Дэлхийн нүүрсний салбарын хамгийн том компаниудын нэг, АНУ-ын Пибоди Энержи корпорацийн хувьцааны ханш түүхэн доод түвшиндээ ирээд байна. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалагддаг бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд ханш нь 92.65%-иар унаж, үнэ цэнээ бүрэн алдахад хүрээд байгаа юм. Пибоди-д итгэх хөрөнгө оруулагчдын итгэл “шалдаа” буусан энэ уналтыг олон улсын шинжээчид компанийн түүхэн дэх хар үе гэж нэрлэж байна. Өнгөрсөн сард Moody’s агентлаг компанийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан төдийгүй 2016 оны эцэс хүртэл байдал сайжрах ямар ч боломжгүй гэж дүгнэжээ. Энэ оны 6-р сарын 30-нд Пибоди-гийн удирдлагууд албан ёсны мэдэгдэл хийхдээ хагас жилийн санхүүгийн алдагдлын хэмжээ өмнө тооцоолж байснаас хавьгүй өндөр гарна гэж анхааруулсан. Үүнээс болж хувьцааных нь ханш ганцхан өдрийн дотор 12.75%-иар унаж байсан.
Пибоди Энержи нь коксжих ба эрчим хүчний нүүрсний аль алиныг олборлодог ч эрчим хүчний нүүрсний зах зээлд хамгийн том байр суурьтай. Сүүлийн жилүүдэд цахилгаан станц, эрчим хүчний компаниуд байгалийн хий түлхүү ашиглах болсон, коксжих нүүрсний үнэ унасаар байгаа зэрэг нь компанийн үнэлгээ ийнхүү буурахад нөлөөлжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр Пибоди корпорацийг АНУ-ын үйлдвэрчний эвлэлүүд шүүхэд өгөөд байгаа. Шалтгаан нь тус компани ажиллагсдынхаа тэтгэврийн сангийн 800 сая гаруй ам.долларыг шамшигдуулсантай холбоотой гэнэ. 7-р сарын 22-ны өдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр компанийн нэгж хувьцааны ханш ердөө 1.2 ам.доллар, зах зээлийн нийт үнэлгээ нь 333.3 сая ам.доллартай тус тус тэнцэж байв.
Эх сурвалж: www.bidnessetc.com