“Шонхор”-ын хараа хийгээд АН

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

“Шонхор”-ын хараа хийгээд АН

Хөеөгөө цуглуулах оготныг шүүрэх гэсэн “Шонхор”-ын саварт орохгүй гэсэндээ аль байдгаараа хичээвч орох нүх, бултах зай, хамгаалах хана, хэрэм хомс болжээ. Өвлийг өнөтэй давахын тулд хөеөгөө сайтар цуглуулж, хүн бэрх цагийг давахын тулд оромжоо янзлахаас эхлээд шийдлийн Засгийн газарт хийх ажил мундахгүй. Энэ бүхний хажуугаар “амь” эрсдэхгүй байх нь чухал. Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, сонгуулийн үлдсэн хугацаанд хамтран амьдрахаар болсон МАН-ыг өмнөх ажлаа хийхгүй байж ховч авгай шиг олон, долоон юм донгоссон гээд “төрхөмд” нь буцаахаар болов. Араас нь гүйж, аль өнгөтэй, өөдтэй яамдаа инж болгож байж арай гэж зөвшөөрүүлсэн өрхийн тэргүүнд энэ хэцүү шийдвэр. Тиймээс “салах өргөдөл өөрийн биеэр гаргахгүй” гээд шуудхан хэлсэн. Харин урт хэл хүзүү орооно гэгчээр хөөгдөхдөө тулж, хөгөө чирсэн сайд нараа өмөөрч МАН-ын даргын байр сууриас бус хадамдаа гологдсон бэрийн эцгийн “олны нүдийг яаж харна аа” гэсэн өнцгөөр “Гуйж, түүж авсан шигээ бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөөрэй” гэх багцааны үгийг М.Энхболд төрийн Тэргүүний өрөөнд чулуудаад авсан. Хариуд нь харин АН-ын даргын хувиар З.Энхболд “батлуулж болсон юм, салгаж болно оо” гэдгийг шуудхан хэлж буй харагдсан. Гэхдээ Засгийн газрыг огцруулж болохгүй. Эр эмээр бол гэрийнхээ хамаг өөдтэй, өнгөтэйг төрсөн гэртээ /намынхандаа гэж ойлговол зохилтой/ өгчихөөд дуугүй суухгүй хадмуудаа /АН-ыг орлуулан бодоорой/амьтанд муулж болохгүй гэсэн байр сууриас АН хандсан гэж болно.

Гэхдээ энэ бүхний цаана АН-ын фракцидын тэмцэл өрнөж байна. Ерөнхий сайдад өөрийг нь өмгөөлөх өмөг түшиг нь засгийг тогтвортой байлгахыг өөрийн бодит жишээгээр анхааруулж буй Ерөнхийлөгч. Сайд нарыг солих тухай энэ асуудал даамжирвал бүтцээ өөрчлөх гээд асуудлаа оруулж ирээд өөрөө унасан шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн замаар туг тахиулна гэдгээ Ч.Сайханбилэг сайн ухаарч байгаа. Тийм бодит болгоомжлол бийг ч Ерөнхийлөгч сануулсан.

Харин АН-ын дарга З.Энхболд засагт солио, холио хийнэ гэх байр сууриа хамгаалж “МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9 дүгээр сард ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын даргын захирамж гараагүй байгаа ч гаргах нь энэ үгнээс нь тодорхой байна.

Нохдын үхэл хананд, ноёдын үхэл чуулганд гэх хэлцийг санагдуулам нэгэн зүйл наадмаар өрнөсөн нь УИХ-ын дарга Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас зайгаа барьсан байдалтай харагдсан. Тэгэхээр гаргасан шийдвэрээ эргэн харахгүй бололтой. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг АН-ын зарим гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь бас л учиртай. Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хэний гарт байгаа вэ гэвэл намын даргад. МҮДН фракцийнхан хэдийгээр ГЗ-д олуулаа ч “Шонхор”, МоАХ зэргийн талд зогсч буй. Тиймээс дахин хуралдсан ч МАН-ыг хөөх шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн үг.

Тиймээс маргаанаа ҮЗХ-гоор шийдүүлэх сонирхол аль алинд нь байна. Харин ҮЗХ-д аль нь олон суудалтай вэ гэдэг асуудал толгой өвчин болж байна. Аль ч фракцид харъяалагддаггүй шударга гишүүд ҮЗХ-нд цөөнгүй ч “Шонхор”, МоАХ-ын нэгдэлд дэмжлэгэ хэрэгтэй. “Алтан гадас” олонх ч Ч.Сайханбилэгийн хувьд дэмжлэгэ авахад бэрх болсон. Засаг нь орших, оршихгүйдээ тулаад байхад наадмын өмнө хуралдсан “Алтан гадас”-ын хуралд Ерөнхий сайд очоогүй нь ч үүнийг илтгэнэ.

Нөгөөтэйгүүр Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг ярьсандаа байгаагүйдээ өөртөө гомдоорой гэдгээ твиттерээр шуудхан хэлчихсэн. Тэгэхээр “Алтангадас”-ын зүгээс дэмжлэг ирэхгүй.

Ядаж байхад засгийн кабинетад нь “Шонхор”-ын хүмүүс их бий. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, АН-ын томоохон лидерүүдийн нэг Э.Бат-Үүл ч гэхэд “Шонхор”-ынхонтой сүжирдэг болсон. Иймээс Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарт авралын ганц бурхан нь Ерөнхийлөгч болжээ. Гэхдээ эв нэгдлийн бэлэгдэл болсон даруйдаа Ц.Элбэгдорж намаасаа татгалзаж, нөлөөлөх боломжгүй болсон.

Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын альных нь хүссэнээр болох вэ гэдэг асуудал өнөөдөр Н.Алтанхуягийн гарт ирсэн гэсэн үг. Н.Алтанхуяг ямар байр суурийг баримтлана түүгээр болно гэсэн үг. Хэрэвзээ ҮЗХ-ны хурлаас өмнө асуудлаа гишүүдээ хайрцаглаж, нарийн тохироогоо хийж чадахгүй бол хаа хаанаа хорсолтой буй АН-ын ҮЗХ-ны гишүүд төрийн хоёр өндөрлөгийг хэнийг ч нь тонгорчихож мэдэх нөхцөл байдал үүсчээ. Тиймээс ч төрийн албанд очсон ҮЗХ-ны гишүүдийн оронд өөрсдийн хүмүүсийг сонгуулахын тулд ширүүн тэмцэл өрнүүлээд авсан.

Салхи хаашаа эргэхийг шуудхан хэлэхэд эрт бөгөөд төвөгтэй. Гэхдээ,

-Хийсгэж чадахгүй юм бол салхи байгаад яах билээ гэдэг дууг одоо аялах хүн нь Н.Алтанхуяг юмсанж. Өмнөх засгийг сүйдэлсэн шиг боломжийг “Шонхор”-т олгож шүүрүүлэх эсэх Ч.Сайханбилэгийн гарт бус бусдын мэдэлд байна. “Шонхор”-уудад бодол бий ч тоолгүй өнгөрч болохгүйг сануулах юун. Мэхт мэхэндээ л гэгч болж дээ.

Харж л суухаас…

Л.НАРАНТӨГС

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж