Энэ жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 6000 иргэн бүртгүүлжээ. Гэвч эдгээр иргэдээс 10 үе шаттайгаар шалгаруулан 600 нь л БНСУ-руу явах юм. Энэ жилийн хувьд БНСУ-аас квотоо буулгаж, гадны ажилчдад өндөр шалгуур тавих болжээ. Өнгөрсөн жил Монголоос 1000 ажилтан авч байсан бол энэ жил 600 болгож бууруулсан байна.
Солонгосын талаас шалгуураа чангалсантай холбоотойгоор тус улсыг зорихоор бүртгүүлэх иргэдийн тоо ч буурчээ. Энэ жил тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 6000 иргэн бүртгүүлээд байгаа юм. Эдгээр иргэн энэ сарын 31-нд шалгалтандаа орно.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цагийг бүртгүүлэгч тус бүрээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар, www.hudulmur.mn болон http://www.monkor.net вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна.
Шалгалтыг Улаанбаатар хотод 2015 оны 08 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулна. (08:30-10:40 цагт 1-р ээлж 35 иргэн , 10:50-13:00 цагт 2-р ээлж 35 иргэн, 13:50-16:00 цагт 3-р ээлж 35 иргэн)
Бүх шалгуулагч заасан хугацаанд заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой. (1-р ээлж 08:00, 2-р ээлж 10:30 цагт, 3-р ээлж 13:30 цагт)
Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:
Шалгалтыг компьютерт суурилсан өрөөнд онлайн тестээр авна.
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
v Шалгуулагчийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой
Бүртгэсэн газраас олгосон шалгалтын тасалбар /Бүртгэлийн шар хуудас/
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.
Шалгалтын бүтэц:
Асуултын бүтэц | Асуултын тоо | Нийт оноо | Хугацаа |
Сонсох | 25 | 100 | 40 мин |
унших | 25 | 100 | 30 мин |
Нийт | 50 | 200 | 70 мин |
Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.
Шалгалт авах, дүнг зарлах:
Шалгалт авах, шалгалтын дүнг гаргах ажлыг солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж шалгуулагчийг тэнцүүлнэ. Дээд оноо 200 байна. /Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог аж үйлдвэрийн салбарт 600 орчим гэж тогтоосон байна/
Шалгалтын дүнг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар болон www.hudulmur.mn вебсайт, БНСУ-ын хөдөлмөр эрхлэх тогтолцооны http://epstopik.hrdkorea.or.kr, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны сайт болох http://www.eps.go.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн албаны төлөөлөгчийн газрын http://www.monkor.net зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ.
Шалгалтанд тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил хүчинтэй байна.
- АНХААРАХ ЗҮЙЛС
Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.
Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлах арга хэмжээ авна.
Хүний паспорт ашиглан шалгалтанд орох, хуурамч бичиг баримт ашиглахыг хатуу хориглоно.
Шалгалт өгөх иргэд нэрсийн жагсаалтаас шалгалт өгөх хувиараа харж тогтсон цаг хугацаандаа шалгалтанд хоцрохгүй ирэх ёстой. Иргэн өөрийн хариуцлагаас болж хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно.
4. БУСАД ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ
БНСУ-ын Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөрийн Яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ХЭҮСМҮТ нь ажиллах хүч гаргах албан ёсны эрхтэй болно.
СХТТШ өгсний дараа ХЭҮСМҮТ-өөс солонгосын хөдөлмөрийн биржид байршуулсан ажил хайгчийг солонгосын ажил олгогч ажилд авах зөвшөөрөл хүснэ.
БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан эмэгтэйчүүдэд ирж буй ажлын санал харьцангуй цөөн байгааг анхаарна уу.
Аж ахуй нэгж байгууллага болон сургалтын байгууллагууд, хувь хүн "Шалгалтанд бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хууран мэхлэх, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно. Үүнтэй холбоотой асуудалд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь хариуцлага хүлээхгүй болно.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд, харин Солонгост ажиллах баталгаа болохгүй.
СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (зөвхөн доллараар тушаах) байх бөгөөд энэ БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн албанаас албан ёсоор зарласан шалгалтын хураамж болно. Харин ямарваа нэгэн хувь хүн буюу ямар нэг байгууллагын ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В,С вирус, БЗХӨ, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно.
БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ.
БНСУ-ын ажил олгогчийн сонгосон ажил хайгчид хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй виз олгох зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яам, ЭСЯ олгодог бөгөөд хэрэв сонгогдсон ажил хайгч урьд нь БНСУ-д хууль дүрэм зөрчиж байсан, торгууль төлбөр төлөлгүй орхисон, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байсан тохиолдолд визний зөвшөөрөл олгохоос татгалзаж тухайн ажил хайгчийн нэрийг биржээс хасаж байгаа тул бүртгүүлэгч иргэн дээрх зөрчлүүд байгаа бол СХТТШ-ын бүртгэлд бүртгүүлж цаг, мөнгөө үрэхгүй байхыг анхааруулж байна.
Шалгалтын хуваарь, шалгалт өгөх цагаа иргэн өөрөө мэдээллийн хэрэгсэлд тавьсан хуваариас харж хариуцлагатайгаар шалгалтанд орно. Шалгалтаас хоцрох, таслах тохиолдолд нөхөн шалгалтанд орох, шалгалтын хураамж буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ХЭҮСМҮТ-ийн цахим хуудам www.hudulmur.mn БНСУ-н Хүний нөөц,хөгжлийн албаныМонгол дахь төлөөлөгчийн газрын 11310949 утас болон www.monkor.net цахим хуудаснаас авч болно. Манай хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингэсийн өргөн чөлөө Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв. утас: 7712-1285
Б.ЗАЯА