Мари Кристин аялалдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Мари Кристин аялалдаа гарлаа

Энэ сарын 18-д Монголд ирсэн Канадын иргэн, 22 настай Мари Кристин манай улсыг дугуйгаар туулахаар болжээ. Тэрээр мягмар гаригт(VII.21) Улаанбаатар хотоос хөдөлсөн бөгөөд баруун урд зүгийг чиглэн явж, Ховд аймгийн Булган сум хүрэх аж. Мари Кристин тэндээсээ Булган-Такашикен боомтоор хил гарах юм байна.

Хоёр жилийн хугацаанд Орос, Хятад, Турк, Грек зэрэг дэлхийн 10 гаруй улсыг хамгийн хямд зардлаар туулахаар төлөвлөсөн түүний аялал хоёр сарын өмнө Хятадаас эхэлсэн байна. Тэрээр Бээжин-Өвөрмонгол чиглэлд хоёр сарын турш явган аялал хийжээ.

Түүнийг монголчуудад танилцуулсан хүн бол Б.Оюунбат бүсгүй юм. Тэд Бээжингээс ирэх галт тэргэнд танилцсан байна. Монголд ирсэний дараа тэд хямд дугуй олох хүсэлтэйгээ фэйсбүүкээр дамжуулан мэдэгдэж байсан бөгөөд түүнд Т.Одбаяр хэмээх залуу тусалжээ.

Канадын иргэд Монголд 30 хоног визгүй байх боломжтой бөгөөд энэ хугацаанд Мари Кристин аялалаа дуусгахаар төлөвлөсөн байна. Аялалын туршлага багатай канад бүсгүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дэлхийн улсуудтай танилцах аялалаа эхлүүллээ. Тэр дундаа энэхүү аялалд манай улс багтжээ. 

Мари Кристин замд гарахын өмнө Б.Оюунбатын хамт. 2015.VII.21.

НЭМЭЛТ:

Мариа Кристин Канадын баруун хязгаарт орших Монтреал хэмээх хотод төрж өсчээ. Тэрээр бага байхын дэлхийгээр аялах хүсэлтэй байсан бөгөөд энэ нь түүний өрөөний хананд байдаг дэлхийн газрын зурагтай холбоотой байж. Харин тэрээр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд 18 насандаа анхны аялалаа эхлүүлсэн байна. Мариа Кристин АНУ, Перу, Болив, Эквадор, Венесуэл, Никарагуа, Доменикийн Бүгд Найрамдах Улс, Колумб зэрэг улсаар аялжээ. Харин хоёр сарын өмнөөс их сургуулиа орхин дараагий аялалдаа Дорно зүгийг сонгосон юм. Өнгөрсөн хоёр сарыг БНХАУ-д өнгөрүүлсэн тэрбээр Бээжин хотоос Эрээн хот хүртэлх замыг явган туулсан байна. Харин одоо Монголын талыг дугуйгаар туулж байна. Түүний аялалын маршрутыг харвал Төв-Өвөрхангай-Архангай-Ховд аймгийн Булган хүрч Такейшкен боомтоор гарч Өвөрмонгол руу буцаад, цааш Шинжааны Өрөмч хотод хүрэх аж.

Энэ жил 22 настай Канад охин Мариа Кристин(Marie-Christine Perron-Lachance) ийнхүү хэн хүний санаад багтамгүй мөрөөдлөө биелүүлж явна.

Ч.БОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж