Засгийн газрын ээлжит хуралдааныг өчигдөр 16.00 цагт болсон. Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Зуншлагын нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай багтсан байна.
Монгол орны 60 гаруй хувь гантай байгаагаас газар тариалангийн бүс нутагт ихээр халсан. Ган мал аж ахуй эрхлэгчдэд мөн хүндээр тусч буй. Тиймээс одооноос эхлэн өвөлдөө бэлтгэх ажлыг сайн базаах үүнтэй холбоотойгоор зарим нутгийг отрын бүс нутагт шилжүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай болж байгаа юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги батлах тухай асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүх оруулж хэлэлцүүлсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэр бүхий хоёр хуулийн төслийг хэлэлцжээ. Харин Ипотекийн зээлийн журамтай холбоотойгоор тодорхой асуудлуудыг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэх мэдээлэл цацагдсан ч ороогүй байна.
Засгийн газрын хуралдааны талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийдэг ч энэ удаад ээлжийн амралтаа авсан тул энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг цуцалжээ.
Г.ДАРЬ