Д.Зоригтыг огцортол асуудал тавина гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг огцортол асуудал тавина гэв

Урт нэртэй хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Д.Энхбат нар
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Урт нэртэй хууль батлагдаад хоёр жил болж
байгаа ч, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэхийн төлөө ажилласангүй. Харин
ч баталсан хуулийг хүчингүй болгох төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдээр
санаачлуулан УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлага
тавихаар урдаас уул уурхайн компаниудад таван их наяд төгрөгийн нөхөн
төлбөр өгөх шаардлагатай байна гэсэн чагт тавьдаг. Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт
энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол алга. Тэр дундаа сайд Д.Зоригт дотор
санаагаар хужаа аргаар ажиллаж байна. Монгол Улсын язгуур эрх ашиг,
газар нутгийн төлөө цохилох зүрхгүй байгаа уул уурхайн бодлогыг
хэрэгжүүлж чадахгүй байгаа сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин
тавина. Огцортол нь асуудлыг тавина гэж бодож байна. Бидний УИХ-аар
батлуулсан хуульд байгаль экологийнхоо тэнцвэрт байдлыг хадгалах, уул
уурхайн замбараагүй олборлолтыг дэгд оруулах гэсэн агуулга  бий.  Гэтэл
Засгийн газраас гишүүдэд захиалга өгч хийлгүүлсэн хуулийн төсөл нь гол
мөрөн, ой, усан сангийн эхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл
олгогдсоныг хэвээр үлдээхээр оруулж ирсэн. Байгаль орчин, хүнс хөдөө аж
ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр болоход хүч түрэн энэ хуулийг
хэлэлцэхийг дэмжсэн. Маш их лобби хийж байна. Тийм учраас Засгийн
газартай хариуцлагын асуудал ярих хэрэгтэй болсон гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт усны эх
болоод ойн сан бүхий хамгаалалтын  бүсэд  үйл ажиллагаа явуулж байгаа
уул уурхайн компанийн  ажлыг зогсооно гэсэн заалт байдаг. Энэ
хөтөлбөрийг УИХ-аар баталж байсан. Тийм ч учраас нэр бүхий гишүүд
хуулийн төсөл санаачлан, УИХ-аар батлуулсан. Гэтэл Засгийн газар хуулийг
хэрэгжүүлээгүйгээр үл барам 200 гаруй лиценз шинээр олгосон байгаа.
Энэний цаана Засгийн газрын лобби явж байна гэж хардахаас аргагүй
байгаа. Урт нэртэй хуулийг хүчингүй болгох төсөл санаачилсан гишүүдээс
“Яагаад ийм хууль санаачилчихсан юм бэ” гэж асуухаар “Д.Зоригт сайд
гуйсан болохоор төсөл санаачилсан гэдэг. Энэний ард Засгийн газар л
байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Энхбат:
 -Монгол Улсын Засгийн газар лиценз эзэмшдэг
компаниудын байгууллага болж хувирлаа. Тийм учраас бид Засгийн газрыг
ямар үндэслэлээр хуулийг хэрэгжүүлээгүй талаар тайлбар өгөхийг шаардах
болно. Уул уурхайн компаниудын шаардсанаар таван их наяд төгрөгийн нөхөн
төлбөрийн тухай яриад байгаа. Уг нь бол энэ тоо бодитой юу, үгүй юу
гэдэг нь санхүүгийн аудитын дүгнэлтээр баталгаажсан байх ёстой. Дээрээс
нь Мэргэжлийн хяналтын байгууллагууд тэдгээр таван их наяд төгрөгийн
нөхөн төлбөр нэхээд байгаа компаниуд уул уурхайн нөхөн сэргээлт хийж үү
гэдгийг баталгаажуулах ёстой. Энэ бүхэн гараагүй байхад Засгийн газар
таван их наяд төгрөгийн нөхөн төлбөр яриад сууж болох уу. Тэр тусмаа 125
тэрбум ам.доллар алт олборлосны төлөө таван их наяд төгрөгийн нөхөн
төлбөр олгох тухай яриад сууж буйг юу гэж ойлгох вэ. Ийм зүйл дэлхийд
байх уу. Засгийн газар эхэлж УИХ-ын гишүүдээр тоглосон, одоо ард түмэнтэй  тоглож
эхэллээ. Тийм учраас УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл оролцсон гишүүд
нэгдэж, Монгол Улс алтны замаар явах уу, усны замаар явах уу гэдгийг
шийдэхийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахаар болж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Монгол Улсын Засгийн газар уул уурхайн
компаниудад таван их наяд төгрөгийн нөхөн төлбөр өгөх шаардлагатай
байгаа тухай ярьж байгаа. Гэтэл тэр уул уурхайн компаниуд Монгол Улсын
газар нутагт онгойсон нүх л үлдээсэн. Хэчнээн нь нөхөн сэргээлт хийсэн
юм, нөхөн сэргээлт хийсэн компани бараг байдаггүй, тэрэндээ тулбал
Монголын ард түмэн уул уурхайн компаниудаас байгаль сүйтгэсэн гэсэн
үндэслэлээр таван их наяд төгрөгөөс илүү их нөхөн төлбөрийг шаардах
эрхтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Одооноос л газар нутгийнхаа экологид
анхаарахгүй юм бол байгаль сүйдсэний дараа монголчууд бид хэдэн тэрбум
төгрөгтэй байлаа гээд гол мөрөн, ойгоо нөхөн сэргээж чадахгүй. Нөхөн
төлбөрт өгөх мөнгө алга гэж тайлбарлаж байгаа. Гэтэл Монгол Улс энэ онд
800 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тарааж өгч байна. Монгол Улсын
төсөв 10 жилийн дотор 10 дахин өсч сум бүр нэг уул уурхайн компанитай
байх тухай ярьж байна. Ингэж болохгүй. Уул уурхайн ордуудаа ашиглах нь
зүйн хэрэг боловч, усны сан, ойн сан бүхий газарт олборлолт явуулж
болохгүй шүү дээ.

Ийнхүү нэр бүхий гишүүд Засгийн газартай урт нэртэй хуулийн хүрээнд хариуцлага тооцох асуудлыг дахин хөндөхөөр болж байна.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж