Баяндөхөмийнхөн буюу Гомбын Зундуйнхан

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

Баяндөхөмийнхөн буюу Гомбын Зундуйнхан

  Баяндэлгэр сумын 90 жилийн ойд

Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дэлгэр  багийн уугуул, арван хүүхэдтэй малчин удамт, эгэл гэр бүлийн ууган хүү болон төрж, балчир насандаа өвөө, эмээгийнхээ гар дээр өсч торнисон болохоор дээд үе, удам угсааны хүмүүсийн амьдрал үйлсийн талаар үзсэн, сонссоноо өөрийн мэдэх хэмжээнд хүүхэд, дүү нартаа дурсамжилъя гэсэн бодол тээж явдаг нэгэн билээ. Тэр бодолдоо хөтлөгдөн дээдчүүлийнхээ тухай, тэр дундаас  энэ удаа өвөг эцэг Гомбын Зундуй агсны тухай цөөн мөр тэрлэж суугаа минь энэ.

Миний өвөөгийн дээдцүүлийг Гомбо гэлэнгийнхэн, эмээгийнхийг Дондов гэлэнгийнхэн, Дондовынхон гэж авгайлж иржээ. Миний өвөг эцэг  Гомбын Зундуй, эмээ Дондовын Галсандулам /Галсандумаа ч гэх нь бий/  юм. Дүү нар нь Жаажаа гэж авгайлдаг байсан.Өвөө маань Дондов овогт Дахтын Галсандуламтэй гэр бүл болон амьдарч эмээгийн төрөл садангийн айл Гажидмаа /бид Хушаан гэдэг/-гаас бидний авга эгч  Дуламсүрэнг, өөрийн төрсөн дүү Г.Ишжамцынхаас бидний эцэг Дамдинсүрэнг үрчлэн авч өсгөсөн юм. Авга эгч маань өөрийн нутгийн Цэвэгийн Нацагдоржтой гэрлэж, Сүхбаатар, Шархүүхэн, Батмөнх, Баттулга нарын дөрвөн хүүхэд, аав маань миний ээж Онгон сумын харъяат Лувсандашийн Дэчмаатай гэрлэж биднийг, тухайлбал, Гансүх, Ганбат, Ганцэцэг, Ганчимэг, Гантөмөр, Гантуяа, Ганзориг, Гаамаа, Гандимаа, Ганцэцэгмаа нарын арван хүүхэд  төрүүлж, үр ач бид нь  хуульч, багш, улс төрч, инженер, эдийн засагч, нягтлан бодогч, малчин  зэрэг төрөл бүрийн мэргэжил эзэмшин төр, нийгэм, соёл, мал аж ахуйн салбаруудад хэнээс ч дутахгүй сайн ажиллаж, сайхан амьдарцгааж явна. Энэ бол бидний бахархал, эцэг өвгөдийнхөө нэр төрийг сайн авч явдгийн өчүүхэн ч атугай илэрхийлэл юм даа гэж бодогдоно.      

Бидний элэнц эцэг  Гомбо гэж хүн одоогийн  Баяндэлгэр сумын Дэлгэр багийн нутаг Дөхөмийн говиор нутагтай,  бод, бог нийлсэн зэгсэн малтай, монхордуу хамартай, урт цагаан сахалтай, өргөн нүүртэй нэлээд биерхүү хүн байсан гэдэг.  Гомбо гэлэн хэмээн  нэрийдэж байснаас үзэхэд  хийдэд шавилж байсан бололтой.  Элэнц эх маань Долгор гэж хүн байсан гэдэг. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн. Ууган хүү нь бидний өвөг эцэг Зундуй, удаах хүү нь аавын маань төрсөн эцэг Ишжамц, дараах хүү нь Содномжамц /Бамбаа гэж хүүхэд, дүү нар нь авгайлдаг байсан/, бага хүү нь Доржготов, охин нь Думаа гэж хүн байсан гэдэг. Харин миний өвөө Г.Зундуй, эмээ Д.Галсандумаа нар хүүхэд төрүүлээгүй байна. Тэр үеийн түүхийг сөхөж үзвэл,  тухайн  үед Баяндэлгэр болон Дарьгангын зургаан сум нь Дорнод аймгийн, бусад нь Хэнтий аймгийн харъяанд байсан бол 1942 онд Сүхбаатар аймгийг анх “Жавхлант шарга” нэртэйгээр байгуулахад тус аймагт эдгээр сумд  харъяалагдаж, засаг захиргааны 12 нэгжтэй болсон юм билээ. 

Аавын төрсөн эцэг Ишжамц, ээж нь Цогш гэж хүмүүс байсан. Жамбалсүрэн, Содовсүрэн, Дамдинсүрэн, Цэндсүрэн, Цэцэгмаа, Дамдин, Алтанцэцэг гэж таван хүү, хоёр охин төрүүлэхдээ дунд хүү болох миний эцэг  Дамдинсүрэнг өөрийн том ах Гомбын Зундуйд, удаах хүү Цэндсүрэнг  нутгийн “Баян“ хэмээх  М.Дашцэрэнд үрчлүүлсэн байдаг. Авга ах Цэндсүрэн Мядаг овогтой байсан нь үрчлэгдсэн эцгийнхээ овгоор овоглогдсон бололтой. Цэндсүрэн ах маань нэгдлийн адуун сүргийг олон жил малласан, хурдан шарга азаргатай, шарга азаргыг ид хурдалж байхад нь “Дашцэрэнгийн хурдан шарга”,“Монхцойн шарга” гэх мэтээр нэрлэж, ах маань тэр үед Халзан сумын Монхцой гэж хүнээс шарга азаргыг 5000 /тэр үеийн ханшаар бол их мөнгө шүү дээ/ төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Одоо ч үр сад нь Цогтбаяр, Оторчин, Цогтбаатар, бусад дүү нар аймаг, сумандаа морио хурдлуулж хурдны удам таслаагүй л яваа.

Миний өвөө Гомбын Зундуй түүний дээд болон хойч үеийнхэн бид үе удам  дамжин одоогийн Баяндэлгэр сумын Дэлгэр багийн нутаг Дөхөмийн говь, Баяндэлгэрчүүд, дарьгангачуудын  дээдлэх шүтээн Дөхөмийн бор овоо /нутаг усныхан бид Баян-Овоо гэдэг/ -ны орчим хувийн мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуй эрхлэн түүнийхээ үр шимээр амьдарч ирсэн билээ. Өвөө маань Баяндэлгэр сумын Дэлгэр багийн нутаг Өгөөмөр гэдэг газар төрсөн гэдэг. Өгөөмөрийн хийдийн туурин дээр нь суварга босгосон байна билээ. Өвөө маань олонтой нийтэч, зан төлөв зөөлөн, юм юманд эвсэлтэй ан ч хийчихдэг, алт, мөнгөний дархан ч хийчихдэг, хурдан морь ч сайн уячихдаг хүнд их тусч тэр цагийн монгол эрийн шинж бүрдсэн, нутгийн  түмэндээ нэр хүнтэй нэгэн байсан гэдэг. “Залуудаа морь уургалж байгаад  унаж баруун гуяныхаа дунд чөмгийг хугалж гэмтээхэд нь  эмээ чинь тэр үед машин техник ховор байснаас арга буюу тэмээн тэргээр Улаанбаатар хүртэл 700 –аад км газарт өвөөг чинь асарч тойлж авч явсаар Шастин докторын эмнэлэгт очиж  орос доктроор хөлийг нь тайруулж  зовлонгоос нь салгасан юм гэнэ лээ” гэж нутгийн эмээ Загдаа гуай  намайг дунд сургуульд байхад хуучилсныг би мартдаггүй юм. Эмээ  минь ханьдаа халамжтай, бүсгүй хүн гэхэд их эршүүд нэгэн байсан гэдэг. Тухайн үед өвөөгийн хөлийг хөндүүрлүүлэхгүй гэхдээ тойрч гарах боломжгүй үед тэмээн хөсөгний өмнө замд тааралдсан томоохон чулууг  хүртэл түүж замаас нь зайлуулж явсан, Туул голын бургас хавиас одоогийн Засгийн газрын ордны баруун хойхно анх үүссэн “Шастин доктор”-ын эмнэлэг хүртэл өвөөг минь  эмчлүүлэхээр үүрч очдог байсан тухай нутгийн хуучуулын яриаг би  нэг бус удаа сонсч  байв. Өвөө маань өрөөсөн хөлгүй гэхэд юунд ч түүртдэггүй их эрэмгий хүн байсан даа. Тэр үеийн “Эх орон-265” гэж алдаршсан …овор, жин ихтэй  радиог гурван ширхэг дөрвөлжин батерейн хамт сумын төвийн дэлгүүрээс худалдаж аваад, нэгд  моринд ганзагалахад эвгүй, хоёрт эвдрэхээс  сэргийлж сумын төвөөс Дөхөмийн говь хүртэл 70 шахам км газарт морин дээр тэвэрч авчирч байсныг нь  нутгийнхан дурсдаг.  Бас өвөөг ан хийдэг болохоор нь нутгийнхан “Хар ах” гэцгээдэг байсан гэсэн, уул нь  их шар царайтай хүн байсан даа.Өвөөгийнд жилийн дөрвөн улиралд ангийн мах тасрахгүй, тогоон дээр нь зээрийн бор мах байнга пор, пор буцалж, орсон гарсан зочид, нутгийн түмэн Хар ахынхаа ангийн хишгийг хүртэнэ гэж хол ойроос  цуглацгаадаг байлаа. Бага байхын сэтгэлд тод  үлдсэн нэгэн дурсамжийг сөхөхөд  нэг удаа Дөхөмийн баян овооны хойхно ил харагдах Нүдэнгийн уулын энгэрийн өвөлжөөнд манайхныг хүрэн Чойжил, офицер Рагчаа, Гомбодорж /загзаан/, Дүгэрсүрэн /Богийн/, Хүрэл /Өжөө/, Мажиг /Ажиг/, Лувсаншарав /Шавир/ -ынхантай өвөлжиж байхад /1964 оны арваннэгдүгээр  сарын сүүлчээр санагдана/  Монгол Улсын баатар Ш.Гонгор гуайгаар ахлуулсан улсын бэлтгэлийн зээр агнах ангийн бригадын анчид манай өвөөг түшиглэн ирж,  гадаа нь  гэр, тэргээ байрлуулан зээр гөрөөсийг  олноор агнан авчирч гулуузаар  нь хураан бүтээж, хадгалж байгаад чиргүүлтэй машинуудаар  хот руу ачуулдаг байв. Ш.Гонгор гуай өвөөтэй ихэд дотносож, байлдаж явснаа манайд хонон өнжин хуучилж,  Булан дэрс, Адаг дулааны тулалдаан, тагнуулд гарсан тухайгаа өнгөтөөр нь ярьдаг сан. Буцахдаа “За, өвөөгийн хүү их эрдэм номтой хүн болоорой, сургуульд ороод уншаарай” гэж намайг өхөөрдөж үнсээд өөрийн намтар, түүх бүхий цагаан гадартай жижиг товхимолыг надад бэлэглэснийг би өвөөгийнхөө бурхны авдарт  олон жил хадгалж билээ.

Өвөөгийнх адуу сайтай, тэр дунд хурдан буяны удам, угшил ч гойд сайн байв. Нутгийнхан манай өвөөг  морь шинжихдээ гаргууд, моринд эрэмгий гэлцдэг  байлаа. Өвөө минь намайг  багад морь унуулж сургаад байнга  дагуулж явдаг, айл саахалтаар бууж  үеийн өвгөцүүлтэйгээ  хуучилж  нэрмэлд жаахан халахаараа “Талын таван толгой-г  дуулан  таягаа сугандаа хавчуулаад морин дэл дээр дарцаглаж явдаг   байж билээ. Морьтой холбоотой өвөөгийн тухай хууч яриа, нутаг усныхны дунд  үлгэр домог мэт хэлэлцдэг зүйлүүд ч олон.  Тухайлбал, өвөө “Мэнгэт улаан” гэж хурдан морьтой байсан гэдэг. Мориныхоо уяа сойлгыг сайн ч тохируулдаг байсан гэлцдэг.  Нэг удаа наадмын өдөр уралдах морио эртхэн барихгүй болохоор нь  айл саахалтынхан нь: 

-Зундуй гуай  өнөөдөр уралдах морио эртхэн барих уу. Идэш хоол нь хэтэрчих юм биш үү гэж. Өвөө  “Зүгээрээ  хүү минь жаахан азна. Миний улаан морь өнөөдөр таана идсэн ч тархин тавд,  таар идсэн ч тархин тавд давхина гэж ам гарсан гэдэг. Гэтэл, хэлснээр нь манай мэнгэт улаан морь айргийн тавд хурдалж хүмүүсийг гайхшруулсан түүх бий. Одоо ч өвөөгийн удам залгаж дүү нар маань сум, бүсийн наадамд морио уяж хурдлуулсаар байна. Дүү Ганбатын маань хурдан  будан   хязаалан Сайншанд хотод болсон Данзанравжаа хутагтын нэрэмжит наадамд айргийн дөрөвт, бага дүү Ганзоригийн маань хурдан хүрэн азарга түүхт Ардын хувьсгалын 91, 92 жилийн ойн баяр наадмуудаар сумандаа  түрүүлж, айрагдсан юм.

Манай дарьгангачуул мөнгөн урлал, уран дархнаараа алдартай. Ер нь тэр үеийн эрчүүд дотор уран дархан хийдэггүй хүн байгаагүй байх. Өвөө маань зундаа гэрийн баруун хаяанд шавар зуух бариад янданг гадаа нь байрлуулж мөнгөний дарх хийдэг байсан. Голцуу аяга, хазаар мөнгөлөх, хазаарын товруу, амгай зуузай хийх, мөн модон тэрэгний дугуйг шаантаглах, арал солих зэргээр засварладаг байсныг санаж байна. Манай өвөөгийн хийцийн мөнгөн аяга, хазаар нутгийн айлуудад одоо ч бий.  Мухлаг тэрэг хийж, өвлийн нүүдлээр эмээ бид хоёрыг дааруулахгүй бүхээгт нь суулгаж явдаг байсан сан.

Энэ мэтчилэн өвөөгийн тухай бүгдийг дурдах аваас дуусахгүй л дээ. Өөрийн ой тойнд үлдсэн хийгээд  өвөөг мэддэг, таньдаг хүмүүсийн хуучилснаас ишлэн дурсахад үнэхээр олон талтай хүн байж. Энд бас нэг талыг нь дурдахад  өвөө минь  сайн анчин, аавыг  дагуулж анд  сургасан анхны багш гэдэг. Өөрөө бирданк гэж хөлтэй том буутай, сумыг нь өөрөө бэлддэг. Аав  ангийн маузер гэж буутай байсан. Өвөө, аав хоёр  намар болмогц  анд мордож,  ооно, сувай шаргачинг хоёр, хоёроор нь мориныхоо эмээлийн араар  тэгнэж авчирдаг байлаа. Мөн байсхийгээд хөвчид ан хийхээ явдаг байсан гэдэг. Сүүлд аав маань “Тэргүүний анчин” цол, тэмдгээр шагнуулсан юм даг. Тэгэхээр өвөө маань ч  тэргүүний анчин байх нь ойлгомжтой. Намайг Сүхбаатар аймгийн Ерөнхий шүүгчээр  ажиллаж байхад нутгийн ахмад сэхээтэн, сумын уугуул, тэр үед Аймгийн Засаг даргын  Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн түшмэл  асан Наянтай гуай 1995 онд шиг санагдана Баяндэлгэр сумын 70 жилийн ойн арга хэмжээний   бэлтгэл ажлын үеэр   “Баяндэлгэр сумын анхдагч нарын нэрсийн  жагсаалт”-ыг  гаргаж байхдаа “Танай өвөг эцэг Зундуй гуай сумын анхны Улсын тэргүүний анчин байх шүү” гэж надад нэгэн удаа дурссан юм даг.“Зундуй гуай ан гөрөөсний араас дагаж явснаа гүйдэл зөөлөрч тогтох үед  “Одоо болно” гэж хэлмэгцээ, өрөөсөн хөлтэй гэхэд итгэхээргүй морины явдал дунд таяг нь гялс хийснээ, нүд ирмэхийн зуур буугаад эргүүлгийн хүний хөтөлгөө морины хондлой руу таягаар зөөлөн товшиж амжаад эргэж харах хооронд нь буугаа аль хэдийн тулгуурлан онилчихсон хэвтэж байдагсан” гэж нутгийн хүмүүс дурсахыг   би  олонтаа сонсч бахархаж  байв. Ер нь дээхнэ  үед хүмүүс ан авд одоогийнх шиг машин техник ашигладаггүй, үргээж цочоохгүй зөөлөн аргаар, мориор голдуу явж ан хийдэг байсийм. Зээрийг эргүүлгээр агнана. Янзага, хээлтэй шаргачин огт намнадаггүй, зөвхөн өөрийн хүнсний хэрэгцээгээр сувай шарагчин, ооно л  намнадаг байлаа. Өвөөг авд мордох тоолондоо Алтан-овоо,  Баян-овоондоо залбирал  даатгал үйлддэг, Овооны шавог гэж тарни амандаа байнга уншиж явдаг байсныг  аав минь  хуучилж байснаас үзэхэд өвөө минь   тэр үедээ байгаль дэлхийдээ сүслэн залбирч,буян заяагаа тэгшилдэг байжээ. Өвөөгөөсөө уламжлан бид Алтан-Овоо, Баян-Овоогоо л үе улиран тахиж дээдлэн үр хүүхэд,  хүн, мал, өргөн түмнээ даатган залбирч,  манай сумын Дэлгэр, Дөхөм  багийнхан хамтарч жил бүрийн наймдугаар сард Баян-Овоогоо тахиж, бэсрэг наадам зохион байгуулж заншсан билээ. Дунд дүү Гантөмөр маань багийн Засаг даргын даргын хувиар энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулж ирсэн нь туйлын таашаалтай. Гол усныхан маань  сандарч тэвдэх, уулга алдахдаа ч  “Ээ, Алтан-Овоо минь, Ай Баян-Овоо минь ” гэцгээдэг нь ийм л учиртай.  Би бээр тэртээ 34 жилийн өмнө МУИС-ийн хуулийн ангийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсмөгцөө Дарьганга, Наран, Онгон сум  хариуцсан хэсгийн Ардын II шүүхийн шүүгчээр сонгогдож,  Төрийн их тахилгат, домогт Алтан овооныхоо энгэр бэлд орших  Дарьганга сумаас шүүн таслах ажлын  анхны албан томилолтын гарааг эхлүүлсэндээ бэлэгшээдэг. Учир нь намайг зургаан настай байхад өвөө  маань Баяндэлгэр сумын нутаг Тоостын Могойт гэдэг газраас  Дарьганга сумын төв хүртэл 170 -аад км газарт морь, тэмээн хөсгөөр намайг авч явж  домогт их хайрхан Алтан-Овоонд минь  мөргүүлж, даатгасан тэр л цагаас нутгийн уул ус, байгаль дэлхийгээ хайрлах үзэл маань төлөвшиж эхэлсэн болов уу. Ер нь  манай удмынхан бидний дээдчүүл,  өвөө, эмээ, аав, ээжийн үеэс  байгальтайгаа ойр явж ирсэн нь бидний үед уламжилж нэг ёсондоо тогтсон дэг жаяг, заншил  болсон нь  цаашид  хүүхэд дүү нар, үр хойчид маань байгаль дэлхийтэйгээ харьцаж амьдралаа авч явах нарийн ухаан, том  өв болж үлдэнэ гэдэгт итгэдэг.

 Өвөө, эмээгээс хойш энэ нарийн ухааныг бидэнд зааж, залж ирсэн хүн бол бидний аав.  Аав минь Баяндэлгэрийнхээ Дөхөм багийн төвөөс баруун урагш 10-аад  км-т орших Бор толгой гэдэг газар 1937 онд төрсөн гэдэг.Тэр бор толгой аавын сүсэглэдэг бас нэг шүтээн нь. Аав минь  Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн бод, бог малын суурийг олон жил хариуцаж мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэгдэл нийгмийн мал сүргийг өсгөн арвижуулах, …үйлдвэрлэлийн даалгаврыг биелүүлэхэд ихээхэн идвэхи зүтгэл гарган ажиллаж ирсэн, их хөдөлмөрч хүн дээ. Нутаг усныхан ч аавыг малч ажилсаг гэж магтдаг. Олон ч удаагийн амь өрссөн хүчтэй цасан шуургыг сөрж малаа уруудуулахгүйн тулд малтайгаа хээр хөдөө хүртэл хонож байгалийн гамшигт үзэгдлийг гарз хохирол багатай даван туулж ирснээр нь бид бахархдаг. Аймаг, сумын олон удаагийн аварга цолоор шагнагдаж байсан. Улсын аварга малчны болзлыг тухайн үедээ хангасан гэж яригддаг. “Тэгээд аав та яагаад улсын аварга малчин болоогүй юм бэ”  гэж асуухад “Аавд нь шагнал зохидоггүй, өөтөх гээд байдаг юм” гээд хошигнож суудаг сан.  1980 оны хаврын хүчтэй цагаан шуургыг яаж давж , амь аврагдсанаа хуучилдаг. Барьсан мод үзэгдэхгүй хүчтэй цасан шуурганаар малаа хил давуулахгүйн тулд тогтоож явсаар өөрөө осгодогийн даваан дээр үүр шөнийн заагаар гарт нь тэрэгний дугуй тэмтрэгдсэн гэдэг. Тэрэг байгаа юм чинь айл байгаа юм байна гэж таамаглан шилбүүрийн модоор годлон тэмтэрсээр байгаад Онгон сумын III  багийн малчин Чойдогийн гэдэг айл таарч амь аврагдаж, мал сүргийн гарз багатайгаар цасан шуургыг гэтэлсэн гэдэг. Миний бодлоор,аав маань тэр үед баатарлаг гавъяа байгуулсан юм байна гэж ойлгодог. Гэхдээ Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудтай. Аав минь нуруулаг  их өндөр хүн болохоор нутгийн ахан дүүс  манайхныг “Өндрийнхөн”, аавыг “Өндөр ах” гэцгээдэг. Аав минь  …Дарьгангын Алтан овооны дүү нь гэж домогт өгүүлэгддэг Дөхөмийн Баян- Овоондоо залбирал үйлдэж үр, ач биднээ даатгаж ирсэн юм. Ийнхүү олон эрсдлээс амь хэлтэрснийгээ, өдий болтол амар амгалан жаргалтай яваагаа төрсөн нутаг ус, Алтан-Овоо,  Баян-Овооны минь  ивээл гэж үргэлж дурсч залбирч явдаг даа. Тиймээс бид ургийн овог авахдаа, энэ талаар мэдээлэлгүй болсон учраас аавын талын бүх ах, дүү төрөл садангууд бидний саналыг харгалзан өөрсдийн мэдэх элэнц эцэг, төрсөн нутаг усны нэрийг оруулан “Баян дөхөм-Гомбо” гэж овоглосны учир энэ билээ.

Баяндэлгэр сумын уугуул, Баян дөхөм Гомбо овогт Дамдинсүрэнгийн Гансүх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж