Улаанбаатар орсон түр зуурын бороо үерийн аюулыг сануулав

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатар орсон түр зуурын бороо үерийн аюулыг сануулав

-Ойрын өдрүүдэд нутгийн төв, зүүн хэсгээр үргэлжилсэн аадар бороо орлоо. Хамгийн сүүлийн жишээ өчигдөр үдээс хойш хотын төв хэсэгт түр зуурын аадар бороо орж, нийслэлийн багагүй хэсгийг үерийн усанд автууллаа. Тухайлбал, хотын төв хэсэг, УБИС орчим, ХХААЯ-ны дэргэдэх буудал, Чингис зочид буудлаас уруудах зам, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллын арын зам зэрэг олон газарт зам талбай үерт автсан юм-

700 гаруй километр замын 13 хувьд ус зайлуулах хоолой бий

Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй километр зам бий. Гэхдээ энэ замын дөнгөж 13 хувьд нь, үүнээс төв хэсгийн 300 орчим километр замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой. Эдгээр ус зайлуулах хоолой нэгдсэн нэг магистраль шугамаар баруун тийшээ явж, “Хархорин” захын хажууд байрлах усан насосын станцад бохироо шахдаг байна. Харин усан насосын станцад очсон усны бохирдлыг буюу том хогнуудыг шүүн аваад, үерийн усыг шууд Туул гол руу цутгадаг аж. Ийм усан насосын станц Улаанбаатарт ганцхан л ажиллаж байна.

Улаанбаатарын ус зайлуулах хоолойнуудын насжилт дуусчээ

Өчигдрийн 20-хон минут орсон аадар Улаанбаатарыг далайн эргийн тосгон шиг усанд автуулав.

Ус зайлуулах байгууламжгүй замтайгаас болов уу, нөгөө ус зайлуулах хоолой нь хогондоо бөглөрөөд ажиллахаа больсон уу, нийслэлчүүд үеийн усанд живэх нь холгүй болов. Аадар борооны дараа Улаанбаатарт “завьт эргүүлийн бизнес” цэцэглэлээ гэж сошиал ертөнцөөр эвлүүлэг хийн хошигнож байна. Хотын төв хэсгийн зам ийнхүү усанд автсан байхад арав гаруй жилийн өмнө япончуудын тавьсан Нарны зам усгүй байна гэхчлэн сошиал ертөнцөд хүмүүс өөр өөрсдийн сэтгэгдлээ бичиж, алиа хошин зургаа нэг нэгэнтэйгэй хуваалцлаа. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албан инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Балдандоржийн өгсөн тайлбар арай өөр байлаа. Тэрбээр "Улаанбаатар хотын ус зайлуулах шугамын нэгдсэн хоолой зөвхөн нэг тийшээ буюу Хархорин захын хажууд байрлах усан насосын станц руу чиглэдэг. Эргээд энэ нь хүчтэй бороо орсон үед хотын төв замын ус зайлуулах хоолойнууд ачаалалаа даахгүй зам усанд автаж байна. Бороо зогсоод 20-30 минутын дараа замын ус бүрэн зайлуулах хоолойгоор урсчихдаг. Нарны замын ус зайлуулах хоолойн тухайд шууд Хархорин дахь усан насосын станц руу холбогдсон нэг шугамтай. Товчхондоо тус замын бохир ус ямар ч ачаалалгүйгээр станцад хүрдэг. Харин бусад төв хэсгийн ус зайлуулах хоолойнууд бүгд 20-30 жил болсон ашиглалтаас гарсан" гэлээ. Гэхдээ энэ нь шинээр тавигдсан замд ус зайлуулах хоолой байхгүй гэсэн үг биш. 2013 оноос хойш тавигдсан бүх замд ус зайлуулах хоолой заавал хийх шаардлагыг нийслэлээс тавьж, гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан. Гэвч компаниуд хуучны зураг төслөөр ус зайлуулах хоолойгоо тавьсан. Хуучны зураг төсөл гэдэг нь 700 мянган хүн амтай төлөвлөгдсөн нийслэл хотын инженерийн байгууламжийнх. Мэдээж ийм зураг төслийн дагуу хийсэн ус зайлуулах хоолой яаж 1,5 сая хүн амьдарч буй нийслэлийг усанд автуулахгүй байж чадах билээ. Шинэчилье гэхнээ дахиад л шинэ зураг төсөл, хөрөнгө мөнгө шаардагдах юмсанж.

Хотын төв хэсэгт ус зайлуулах станц барина

Иймэрхүү хэцүүхэн байдалд буй нийслэлчүүддээ алсын ч гэлээ таатай мэдээлэл дуулгахад хотын төвд шинээр ус зайлуулах станц барих гэнэ. Нийслэлийн ус зайлуулах төв шугамын насжилт дууссан шалтгаанаар хотын баруун, зүүн, төв хэсэгт шинэ усан насос станц барихаар хотын удирдлагууд төлөвлөжээ. Эхний ээлжинд хотын төв хэсгийн ус зайлуулах хоолойг шинэчлэхээр зураг төсөл нь гарчээ. Өөрөөр хэлвэл, нийт 266 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж, ус зайлуулах шинэ төв станцын зураг төслийг гаргасан гэнэ. Ирэх намраас насос станцын барилгын ажлыг эхлүүлэх тооцоог НЗАА-наас хийжээ. Дараа нь төсөв, хөрөнгө нь шийдэгдвэл нийслэлийн баруун хэсгийн ус зайлуулах шугамын төв станцыг шинэчилж өргөтгөнө. Зүүн хэсэгт ч ялгаагүй ийм станц шинээр барих төлөвлөгөө бийг эх сурвалж тодотголоо.

Замын усыг 5-6 машин соруулж авдаг

Нийслэлийн ус зайлуулах хоолойг өнгөрсөн тавдугаар сараас хоёр сарын хугацаатай цэвэрлэсэн. Зарим хэсэгт хоёр дахь ээлжийн цэвэрлэгээг хийж буйг нийслэлийн Захирагчийн ажлын албан инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Балдандорж онцолсон. Нөгөөтэйгүүр хотын замуудад ус зайлуулах шугам бий, түүнийгээ тогтмол цэвэрлэдэг ч гэсэн гэр хорооллоос урсан ирсэн ус их хэмжээний шороо шавартай байдгаас ус зайлуулах хоолой хурдан бөглөрөх нэг шалтгаан болдог. Иймээс гэр хорооллоос ирэх усыг хаасан далан хэрэгтэйг ч сануулах иргэд байна. Мөн өнгөрсөн жилүүдэд замын голоор, хоёр хажуу талд ногоон байгууламжтай байсан бөгөөд түүнд нь үерийн ус шингэдэг байсан нь ус бага байсан байж болох талтай гэдгийг ч хэлэх эх сурвалж байлаа. Харин "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ус шавхах зургаан машин ээлжлэн ус ихтэй замын үерийн усыг соруулдаг аж.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж