-Сонирхогчдын боксын ДАШТ-ий болзол чангарчээ. Дэлхийн аваргад оролцохын тулд тивийн АШТ-дээ тухайн жинд эхний долоод бичигдсэн байх шаардлагатай-
Сум, аймгийн баяруудын сүүл мушгисан наадмууд энэ амралтын өдөр болно. Увс аймгийн 90 жилийн ой, Өвөрхангайд ёслох Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн дараа монголчуудын наадам бараг албан ёсоор шувтрах биз ээ.
Харин үүний дараа буюу ирэх наймдугаар сараас эхлэн монголчууд Дэлхийн наадмаар амьсгалж, тамирчид олимпийн өмнөх жилийн хамгийн шийдвэрлэх тулаанууддаа мордоно. Хамгийн гол нь энэ намар болох бокс, жүдо, чөлөөт бөх гээд монголчуудын амжилт үзүүлсээр ирсэн топ төрлүүдийн ДАШТ-ээс 2016 оны олимпийн эрх олгож эхлэх тул улс бүрийн шигшээ багуудын хувьд тун чухал үе байх юм. Монголын тамирчдын хувьд тус тусын спорт холбоод нь хариуцан, түрүүчээсээ бэлтгэлдээ гарчээ.
ЖҮДО БӨХ
ДАШТ: Казахстаны Астана хот. 2015 оны 08 сарын 24-30.
Бүрэлдэхүүн: Одоогоор зарлаагүй.
Улсын баярын өдрүүдэд эх орондоо “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, тэмцээнээс тэмцээнд Монголын нэрийг нүүр бардам дуудуулж яваа жүдочид ирэх наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны Астана хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Өнгөрсөн жилийн Дэлхийн аваргаас энэ жилийнхийг хүртэлх хугацаанд Монголын жүдочид олон шинэ амжилт үзүүлж, хөнгөн жинд дэлхийн чансааг манай хэд хэдэн бөх тэргүүлэх болсон нь Астанагийн дэвжээнд улам сайн барилдах үүрэг, итгэл гэж ойлгоно. Ялангуяа Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан 48 кг-ын жингийн чансааг 3378 оноогоор тэргүүлж, дэлхийн чансааны дээд оноог тогтоосон Дэлхийн аварга М.Уранцэцэг, өнгөрсөн жилийн Дэлхийн аварга Г.Болдбаатар, энэ сараас 52 кг-ын эмэгтэйчүүдийн чансааг илүүрхэн тэргүүлж эхэлсэн Д.Сумъяа, их спортдоо эргэн ирж, оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж буй, Лондонгийн олимпийн V байрын шагналт Ц.Мөнхзаяа нарт спорт сонирхогчид зүй ёсоор их найдлага тавьж байгаа нь мэдээж.
Зарим сайт, жүдо бөх сонирхогчдын нэгдсэн олон нийтийн сүлжээнд ДАШТ-д өрсөлдөх жүдочдын нэрс тодорсон тухай мэдээлэл тавигдаж байгаа ч Монголын жүдо бөхийн холбооноос одоогийн байдлаар албан ёсоор тамирчдын нэрсийг тодруулж зарлаагүй байна. Шигшээ багийн тамирчдын зарим нь өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад тэмцээнтэй байсан тул өнөөдрийг хүртэл Дэлхийн аваргын нэгдсэн цугларалтад ч хараахан гарч амжаагүй байгаа.
Астанад болох жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхох дэмжигчид цөөнгүй байгаа бололтой. Тэмцээн харьцангуй ойрхон байршилд болно, визний асуудалгүй, олимпийн өмнөх ДАШТ тул олон орон оролцоно, өрсөлдөөнтэй болно гэсэн тооцоог тэд аль хэдийнэ гаргаж, онгоц, галт тэрэг, машины аль алинаар нь зорчих нөхцөлөө бүрдүүлж эхэлжээ. Энэ тал дээр Монголын жүдо бөхийн холбоо ч анхаарал хандуулж, тодорхой зохион байгуулалтууд хийж байгаа аж.
ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
- Х.Цагаанбаатар /2009 он/
- М.Уранцэцэг /2013 он/
- Г.Болдбаатар /2014 он/
Мөнгөн медаль:
- О.Балжинням /1989 он/
- Д.Амартүвшин /2013 он/
Хүрэл медаль:
- Д.Баттулга /1989 он/
- Х.Эрдэнэт-Од /2005 он/
- Х.Цагаанбаатар /2010 он/
- М.Бундмаа /2010 он/
ЧӨЛӨӨТ БӨХ
ДАШТ: АНУ-ын Лас Вегас хот. 2015 оны 09 сарын 08-13.
Бүрэлдэхүүн: Одоогоор зарлаагүй.
Чөлөөтийнхний хувьд 2016 оны олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн нь 2015 оны есдүгээр сарын 08-13-нд АНУ-ын Лас-Вегас хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн хувьд одоогоор “Говь” амралтад дэлхийн аваргын бэлтгэл сургуулилтаа базааж байна.
ДАШТ-ээс сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийн шилдэг зургаад багтсан бөхчүүд олимпийн эрх өвөртлөх ёстой. Дэлхийн бөхийн холбооны шаардлагын дагуу бол ДАШТ-д өрсөлдөхийн тулд тухайн улсын баг тамирчид 2015 оны тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох буюу тухайн улсын шигшээ ДАШТ-д оролцох тооны жингээрээ Азийн аваргад оролцсон байх учиртай юм. Монголын шигшээ багийн хувьд өнгөрсөн тавдугаар сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо гурван тамирчнаа хил дээр үлдээснээс болж, арга ядахдаа 74, 97, 125 кг-ын жинд шигшээ багийн багш нараа дэвжээнд гаргаснаар бүх жинд оролцсон нэр зүүсэн тул Дэлхийн аваргад бүтэн багаар очих боломжтойгоо үлдсэн.
2016 оны Риогийн олимпийн дэвжээнд бөхчүүд сонгомол бөхийн зургаа, эрэгтэй чөлөөт бөхийн зургаа, эмэгтэй чөлөөт бөхийн зургаан жинд тус тус хүч үзнэ. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
- З.Ойдов /1974 он/
- З.Ойдов /1975 он/
- Х.Баянмөнх /1975/
- С.Батцэцэг /2010 он/
- С.Цэрэнчимэд /2014 он/
Мөнгөн медаль:
- Б.Жамсран /1971 он/
- Х.Баянмөнх (1971 он/
- М.Хойлогдорж (1973 он/
- Х.Баянмөнх (1974 он/
- Ц.Нацагдорж (1975 он/
- Б.Болд /1983 он/
- З.Дүвчин /1983 он/
- А.Энхээ /1985 он/
- Б.Болд /1985 он/
- О.Пүрэвбаатар /2001 он/
- О.Пүрэвбаатар /2002 он/
- Б.Наранбаатар /2007 он/
- О.Бурмаа /2009 он/
- Д.Отгонцэцэг /2011 он/
- Б.Оюунсүрэн /2011 он/
- Э.Сумьяа /2013 он/
- С.Батцэцэг: /2013 он/
Хүрэл медаль:
- Ж.Мөнхбат /1967 он/
- Д.Сэрээтэр /1970 он/
- М.Хойлогдорж /1971 он/
- О.Энхтайван /1973 он/
- Ц.Нацагдорж /1974 он/
- З.Ойдов /1977 он/
- Д.Оюунболд /1978 он/
- Н.Бүргэдаа /1979 он/
- Л.Энхбаяр /1985 он/
- А.Энхээ /1986 он/
- Л.Эрхбаяр /1989 он/
- П.Сүхбат /1990 он/
- Ц.Цогтбаяр /1993 он/
- Б.Наранбаатар /2005 он/
- Ц.Энхжаргал /2005 он/
- Д.Нармандах /2007 он/
- О.Насанбурмаа /2008 он/
- Б.Одончимэг /2009 он/
- О.Насанбурмаа /2011 он/
- Т.Мөнхтуяа /2012 он/
- Г.Мандахнаран /2013 он/
- Т.Мөнхтуяа /2013 он/
- О.Насанбурмаа /2013 он/
- О.Бурмаа /2013 он/
- Э.Ням-Очир /2014 он/
- Г.Мандахнаран /2014 он/
БОКС
ДАШТ: Катарын Доха хот. 2015 оны 10 сарын 05-18.
Бүрэлдэхүүн: Одоогоор зарлаагүй.
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо аравдугаар сарын 5-18-нд болно. AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа. Учир нь энэ жилийн Дэлхийн аваргад өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоон байрт орсон байх болзлыг AIBA тулгаж буй. Тэгэхээр эхлээд наана нь Азийн аваргаас медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм. Өмнө нь нэг улсаас бүх жинд тамирчнаа оролцуулах боломжтой байсан бол ийнхүү болзол тавьснаар Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн, тамирчдыг одоо нэрлэхэд эрт болж таарч байна. Цаашлаад олимпийн эрх олгох шалгуур ч бас хатуу.
Энэ жилийн ДАШТ-ээс жин тус бүрт харгалзан адилгүй 1-3 эрх олгоно. Тодруулбал, -91 кг ба +91 кг гэсэн хүнд жингийн ангилалд зөвхөн алтан медаль хүртсэн тамирчид РИО-2016 олимпийн эрхээ авах бол 81 кг, 49 кг, 52 кг-ын жинд тус тус хоёр буюу алт болон мөнгөн медаль хүртсэн тамирчдад, харин үлдсэн таван жингийн ангилалд алт, мөнгө, хүрэл /Нэг хүрэл/ медаль хүртсэн тамирчдад РИО-2016 олимпийн наадмын эрхийг шууд олгох аж. Үүний дараа ирэх гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-ын Чянь-Ань хотноо болох Азийн болон далайн бүсийн орнуудын эрх олгох тэмцээн, эцэст нь 2016 оны зургадугаар сарын эхээр Азербайжаны нийслэл Бакуд болох тэмцээн сүүлчийн боломж нь байх юм. Дашрамд, Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болох товтой байна. Тивийн аваргын рингэнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн одоогоор хараахан тодроогүй байгаа юм.
Харин эмэгтэйчүүдийн хувьд ирэх оны хоёрдугаар сард өмнөд хөршид болох ДАШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд олимпод өрсөлдөх боломжтой болох юм. Олимпийн наадамд эмэгтэй боксчид 51, 60, 75 кг гэсэн гурван жингийн ангилалд оролцох бөгөөд 2016 оны ДАШТ-ээс дээрх гурван жинд медаль хүртсэн тамирчдад буюу тус тус дөрвөн тамирчинд олимпийн эрх хүртээнэ. Үүний дараа эрэгтэйчүүдийн адил тив тивийн эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ авах боломжтой. Гэхдээ Ази тивийн тамирчдын хувьд тус тэмцээнээс жин тус бүрт ердөө ганцхан буюу зөвхөн түрүүлсэн тамирчдад олгох ажээ. Тэгэхээр боксчдын Дэлхийн аваргыг зорих, цаашлаад олимпод оролцох болзлын аль аль нь тун хатуу байх нь ээ.
Үндэсний шигшээ багийн боксчдын хувьд энэ өдрүүдэд Германд болж буй “Химийн цом”-ын тэмцээнд өрсөлдөж байна.
БОКСЫН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
- П.Сэрдамба /2009 он/
Мөнгөн медаль:
- Р.Отгонбаяр /1982 он/
- Т.Үйтүмэн /1997он/
- Э.Бадар-Ууган /2007 он/
- Н.Төгсцогт /2009 он/
Хүрэл медаль:
- Э.Цогтжаргал /1993 он/
- У.Мөнх-Эрдэнэ /2009 он/
- П.Сэрдамба /2011/
- У.Мөнх-Эрдэнэ /2013/
Б.БАЯСАХ