АТГ-ын дарга гомдол гаргах эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга гомдол гаргах эрхтэй боллоо

АТГ-ын дарга нар Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй боллоо

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2-2,4 жилийн хорих ял сонссон АТГ-ын дарга нар хяналтын  шатны шүүхэд хандаагүй байсан юм. Тэгвэл нийслэлийн шүүхээс өнөөдөр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн магадлалыг гардуулан өгөхөөр болжээ. Энэ талаар шүүх хурлын даргалагч,  нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагаас тодруулахад “Магадлалыг гардуулан өгснөөс хойш 14 хоногийн дотор Дээд шүүхэд хандах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэж хуулинд заасан. Хэрэв яллагдагчид гомдолтой байгаа бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа” гэсэн юм.  Харин Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Б.Хишигбаатар “Магадлалыг одоогоор гардаж аваагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлын   шийдвэрийг эсэргүүцэж байгаа учир Дээд шүүхэд гомдол гаргана” гэв.

Нэмж мэдээлэхэд, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар ч мөн хяналтын шатны шүүхэд хандах аж. Нийслэлийн шүүхээс гарсан магадлалыг улсын яллагч, яллагдагч, тэдний өмгөөлөгчдөд тус бүр  гардуулан өгдөг юм байна. Нийслэлийн шүүхээс гарах магадлалыг  гардуулан өгөхгүй удсан нь ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй хэмээн мэдээлж байсан. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн хэлснээр “Авлигын тухай хуулийн 31.2-т зааснаар АТГ-ын алба хаагчийг гэмт хэрэг  үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол АТГ-ын дарга, дэд даргын талаар УИХ-д, бусад албан хаагчийн талаар АТГ-ын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ” гэж заасны дагуу  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж