Эрхэм дэд сайд Такаги,
Хүндэт төлөөлөгчид,
Хатагтай, ноёд оо,
Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан 7 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлье.
Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай бөгөөд Япон Улс нь манай улсын худалдааны найдвартай түнш орнуудын нэг билээ.
Бид Худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн.
Бидний уламжлалт найрсаг харилцаа хоёр улсын өнөөгийн харилцааны үндэс суурь болж байна.
Монгол Улс, Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ихэвчлэн зээл, тусламжид тулгуурлан ирсэн.
Тухайлбал, Монгол Улс эрчим хучний хомсдолд орж байсан хүнд хэцүү үед шаардлагатай хөрөнгө оруулалтыг Япон Улс хийж бидэнд тусалж байсан.
Мөн зах зээлийн нийгмийн шилжилтийн жилүүдэд нийгмийн олон салбарт Япон Улсын дэмжлэг асар их байсан.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох мал аж ахуй, малчдын өмнө зуд гамшиг болоход мөн л Японы ард түмэн бид хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгадаг гээд бидний хамтын ажиллагаанд ийм жишээг олон арваар нь дурьдаж болно оо.
Манай ард түмэн түмний тусыг хэзээ ч мартддаггүй юм.
Эрхэм дэд сайд Такаги,
Хүндэт төлөөлөгчид,
Хатагтай, ноёд оо,
Монгол –Япон Улсын харилцаа чанарын шинэ түвшинд гарч байна.
Бидний харилцаа зөвхөн Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд төдийгүй, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын харилцан ашигтай ажиллагааг хамарсан өргөн цар хүрээнд дэвшин гарч ирж байна.
Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хамгийн итгэлт түншүүдийн нэг болох Япон Улстай байгуулсандаа нэн таатай байгаагаа илэрхийлье.
Энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хоёр орны худалдааны харилцан ашигтай, бие биеэ нөхсөн зохистой харилцааг төр,хувийн хэвшлийн түншлэлд суурилан хэрэгжүүлэх боломж нээгдэж байна.
Япон Улсын шинэ техник, өндөр технологийг Монгол орны хөрсөн дээр нутагшуулах, нэвтрүүлэх, хоер орны экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн нэмэгдүүлэх өргөн боломж бий болж байна.
Япон Улс Монгол Улстай дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй, зам барилга санхүүгийн зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байна.
Харин Монгол Улс аж үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд Японы зах зээлд монголд уйлдвэрлэсэн бараа, бутээгдэхүүнээ нийлүүлэх, японы техник, технологийг ашиглан хамтран ажиллах сонирхолоо Японы ажил хэрэгч хүмүүс та бүхэнд хандаж дэвшүүлж байна.
Бидний ашиг сонирхол нэг цэгт огтлолцож чадна гэдэгт найдаж байна.
Надтай Монгол Улсын маань энэ олон ажил хэрэгч хүмүүс зүгээр л нэг дагалдаж ирээгүй. Энэ хугацаанд Японы зах зээл, ижил төрлийн бизнес эрхлэгчидтэй харилцан урт удаан хугацааны холбоо тогтоох найдлага тээж ирсэн гэдгийг би тусгайлан тэмдэглэж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нэг чухал механизм бол энэхүү зөвлөлдөх уулзалт бөгөөд энэ арга хэмжээнд Монгол, Японы хувийн хэвшил идэвхтэй оролцож байгаа нь харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл сонирхол өндөр байгаагийн илрэл.
Би энд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, худалдаа, аж үйлдвэр хариуцсан сайдын хувьд харилцан ашигтай гэдэг үгийг онцлон тэмдэглэмээр байна.
Бид хамтдаа аж үйлдвэрийн салбарын бүтцийг сайжруулах, энэ чиглэлийн хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг бий болгох, дэмжих явдал гэж энэхүү зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг харж байна.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 онд Монгол Улсад айлчлах үеэрээ “Эрч+” санаачлагыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Үүний гол зорилго монголын экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Ялангуяа, хөдөө аж ахуй, уул уурхай, эдгээрт үндэслэсэн аж үйлдвэрийн шинэ салбар бий болгох, аялал жуулчлал, банк санхүү, эрчим хүч болон мэдээллийн технологийн салбарыг онцолсон. Иймд, дээрх салбарыг японы үйлдвэрлэлийн болоод эдийн засгийн сүлжээнд нэгдэхэд 2 орны хувийн хэвшил зүтгэнэ гэж итгэж байна.
Манай улс 2014 оны байдлаар дэлхийн 130 гаруй оронтой худалдаа хийсэн бөгөөд худалдааны нийт эргэлтийн 3.6 хувь, экспортын 0.4 хувь, импортын 7 хувийг Япон Улс эзэлж байгаа нь чамлалттай тоо юм.
Цаашид хоер орны худалдааны экспорт, импортын зохистой харьцааг буй болгохыг эрмэлзэх нь чухал юм.
Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан 7 дугаар зөвлөлдөх уулзалт өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэж, хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлье.
Монголчууд бид нийгмийн шинэ тогтолцоо руу ороход олон зүйл шинэ байсан. Тэр дундаа аж үйлдвэр, хувийн хэвшлийнхэн олон зүйлд алдсан, бас сургамж авсан.
Шинийг бүтээнгээ суралцсан. Харин бид одоо сайн хамтрагчид байхыг хүсч байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх зөв чиг хандлагыг тодорхойлоход чухал хөшүүрэг болно гэж итгэж байна.
Бидэнд асар их бололцоо бий. Хэдийгээр Япон Улс-Монгол Улсын эдийн засаг дэлхийн түвшинд харилцан адилгүйгээр эрэмбэлэгддэг ч хамтдаа бүтээхэд ерген бололцоо байна.
Монгол оронд арвин их байгалийн баялаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд байна.
Харин Японд Улсад танай ард түмний уйгагүй хүч хөдөлмөрөөр бүтсэн дэлхийд үнэлэгдэх шинэ дэвшилтэт техник, технологи үйлдвэр байгуулах, түүнд тулгуурласан хөдөлмөрийн болон техник технологийн арвин их нөөц туршлага нь байгаа.
Энэхүү хоёр хүчин зүйлийг хослуулахад манай хоёр орны төдийгүй дэлхийн зах зээлд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгох цаг ойрхон ирнээ гэдэгт эргэлзэхгүй байна.
“Чи итгээд л орсон бол үүдээ хаа” гэж уг байдаг. Энэ нь итгэсэн л бол эргэлзээгээ гээхийг бидэнд сануулж буйтай агаар нэг юм.
Энэхүү итгэлцэл та бидний эдийн засгийн хамтын ажиллагааны тулгуур болж хоёр улсын ард иргэдийн хөгжил дэвшилд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа!