Bill Gorman Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгчөөр томилогджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Bill Gorman Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгчөөр томилогджээ

Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх
“Ажлын Мастер гэрээ”-г Лондонгийн хөрөнгийн бижтэй өнгөрсөн сард
байгуулсан билээ. Уг гэрээний дагуу Монголын Хөрөнгийн биржийг удирдах
менежментийн баг Лондонгийн биржээс томилогдох юм. Тэр дотроо байнгын
ажиллагаатай гурван мэргэжилтэн байх аж. ТӨХ-ны мэргэжилтэн, Хөрөнгийн
биржийн ТУЗ-ийн гишүүн О.Сайнжаргалын хэлснээр Гүйцэтгэх захиралд зөвлөх
үүрэг бүхий Ерөнхийлөгч, СЕО буюу Хөрөнгийн биржийн өдөр тутмын үйл
ажиллагааг хариуцан явуулах Гүйцэтгэх захирал, мөн Хөрөнгийн биржийг
олон улсын биржүүдтэй холбох маркетингийн асуудал хариуцсан мэргэжилтэн
гэсэн гурван хүн ирэх юм байна. Ямар ч байсан тэдний нэг буюу
Ерөнхийлөгчийн албанд Bill Gorman гэдэг мэргэжилтэн томилогдсон байна.
Хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хорооны зүгээс энэ талаарх мэдээллийг
албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн сарын дундуур Монголын
Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгчийн суудалд суусан Bill Gorman-ны талаар
хөгжиж байгаа олон оронд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар ажиллаж
байсан туршлагатай хүн гэхээс өөр мэдээлэлийг албаны хүмүүс өгөхгүй
байна. Ямар ч байсан зарим албан ёсны хурал, арга хэмжээнд Монголын
Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч гэсэн статустай оролцож байгаа нь түүнийг
энэ албанд томилогдсон гэдгийг харуулж байгаа юм.

Bill Gorman CV-нд дурдсанаар нь тэрбээр мэдээллийн технологийн салбарт шинжээч удирдах ажилтнаар 46 жил, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн салбарт 34 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Дотоодын болон олон үнэт цаасны арилжааг зохион байгуулах технологийн системийн шилдэг мэргэжилтэн гэнэ. Хөгжиж байгаа орнуудын хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаж байсан арвин туршлагатай, хамгийн сүүлд гэхэд Иракийн хөрөнгийн биржид ажиллаж байсан аж. Мөн Армени, Украйн, Энэтхэг, Вьетнам, Македони, Египет, Хятад гээд дэлхийн 47 улсад ажиллаж байжээ. Түүний хийх ажил нь Хөрөнгийн биржийн технологийг шинэчлэх, олон улсын биржүүдтэй технологийн хувьд холбож өгөх аж.


Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman: Хөрөнгийн биржийн системийг 9-р сард холбож дуусна


Монголын Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Bill Gorman-наас зарим зүйлийг тодрууллаа.

Монголын Хөрөнгийн биржид Millenium IT технологийг суурилуулна. Хэзээ энэ ажил дуусах вэ?

Лондонгийн Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсаныг та бүхэн мэдэж байгаа. Гэрээний дагуу Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлж, биржид төлбөр тооцоо, арилжааны системийн өөрчлөлт хийнэ. Одоо арилжаа, төлбөр тооцооны систем суурилуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ жилд бүрэн багтаах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бидэнд хэд хэдэн асуудал тулгарч байгаа. Тухайлбал тендер. Бидний худалдаж авах гэж байгаа бараа маань зүгээр нэг агуулахад байдаггүй болохоор тендер зарлаж оруулж ирэх хэрэгтэй. Тендерээ зарлачихсан байна. Тоног төхөөрөмжүүд маань долдугаар сарын дундуур гэхэд ирнэ. Суурилуулалтаа хийгээд есдүгээр  сарын сүүлээр гэхэд системээ холбочих сонирхолтой байна. Системээ холбосны дараа брокеруудаа сургалтад суулгаж, бэлдэх шаардлагатай. Оны сүүлээр арванхоёрдугаар  сар гэхэд системээ бүрэн холбоно. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржийн систем бүрэн автомат болно гэсэн үг. Харин Лондон, Торонтогийн биржтэй холбох бол дараагийн асуудал. Жил хагас орчмын дараа ч юм уу бэлэн болох байх.

Таныг хөрөнгийн зах зээлийн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай хүн гэж сонссон. Өөрийнхөө ажлын туршлагаас хуваалцаач?

Би хамгийн анх Нью Йоркийн хөрөнгийн биржийн автомат систем дээр ажиллаж байсан. Дэлхийн хамгийн анхны хадгаламж, төлбөр тооцооны автоматжуулсан системийг босгож байсан. Үүнээс хойш дэлхийн 50 орчим орны хөрөнгийн биржид ажиллалаа. Тэр дунд хөрөнгийн биржийг нь анх байгуулалцаж байсан улс ч бий, биржийнх нь технологийн шийдлийг хийж өгч байсан улс ч бий.

Өнөөдрийн Монголын Хөрөнгийн биржийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Манай улс шиг дөнгөж хөгжиж байгаа биржүүдэд ажиллаж байсан тохиолдол олон бий юу?

Хөгжиж байгаа олон хөрөнгийн биржид ажиллаж байлаа. Хамгийн анхных Гана улс. Тэр үед Ганын хөрөнгийн бирж нэг танхимд ширээ тойрч суугаад л хоорондоо арилжаагаа хийдэг байсан. Дараа нь Бангладеш, Шри Ланкийн хөрөнгийн биржид ажилласан. Бас л ширээ тойрч суугаад арилжаагаа хийдэг тийм л дүр зурагтай биржүүд байсан. Үүний хажууд Монголын Хөрөнгийн бирж бол тодорхой хэмжээнд хөгжсөн, электрон тоног төхөөрөмжтэй нь нэг давуу тал юм. Үүнээс гадна Энэтхэгт хэсэг хугацаанд байсан. 24 жижиг хөрөнгийн биржтэй байсныг нь нэгтгэж нэг том хөрөнгийн бирж болгосон туршлага байна.

Технологийн шинэчлэлт хийхээс гадна өөр ямар ажил хийх шаардлагатай байна вэ?

Монголын Хөрөнгийн биржид одоо хамгийн том тулгамдаж байгаа асуудал бол хууль эрхзүйн орчин дутуу, тааруухан байна. Энэ сул орчинг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэхэд л төр засгийн зүгээс их анхаарах хэрэгтэй гэж боддог.

С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж