Элэгний С вирусны эсрэг “Харвони” эмийг ирэх аравдугаар сард оруулж ирэх гэж байгаатай холбоотойгоор иргэдийг бүртгэж байна. Цаашид элэгний С вирустай иргэдийг бүртгэх ажлыг ХӨСҮТ хариуцан ажиллах юм. Энэ асуудлаар өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд дарга Я.Буянжаргал тэргүүтэй эмч нар мэдээлэл өглөө.
Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах хэрэгтэй. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Одоогоор элэгний С вирустай иргэдийг бүртгэх ажил үргэлжилж байгааг эмч нар хэллээ.
Харьяа эмнэлэгт шинжлүүлсний дараа ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандана. Улсын хэмжээнд элэгний С вирусыг эмчлэх, оношлоход 130 эмчийг сургалтад хамруулжээ. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж.
Элэгний С вирустай иргэдийн бүртгэлийг аравдугаар сард “Харвони” эмийг оруулж иртэл үргэлжлүүлнэ. Гэхдээ бүртгэл бүрэн дуусна гэсэн үг биш. Үе шаттайгаар бүртгэлжүүлж, дээрх эмийг олгох юм. Тиймээс иргэдийн хувьд одоо ч бүртгүүлэхэд оройтохгүй. Гол нь түрүүлж бүртгүүлсэн нь “Харвони” эмийг авахдаа давуу эрх эдэлнэ гэсэн ойлголт байхгүй юм. Тиймээс иргэд одооноос харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж, эхний шинжилгээгээ хийлгүүлэх хэрэгтэй аж.
Б.ЗАЯА