Рэйлбус хагас тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Рэйлбус хагас тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг

Амгалан-Толгойт чиглэлд төмөр замын автобус буюу рэйлбусыг нийтийн тээвэрт өнгөрсөн жилээс эхлэн явуулсан. Удалгүй зорчигч байхгүй шалтгаанаар хот доторх үйлчилгээг зогсоож, Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулдаг болсон юм. Тэгсэн ч рэйлбус нь алдагдалтай ажилласаар байгааг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар мэдэгдлээ. Хамгийн сүүлийн жишээ наадмын өдрүүдэд Рэйлбусыг хүй долоо худаг чиглэлд иргэдийг үнэгүй тээвэрлэсэн. Үүнд мөн л алдагдал үүссэн. Цаашид зөвхөн УБТЗ алдагдал хүлээхгүй. Мөн билетийн үнээ ч нэмэхгүй. Зөвхөн  Амгалан-Толгойт, Налайх чиглэлд нэмэлтээр тээвэрлэлт хийж, зорчигчдын тоог нэмэгдүүлнэ. Энэ нь алдагдалаа бууруулах хамгийн зөв бодлого гэдгийг УБТЗ-ын ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар онцолжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суу­далтай, 350-400 хүн зорчих бо­ломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт  зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын ний­тийн тээвэрт явуулахаар бол­сон юм.  

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын  тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулна гэсэн зорилттой байлаа.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж