Ирээдүйн багш, өсвөрийн сэтгүүлчийн анги нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Ирээдүйн багш, өсвөрийн сэтгүүлчийн анги нээнэ

Дархан хотын "Жигүүр" цогцолбор сургуулийн захирал Т.Орхонтуяатай ярилцлаа.

 

“-ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД “ИРЭЭДҮЙН БАГШ”, “ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ”  ГЭСЭН ДУГУЙЛАНГИЙН ХОЁР АНГИ НЭЭНЭ

Жигүүр цогцолбор сургууль нь 1992 онд Ерөнхий боловсролын сургалт үйлдвэрлэлийн цогцолбор  нэртэйгээр 500 гаруй сурагч, 19 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.1995 онд багш, эцэг эх сурагчдын санаачлагаар Зөвлөлтийн 4-р сургуулийн 960 хүүхдийн сул хичээлийн байрыг засварлан  сургалт явуулах орчинг бүрдүүлсэн байна. Одоогоор 1 400 гаруй сурагч, 98 багш, ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг.

-“Жигүүр цогцолбор сургууль нь 2011 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-ын клиник сургууль болсон. Өнгөрсөн  4 жилийн хугацаанд энэ талаар хийсэн ажлаа  ярина уу?

-Манай сургууль МУБИС-тай хамтын ажиллагааны түншлэлийн гэрээтэйгээр 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Клиник сургууль гэхээрээ багш нарын дунд судалгаа шинжилгээ явуулж үр дүнг нь тооцдог, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг, багш бэлтгэх, дадлагажуулах,  эрдэм шинжилгээний ажилд МУБИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран судалгаа хийх чиглэлээр хамтрана гэсэн үг. Энэ хичээлийн жилдээ бид яг клиник сургуулийн үйл ажиллагаагаараа Улаанбаатар хотын Боловсролын их сургууль, Архангай аймгийн Боловсролын их сургуулийн 60 гаруй сурагчдыг дадлагажуулсан байгаа. Эдгээр багшийн сургуульд сурч байгаа оюутнуудыг дадлагажуулах багш нар маань Боловсролын их сургуулийн сургалтанд хамрагдаад, клиникийн профессор гэсэн итгэмжлэлийг авч  багш бэлтгэж, дадлагажуулдаг. Ирэх хичээлийн жилээс МУБИС клиник гэдэг нэр томьёогоо өөрчилж, 21 аймаг бүрт нэг нэг лабортори түшиц сургуулийг бий болгож хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан.  Энэ ажлын хүрээнд манай сургууль МУБИС-ийн лабортори түшиц сургууль болохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

МУБИС-ийн клиник сургууль болсоны ач холбогдол нь юу вэ?

-Манай сургууль 2011 оны 9 дүгээр сард МУБИС-ийн хөдөө орон нутгийн анхны клиник сургуулийн болзлыг хангаж батламж гардан авсан. 2011-2016 оны хооронд цахим үйл ажиллагаатай МУБИС-ийн клиник ,мэдээлэл технологийг нэвтрүүлсэн оюуны чадварыг боловсролын бүх түвшинд нь олгодог цогцолбор сургууль болохоор стратеги төлөвлөгөөгөө хийсэн юм. Ингээд 2012 оны  9 дүгээр сард монголын анхны иж бүрэн  цахим сургууль болсон. Бүх анги танхимаа дотоод сүлжээнд холбож, сургалт явуулах таатай орчин бүрдсэн. Эрдмийн түлхүүр 2,5-аар дотоод сүлжээнд холбогдож бүх мэдээллээ дамжуулдаг, өгдөг авдаг.Үүнтэй холбоотойгоор цахим хичээл бэлтгэдэг,  сургалтандаа цахим хичээлийг ашиглах бүрэн боломжтой болсон бөгөөд Боловсрол,Соёлын Газрын сайтанд өөрсдийн бэлтгэсэн цахим хичээлүүдээ байршуулах зэрэг олон давуу тал бүрдсэн байгаа. Мөн ондоо орчин үеийн техник технологоор тоноглогдсон багш хөгжлийн төвийг ашиглалтанд оруулсан. Энэ нь Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын байгууллагуудын 2012 оны онцлох 9 ажлын нэгээр шалгарч байлаа.         

2015 оны хичээлийн жилээс лабортори сургуулийнхаа хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Лабортори сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг хийхээр түншлэлийн гэрээндээ тусгаж байна. Лабортори түшиц сургуулийн хүрээнд ЕБС, их, дээд сургуулийн залгамж чанарыг сайжруулах эндээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, багш бэлтгэж байгаа сургуулийн хувьд багшийг ажлын байранд тасралтгүй хөгжүүлэх сургах, Боловсролын их сургуулийн багш болж байгаа оюутнуудыг өөрсдийн боломжинд тулгуурлан дадлагажуулан бэлтгэх ажил явагдана. Аймгаасаа ирээдүйд багш болох сонирхолтой сурагчдыг бүртгэн дугуйлангийн анги нээж хичээл явагдах юм. Эндээс бид  аймгийн хэмжээнд ямар мэргэжлийн багш нэн шаардлагатай, дутагдалтай байгааг судлан аймгийн Боловсрол, Соёлын Газартайгаа уялдаж, тэр чиглэлээр багш болох сонирхолтой хүүхдүүдийг дадлагжуулна.

Дугуйланд хэддүгээр ангийн сурагчдыг хамруулах вэ? Ямар шалгуур үзүүлэлтээр сурагчдаа сонгох вэ?

-9-12-р ангийн сурагчдыг хамруулна. МУБИС-ийн баримталж байгаа бодлого бол ур чадвар 70 хувь, онол 30 хувь байх ёстой, хамгийн гол нь багш болох сэтгэл зүйтэй хүүхэд байх чухал, зүгээр сэтгэлийн хөөрлөөр ороод ирсэн сурагчийг бол бид дэмжих боломжгүй гэсэн асуудал тавьж байгаа. Ер нь 9-12 дугаар ангийн багш болох сонирхолтой сурагчдын ур чадвар дээр түшиглэнэ. Тухайлбал технологийн багш болох гэж байгаа бол тэр чиглэлдээ тодорхой хэмжээгээр ур чадвар бусдаас илүү сайн байх ёстой. Ямар ч технологийн чадваргүй, мэдрэмж байхгүй хүүхдийг бид сургах боломжгүй. Энэ элсэлтийг хийхэд бид бүртгэлээ хийгээд боловсролын их сургуулиас шалгалтын комисс ирж орон нутгийн телевизүүдээр хэвлэлийн бага хурал хийж нийтэд мэдээллээ нээлттэй өгч үйл ажиллагаагаа эхлэнэ.

МУБИС-иас дугуйлан хичээллүүлэхэд  дэмжлэг туслалцаа үзүүлэх үү?

-МУБИС-иас энэ дугуйланг хичээллүүлээд явахад тодорхой хэмжээний  багш нарыг дадлагажуулна. МУБИС-иас нэг ёсондоо итгэмжлэлээ авч байж багш нар маань дугуйландаа багшлах эрхтэй болж байна гэсэн үг юм. Дугуйланд хичээл зааж байгаа багшийг тодорхой хэмжээгээр цалинжуулна. Баталж өгсөн төсвийн хүрээнд ажиллаж байгаа учраас багшийн норомт цаг байгаа. Өнөөдөр багшийн ангийг хичээллүүлж өсвөрийн сэтгүүлч бэлтгэх багш маань МУБИС-н хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээний хүрээнд тодорхой хэмжээгээр сургалтанд хамрагдаж их, дээд сургуулийн багш нарын түвшинд өөрөө бэлтгэгдэх ёстой. Тэгж байж хичээлээ заана. Ингэж хичээлээ зааснаар Боловсролын их сургуулиас заасан цагаараа цалинжих ёстой юм. Боловсролын их сургуулийн эрдэмтэн, докторууд ирж эдгээр дугуйлангийн хүүхдүүдэд хичээл заана. Мөн төгсөх 12-р ангийн маш амжилттай суралцсан 2-3 сурагчийг МУБИС-д урилгаар сургах сайхан боломж нээгдэж байгаа. Нэг ёсондоо орон нутгийн хэмжээнд боловсролын боловсон хүчин бэлтгэх бодлогыг манайх хамтын ажиллагааныхаа хүрээнд МУБИС-тай хамтарч бэлтгэх чиглэлийг л барьж байна.

Сургуулийнхаа цаашдын зорилго, стратеги төлөвлөгөөний талаар?

-Манай сургуулийн хувьд 2020 он хүртэл байгууллагынхаа стратеги төлөвлөгөөг хамт олны хурал, багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж батлуулсан. Өмнөх жилүүдэд манайх мэргэжлийн сургалттай байсан. 2013 оны сайдын тушаалаар ердийн сургалттай болсон байгаа. Гэсэн хэдий ч бид орон нутгийн хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн хоёр дугуйлангийн ангийг туршилтын журмаар нээж ирэх хичээлийн жилд хичээллүүлэх гэж байгаагийн нэг нь багш болох сонирхолтой сурагчдын анги, нөгөө нэг нь “Өсвөрийн сэтгүүлч” бэлтгэх анги юм.Үүний үр дүнг нь орон нутагтаа гаргахаар зорьж байна.

“Өсвөрийн сэтгүүлч” бэлтгэх дугуйлангийн ангийг  хичээллүүлэхэд техник, хэрэгсэл зайлшгүй шаардлагатай болж байгаа байх, энэ асуудлыг  ямар арга замаар шийдвэрлэх вэ?

-Энэ хоёр ангийг хичээллүүлээд явахад шаардлагатай сургалтын орчин бүрдүүлэх хэрэгтэй. Өсвөрийн сэтгүүлч бэлтгэх ажил бол аймгийн Засаг Дарга С.Насанбатын санаачлага, Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр 30 сая төгрөгний техник, хэрэгсэл бүхий кабинетийг бид бүхэн ашиглалтанд оруулж байна. Ингэснээр 9 дүгээр сарын 1 гэхэд иж бүрэн лабортори анги нээгдэнэ. Тэгэхээр багш болох сонирхолтой, тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг хангасан хүүхдүүдийг аваад эхлүүлэх юм бол манай сургууль цахим сургууль учраас сургалтын орчны хувьд ч өсвөрийн сэтгүүлчдийг бэлтгэх бүрэн боломжтой болно.  

“Өсвөрийн сэтгүүлч”-ийн дугуйланд ямар шалгуураар хүүхэд элсүүлэх вэ?

-Өсвөрийн сэтгүүлч бэлтгэх ангийн хувьд хүсэл сонирхолтой, хэл ярианы баялагтай, сэтгэн бодох чадвартай хүүхдүүдийг бүртгэж аваад одоогоор энэ анги маань 10-аад хүүхэдтэй хичээллээд явж байна. Багшаар “ЛХА” телевизийн сэтгүүлч Т.Гэрэлцэцэг ажиллаж байгаа. Энэ нь цоо шинэ ажил биш юм л даа. Манай сургууль  дээр “Нэг багш нэг дугуйлан” хичээллээд 2 дах жилдээ тайлангаа тавьсан. Үүний хүрээнд багш нар маань сэтгүүлч болох сонирхолтой цөөн тооны хүүхдүүдийг дугуйлангаар хичээллүүлж байсан. Бид бүтэн анги, техник хэрэгсэлтэй болсон учраас шалгуур үзүүлэлтэнд тэнцсэн хүүхдийн тоог хязгаарлалгүйгээр цагийн хуваариар зохицуулах боломжтой болсон.

Дугуйлангийн сурагчдын ерөнхий эрдмийн хичээлд өөрчлөлт орох уу? Цаашид тусгай анги нээж хичээллүүлэх үү?

-Ерөнхий эрдмээ ордгоороо орно. Орхигдуулахгүй.  Эхний ээлжинд дугуйлангаар хичээллээд яваандаа ангиар хичээллэнэ. Боловсролын их сургуулиас цаашид ангиар хичээллүүлэх бодлогыг баримталж байгаа. Бид 9-12 дугаар ангийн сурагчдаас сонгож авья гээд байгаагийн шалтгаан бол 2015-2016 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн сурагчдаас дугуйландаа авлаа гэж үзэхэд тэдний сонгох цаг нь түлхүү орно. 9 дүгээр ангиас эхлэн дугуйланд хамрагдаж байгаа сурагчдын хувьд сонгохын цаг, ерөнхий эрдмийн цаг нь тэнцүү байна. 9,10,11,12 дугаар ангидаа буюу 4 жил бэлтгэгдэж байгаа сурагч бол бүр боломжтой гэж үзэж  байгаа.

-Тайнах 2014 онд Монгол Оросын найрамдлын нэрэмжит сургууль болсон. Үүнтэй холбоотойгоор гадаад харилцааг цаашид өргөжүүлэх ямар ажлууд хийгдсэн бэ?

-Манайхыг 2014-2015 оны хичээлийн жилд Монгол Оросын найрамдлын нэрэмжит сургууль болгох тогтоол Аймгийн ИТХ-аас гардаж авсан. Гадаад харилцааг цаашид өргөжүүлэе гэсэн зорилго бас байна. Хичээлийн байр маань  хуучин зөвлөлтийн 4-р сургууль байсантай холбогдуулаад  гадаад харилцааг сэргээе, хөгжүүлэе гэсний үүднээс Улан-Үдэ хотын 17, 47-р сургуулиудтай шефийн холбоотой ажиллаж байна. Энэ хугацаанд  34 багш тус 2 сургуулиас туршлага судлан ирж өөрсдийн үзэсгэлэнгээ гаргасан. Мөн тэндхийн 17,47-р сургуулиудаас 11 багш ирж хичээл зааж, мөн биднээс туршлага солилцсон.

Улан-Үдэ хотын сургуулиудаас ямар чиглэлийг нь түлхүү судлан, өөрийн сургуульдаа хэрэгжүүлж байгаа вэ?

-17-р сургуулийн хувьд буриад уламжлалтай, 47-р сургууль нь орос уламжлалтайгаараа хоорондоо ялгаатай. Энэ хоёр сургууль маань эко чиглэлийг барьсан, эрүүл орчныг бүрдүүлж чадсанаараа хамгийн түрүүнд бидэнд үлгэр дууриал болж байна. Манай сургуулийн багш нар энэ чиглэлээр туршлага судалж олон ажлуудыг хийсэн. Энэ хоёр сургуулийн багш нар туршлагатай, Буриадын гавьяат, доктор тэргүүний багш нар олонтой. Тэр ч утгаараа бид Буриадын багш нараас заах арга зүйг, хичээлийн туршлага судлах ажлуудыг түлхүү явуулж, судалгааны ажлууд нилээн хийгдлээ. Улан-Үдэ хотын сургуулиуд манай сургуулийг цахим сургууль гэдгээр нь илүү туршлага солилцон ажиллаж байна.

“Ном”, “Авьяас” хөтөлбөрийн үр дүн танай сургуульд хир байна вэ?

-Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд хөтөлбөр”-ийн хүрээнд манай сургуульд “Авьяас”, “Ном” хөтөлбөрүүд тун үр дүнтэй хэрэгжсэн. Энэ жилийн хувьд  манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд маань аймгийн хэмжээнд тэргүүн байр эзэлж, засаг даргын шагнал 500,000 төгрөгөөр шагнагдсан. Бид “Ном” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц далайцтай хэрэгжүүлж байгаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд “Нэг багш-Нэг дугуйлан” хичээллүүлдэг. Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээж хөгжүүлнэ гэдэг үнэхээр багш хүний мэргэжлийн ур чадвар гарч ирэх ёстой, гарч ирсэн ч гэж үзэж байгаа. 4 жилд нэг удаа  болдог “Хүүхдийн спортын 5-р наадам” энэ жил болсон. Энэ наадмын төрөл бүрт багш нарын маань бэлтгэсэн хүүхдүүд амжилттай оролцож “Хүүхдийн спортын 5-р наадам”-д багаараа тэргүүн байр эзэлсэн. Мөн “Авьяас хөгжлийн жигүүр” хүүхдийн урлаг, спортын наадмыг аймгийн хэмжээнд 2 удаагаа зохион байгууллаа. Монгол улсын хамгийн хурдан гүйдэг хүүхдээр энэ жил манай сургуулийн сурагч Шинэбаяр шалгарсан. Чөлөөт бөхийн улсын аваргад багийн дүнгээр манай сургуулийн сурагчид мөн л тэргүүлсэн.

Боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор улс даяар “Багшийн хөгжил хөтөлбөр” хэрэгжиж байна. Энэ хөтөлбөр танай сургуульд үр дүнгээ өгсөн үү?

-Хөтөлбөрийн хүрээнд манайх сургалтын таатай орчинг бүрдүүлж, цахим үйл ажиллагаа дотоод сүлжээгээр мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах, ажлын байран дээр мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдсэн. Энэ хичээлийн жилд 9 удаа МУБИС-ийн докторууд, эрдэмтэн багш нар, БМДИ-ийн сургагч багш нарыг авчирч ажлын байранд мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 300 гаруй багшийг хамруулсан.           

Багшийн туршлага солилцох ажлуудыг Улаанбаатар хотын “Ган зам” 20-р сургууль, Үндэсний лабортори 23-р сургууль, “Эрдэнэт” цогцолбор, Буриад улсын 17, 47-р сургуулиуд дээр туршлага судлах, үзэсгэлэнгээ гаргах, нээлттэй хичээл, үзүүлэх хичээлүүдийг заах зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Аймгийн хэмжээний зөвлөх багш нарыг урьж 2 цагийн хичээлийг заалгасан. Мөн орон нутгийн телевиз, цахим мэдээллийн хэрэгслээр багш нарынхаа туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг "Багшийн хөгжил хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд аймаг, хот, улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад сурагчид, багш нар маань амжилт үзүүлсэн хичээлийн жил байлаа. Энэ нь нэг талаар сургуулиас хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой чиглэлтэй багш, сурагчдаа дэмжиж ажилласаны үр дүн юм. Энэ бүх ололтыг бүрдүүлж, манлайлж байгаа багш, сурагчдаараа бахархаж, талархаж байгаагаа, мөн үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ, хамтарч ажилладаг байгууллагууддаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлэе.

                                                                           М.ГҮНЖИЛХАМ, Ө.РАГЧААСҮРЭН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж