Цахилгааны үнэ дунджаар 10-13 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнэ дунджаар 10-13 хувиар нэмэгджээ

Монгол Улс ОХУ-аас нэг мВт эрчим хүчийг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлэн 713 мянган рублээр авдаг боллоо. Өмнө нь ОХУ-аас авдаг эрчим хүчний нэг мВт-ын үнэ нь 489 мянган рубль байсан юм. 

Энэ өөрчлөлттэй холбоотойгоор долдугаар сарын 25-наас эхлэн 1000 төгрөг байсан цахилгааны суурь хураамжийг 2000 төгрөг болгон нэмэх шийдвэр гаргаад буй. Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнэ, тарифт ингэж өөрчлөлт оруулах болсноо нүүрс тээвэрлэлтийн үнэ, гадаад валютын ханшийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Харин Эрчим хүчний сайд Д.Зоригтын ярьснаар "ОХУ импортын цахилгааны үнээ хагас жил тутамд нэмдэг. Импортлогч улс орны тавьсан санал, үнийн асуудал дээр хэлэлцээ хийхээс өөр арга одоохондоо байхгүй" аж.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ:

Шинэчлэгдсэн эрчим хүчний тарифаар үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын сар тутмын нэг кВт цахилгааны чадлын төлбөрийг 9000 төгрөг, энгийн тоолууртай айл, өрхүүдийн сарын хэрэглээний 150КВТ цаг хүртэлх эрчим хүчний үнийг 98.40 төгрөг, 151кВт цаг хүртэл буюу түүнээс дээшхи сарын хэрэглээг 118.20 төгрөгөөөр тооцон бодох юм. Харин хоёр тарифт тоолууртай хэрэглэгчийн 06.00-21.00 цаг хооронд ашигласан эрчим хүчийг 104.30 төгрөг, 21.00 цагаас хойш ашигласан шөнийн эрчим хүчийг 77.10 төгрөгөөр бодох бол тоолуургүй хэрэглэгчдийн кВт цагийн хэрэглээг  350 төгрөгөөр тооцох ажээ.

Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 25-наас эхлэн ахуйн хэрэглэгчдийн ашигласан эрчим хүчний үнэ дунджаар 10-13 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.

Үнийн хувьд ингэж өөрчлөгдөөд зогсохгүй бололтой. Цаашлаад эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулахын тулд нэг кВт цагийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 140 төгрөг болгох сураг байна. Ийм зохицуулалт хийхгүй бол жил ирэх бүр эрчим хүчний салбар алдагдал үүрч, одоогийн станцууд нь ачааллаа даахаа больж, уналтад ороход ойрхон болсныг салбарын сайд Д.Зоригт тодотгож байлаа. Өнгөрсөн жил гэхэд л энэ салбар 68.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

БЭЛТГЭСЭН: Д.УЛАМБАЯР, Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж