
Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 6-нд Даланзадгад хотод бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ үеэр холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийн хамт аймаг, орон нутгаас шийдэгдээгүй асуудал, ажил явуулахад юу саад бэрхшээл болж байгаа талаар ажил гүйцэтгэгч талуудтай уулзаж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллалаа. Энэ үеэр Даланзадгад хотод баригдаж буй 175 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил, ДЦС-ын өргөтгөлийн ажил, баригдаж байгаа орон сууц, Бүрэн хэмжээний соёл спортын цогцолборын ажил, Даланзадгад хотод тавигдаж байгаа 5.8 км хатуу хучилттай авто замын ажил гээд олон газраар явж бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тус ажлын хэсгийнхэн зарим нэг албан байгууллагын дарга, удирдлагуудыг хатуухан шүүмжилсэн юм. Комисс ажилласны үр дүнгийн мэдээг аймгийн Засаг дарга Б.Бадраа орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хийж, ажлын явц, цаашид анхаарч ажиллах талаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Мөн бүтээн байгуулалтын ажилд саад хотгор болж буй дизель түлшний улсын нөөц багасч, ажил явуулахад хүндрэлтэй байгааг харгалзан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын удирдах албан тушаалын хүмүүстэй уулзаж, нөөц бололцооны талаар санал солилцжээ.
А.Зул