулгаа эхэлье.

Герман, XX зуун

Өнгөрсөн зууны турш Герман дайн хийж эсвэл тэднийхээ дараа сэхэх гэж зүтгэж ирэв. Дайны төлбөрийг дэлхийн I дайн эхэлснээс хойш бараг бүтэн зууны нүүр үзэж байж 2010 оны аравдугаар сард л төлж дуусгасан билээ. 1919 онд бичигдсэн Версалийн энхийн гэрээний дагуу Герман 269 тэрбум алтан маркийн төлбөр төлөх ёстой байсан нь ойролцоогоор 100 мянган тонн алттай тэнцэх хэмжээнд байлаа. Хожим дайны төлбөрийг нь хоёр дахин буулгасан ч үндсэн өр, хүүг хугацаанд нь төлөх боломж Германд байсангүй учраас бусад орнуудаас зээл авахаас өөр аргагүй байлаа.

Гучаад оны эхээр зээл тасарсан ба Адольф Гитлер засаг авсны дараа дайны төлбөр нь бүрэн зогсжээ. Дарангуйлагч дайны төлбөр гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус орон энэ асуудалд эргэн орсон бөгөөд Конрад Аденауэрын засгийн газар өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн юм. Үндсэн өр нь 1983 онд төлөгдөж дуусчээ. Харин хүү төлөлтийн түүх нь үлджээ. Герман 1990 онд  нэгдсэний дараа өрөө төлөх боломжгүйг зарласан бөгөөд өрийн бүтцийн өөрчлөлтийг 20 жилийн турш явуулсан ажээ. Өрийн хүүгийн 200 сая еврог 1990-2010 онуудад төлсөн бөгөөд хамгийн сүүлчийн шилжүүлгийг 2010 оны аравдугаар сарын 3-нд хийснээр Германы өр барагджээ.

АНУ, 1971

Дефолт зарласан хэд хэдэн тохиолдол АНУ-д байдаг ба хамгийн сүүлчийн томоохон дефолт 1971 онд хийгдлээ. Бреттон-Вудын гэх гэрээгээр доллар “алтан баталгаагаа” 1944 онд авчээ. Олон улсын худалдааны тооцоо ам.доллараар хийгдэж, АНУ нь ам.доллараа тогтоогдсон ханшийн дагуу алтаар солин авах үүрэг хүлээсэн байна.

Францын ерөнхийлөгч Шарль де Голль 60-аад оны дундуур улс орныхоо ам.долларын асар их нөөцийг алтаар нь солихоор шийдээд хөлөг онгоцнуудаар валютыг АНУ-д илгээж эхлэв. Энэ жишээний халдвар тэр даруй тарж эхлээд Герман дараа нь бусад орнууд ам.долларын нөөцөө алтаар солих гэлээ.

Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон 1971 оны наймдугаар сард “алтан цонхны хаалт” гэж нэрлэсэн арга хэмжээ авсан нь дефолт байлаа. Үүний дараа алтны үнэ суг өсч, ам.доллар 70 хувиар ханшаа өөрчилжээ. Гэхдээ удалгүй ам.доллар олон улсын худалдаанд алтны байрыг эзлэн бусад бүх валютууд ам.долларт уягдсан билээ.

Мексик, 1982

Өнгөрсөн зууны далаад онуудын дундуур нефть, хийн шинэ ордууд нээгдэн Мексикийг нефтийн гүрэн болголоо. Маш хурдтайгаар нефтийн аж үйлдвэрийн  ашиг Мексикийн экспортын 70 гаруй хувийг эзлээд авсан юм. Гэхдээ тус орны дотоодын өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө, улсын үйлдвэрийн санхүүжилт, тоног төхөөрөмжийн импортын зардал зэргийн мөнгийг Мексик гадаадаас зээлж иржээ. Үүний улмаас 1980-аад онуудын эхээр Мексикийн гадаад өр 90 тэрбум ам.долларт хүрч, түүний үйлчилгээний зардалд тус улс жил бүр 20 тэрбум ам.доллар төлөх ёстой байлаа.

Нефтийн үнэ огцом унангууд Мексик ихээхэн өрөнд баригдсан бөгөөд үндэсний валютын ханш нь унаж, гиперинфляци жилдээ 3700 хувьд хүрэв. Мексик гадаад өрөө төлөх боломжгүй болсноо 1982 онд зарласан юм.

Дефолт нь улсын капитализмын загвараас татгалзуулж, үндэс нь хувьчлал болсон эдийн засгийн шинэчлэлд хүргэжээ.

Югослав, 1983

Югославын дефолтын шалтгаан нь нефтийн хямрал болжээ. Экспортын валютын орлого нь урсгал өрөө төлөхөд хангалтгүй байв. Югославын өр бага биш. Эвсэлд нэгдээгүй гэсэн статус нь тус улсад Баруунаас зээл авах эрхийг өгч байв. Югославын өр 1982 он гэхэд 20 тэрбум ам.доллар болсон байжээ.

Югославын холбооны бүтэц нь хариуцагч хэн бэ гэдгийг тодорхойгүй болгосон гэдэг. АНУ хэрэг явдалд нь оролцохоор шийдэн төвлөрсөн захиргааны шинэчлэл хийхийг 1982 оны намар Югославаас шаардлаа. Югославын засгийн газар энэхүү шаардлагыг нь хүлээн авч дефолт зарлаад өрийн үндсэн төлөлтдөө 90 хоногийн хориг авчээ. 1983 оны нэгдүгээр сараас уг хориг үйлчилж эхэлсэн бөгөөд долдугаар сард нь захиргааны шинэчлэлийн тухай хууль батлагджээ.

Үүний дараа Белград гадаадын хувийн банкуудын өрийг хангалттай хурдан төлж, тэдэнтэй үлдсэн өрийнхөө бүтцийн өөрчлөлт хийх тухай гэрээнд гарын үсэг зурсан байв. Үүний зэрэгцээ Югослав дахин нэг зээлийг дотоодын үйлдвэрлэлийн хөгжилдөө зориулан авч чадлаа.

Бразили, 1987

Бразилийн ерөнхийлөгч Жозе Сарней гадаад өр төлөлтийг зогсоож буйгаа 1987 оны хоёрдугаар сард зарлав. Тэр үед Бразилийн гадаад өр 67 тэрбум ам.доллар болсон бөгөөд үнэн хэрэгтээ, дефолт эсвэл “ард түмэн өлсөх” хоёрын хоорондын сонголтыг тус орон хийсэн юм.

Гэхдээ л дөнгөж хоёр сарын дараа Сангийн сайд нь огцорч, шинэ сайд нь зөвшилцөл хийхийг зөвшөөрсөн байна. Гадаадын банкуудтай 1987 оны сүүлчээр шинэ гэрээ байгуулан Бразили өрийнхөө хүүг нь төлж эхэлсэн бөгөөд үндсэн өрийн өөрчлөлтийг хийж чадав.

Орос, 1998

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Орос урт хугацааны турш эдийн засгийн хямралд нэрвэгдэн зээл авахаас өөр аргагүй болсон билээ. Оросын гадаад өр 1997 оны сүүл рүү тус орны ДНБ-ний 50 хувь орчим буюу 350 тэрбум ам.доллар болжээ.

Нефть, байгалийн хий, металлын үнэ унасан мөн Азийн эдийн засгийн томоохон хямрал зэрэг нь байдлыг улам хүндрүүлж өглөө. Түүхий эдийн үнэ унаснаас Оросын засгийн газрын орлого буурсан бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй тус улсад гадаадын зээлдүүлэгч нар зээл өгөхөөс татгалзах болов. Гэсэн хэдий ч Орос 1998 оны долдугаар сард Олон улсын валютын сангаас 17,1 тэрбум ам.доллар тогтворжуулалтын зээлийг авч чадсан юм. Харин наймдугаар сард нь рублийн ханш огцом унаж, засгийн газар нь техникийн дефольт зарлахад хүрчээ.

Үүний гол шалтгаан нь мөнгөний ханшаа тогтворжуулахын оронд гадаадаас байнга зээл авч байсан Оросын засгийн газар болон Төв банкных нь бүтэлгүй ажиллагаа болжээ. Үүний зэрэгцээ, оросууд зээлдүүлэгч нарт зээлийн ихээхэн хэмжээний хүү амалсан бөгөөд тэр үүргээ биелүүлж чадаагүй байна.

Рублийн ам.доллартай харьцуулсан ханш дөрөв дахин унаж, төсөв нь 50 тэрбум рублийн алдагдалтай, хүн амын бодит орлого бараг гуравны нэгээр буурсан, ДНБ нь 10 хувиар багассан зэрэг нь Оросын дефолтын үр дагавар болсон юм.

Аргентин, 2000-аад оны эхэн

Өнгөрсөн зууны сүүлчээр үндэсний валютын ханш буурсан хэд хэдэн давалгаатай Аргентин тулгарсан юм. Байдлыг тогтворжуулахын тулд эдийн засгийн шинэчлэл явуулж, үндэсний аж үйлдвэрийн үйлдвэрүүдийг худалдаж, эдийн засгаа гадаадын  хөрөнгө оруулалтад нээж өгөв. Энэ арга хэмжээний дүнд 1989 онд 5000 хувь байсан инфляцийг 1997 он гэхэд 1 хувь хүртэл буулгаж чадлаа. Харин тус улсад ажилгүйдэл нэмэгдэж, үндэсний валютаа ам.доллартай уялдуулж өгсний улмаас орон нутгийн бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадвараа алдсан юм. Энэ нь эргээд аж үйлдвэрийн хөгжилд сөргөөр нөлөөлжээ.

Ам.долларт мөнгөө уяж өгсөн нь тус орны засгийн газрын эдийн засагт бодитоор нөлөөлөх боломжийг алдагдуулсан бөгөөд Аргентины улсын өрийн хэмжээ нь 132 тэрбум ам.доллар болсон байна.

Аргентин 2001 оны зун ОУВС-гаас 8 тэрбумын ам.долларын ээлжит зээл авахаар тохиролцсон ч валютын сан зээл тус оронд нэмэр болохгүйг тэр даруйдаа ойлгон ээлжит шилжүүлэг хийхээс татгалзжээ. Ингээд Аргентин өөрийн үүргийг биелүүлж чадахгүй болсны улмаас техникийн дефолт зарлав.

Улсын үнэт цаасыг урт хугацааны барагдуулалттай, бага хүүтэй шинэ облигациар солив. Өрийн төлбөрт тэтгэвэрийн сангийн мөнгийг ашиглажээ. Гэтэл  тэр нь тус болсонгүй. Ингээд 2003 онд ОУВС-гийн өрөнд дахин дефолт зарласан байна.

Молдав, 2002

1997 оны евро үнэт цаасны ээлжит төлбөрөө Молдав 2001 онд хийж чадсангүй. Аажмаар хөрөнгө оруулагчдын үнэт цаасыг худалдан авахаа зогсоожээ. Дараагийн жилийн зургадугаар сард 70 сая ам.долларын бондоор дефолт зарлав.

Хэрэв дефолт зарлаагүй бол тус улс өрийн хүүдээ төсвийнхөө 70 хувь орчмыг жил бүр төлөх ёстой байсан юм. Үүнээс сарын дараа өрийн шинэчлэлээр гэрээ байгуулагдан Молдав өрөө барагдуулах цаг хожжээ.

Эквадор, 2008

Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа 2008 онд дефолт зарлан гадаадын 30 сая ам.долларын үнэт цаасны төлбөрийг явуулахгүй гэлээ. Ерөнхийлөгч тэр үнэт цаасыг хууль бус гээд өрийн талаарх олон улсын заргыг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр Эквадор төлөх чадваргүй 10,6 тэрбум ам.долларын гадаад өрийн бүтцийн өөрчлөлт хийх санал дэвшүүлжээ. Мөн л тэр өрийг “ёс зүйгүй, хууль бус” гэж тэр нэрлэсэн юм.

Дараагийн жилийн хоёрдугаар сард нь тус улс 2030 онд төлж барагдуулах хугацаатай 135 сая ам.долларын үнэт цаасны төлбөр хийхээс татгалзав. Гэхдээ Эквадор 2009 оны тавдугаар сард гадаад хөрөнгө оруулагчдын дефолтын үнэт цаасны 91 хувийг нэрлэгдсэн үнээс нь мэдэгдэхүйц ялгаатайгаар худалдан авч чадсан байна.

Грек, 2012

Дефолтын муу баатруудын нэгээр Грек сүүлийн жилүүдэд тодорч ирлээ. Европын орнуудаас байн байн зээл авч, Европын холбооны бүрэн бүтэн байдлыг байнгын аюулд энэ улс оруулж байна. Өрийг дахин зохион байгуулах буюу restructuring хийх шинэ хэлэлцээрийг зээлдүүлэгч нартай хийхийн тулд 2012 оны хоёрдугаар ба арванхоёрдугаар саруудад 177 тэрбум ам.долларын дефолт хийнэ гэж Грек хоёр удаа зарлаж байжээ.

2011 оны сүүлчээр, Грекийн өрийг ДНБ-тэй нь харьцуулахад 140 хувиас давсан байлаа. Нэлээдгүй урт хугацаанд тус орон албан ёсны статистикийг нуун шинэ зээлүүд авч ирсэн нь хожим ил гарсан юм. Тар нь танигдсаны дараа тус улс шинэ зээл авах боломжоо алдлаа. Грекийн эрх баригчид Европын холбооноос тусламж хүсэв. Евро бүсээ хадгалан үлдэхийн тулд Европын холбоо грекчуудад туслах хэрэгтэй болсон юм.

Ер нь бол улс орон нь дефолт зарлах нь ховор үзэгдэл биш бөгөөд тэр нь дандаа ч жинхэнэ дефолт болж байдаггүй аж. Түүх харуулж буйгаар, улс нь өрийн үүрэг эсвэл худалдааны зээлээ биелүүлэх нөхцөлгүй болсноо зарлан шинэ гэрээ байгуулахаар цаг хожих үйлдлийг хийдэг гэнэ. Зээлдүүлэгч байгууллага нь ямар нэгэн хэмжээний нөхвөр авах гээд өөрсдөө шинэ санал тавиад ирдэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж