Эмэгтэйчүүдийн лигт найман баг оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн лигт найман баг оролцож байна

-Анхдугаар лигт Дархан-Уул, Өвөрхангай аймгаас тус бүр нэг баг, Улаанбаатар хотоос зургаан баг оролцож байна-

Монголын хөлбөмбөгийн холбооноос хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан ажлуудын нэг нь охид, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгийг нээх зорилготой ажиллаж буй. Мөн Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг Японы хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр дамжуулан Монголын эмэгтэй шигшээ багийг Япон дасгалжуулагчаар удирдуулахаар болоод байгаа билээ.

МХБХ-оос 10 сая төгрөгийн шагналын сантай эмэгтэйчүүдийн дээд лигийг анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 21-27-ны өдрүүдэд болж буй уг тэмцээнд “Хад”, “Түмэн хужирт”, “Эрчим”, “Арвис”, “Туулын том тулууд”, Хан-Уул дүүрэг болон Дархан, “Монголын Тэмүүлэл” гэсэн найман баг оролцож байна. Тодруулбал Дархан-Уул, Өвөрхангай аймгаас тус бүр нэг баг, Улаанбаатар хотоос зургаан баг оролцож байгаа бөгөөд тэмцээнийг NTV телевиз шууд дамжуулах аж. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ажиллахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээнд дүрмийн өөрчлөлт хийж, 45 минутаар хоёр үе тоглодогийг 30 минутаар хоёр үе тоглохоор өөрчилжээ. Тоглолтууд тойргууд журмаар явагдаж 27-нд аваргаа тодруулна.

Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд болсон эхний тоглолтоос “Монголын тэмүүлэл”, “Хад”, “Арвис”, Хан-Уул дүүргийн багууд өрсөлдөгчөө хожжээ.

Мягмар (VII.21)

  • "ТИТЭМ ХУЖИРТ" – "МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ" 0-2
  • "ХАД" – "ЭРЧИМ" 1-0
  • ДАРХАН-УУЛ АЙМАГ – АРВИС 0-5
  • ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД – ХАН-УУЛ ДҮҮРЭГ 0-3

Лхагва (VII.22)

  • АРВИС – ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ – ЭРЧИМ 1:1
  • ДАРХАН-УУЛ АЙМАГ – "МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ
  • "ХАД" – "ТИТЭМ ХУЖИРТ" тус тус тоглосон бөгөөд тоглолтын дүнг эргэн мэдээлнэ.

Тоглолтууд өдөр бүр МХБХ-ын талбай дээр 09.00–14.00 цагийн хооронд болж байна.

Фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж