Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Энэхүү наадмын зохион байгуулалтын талаар даншиг наадам Зохион байгуулах үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.
Нийт 500 орчим сая төгрөг гаргаж, Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн түүхэн ойг тэмдэглэж байна. Ойд зориулсан чухал арга хэмжээний нэг нь энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох даншиг наадам. Тус даншиг наадмаар зөвхөн морь уралдаж, бөх барилдахаас гадна Өндөр гэгээн Занабазарын түүхийг бусдад таниулах сурталчлах шашин, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах юм. Улмаар даншиг наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, шашин үйлтэй холбоотой үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариуцан явуулах аж.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулжээ. Мөн Өндөр гэгээн Занабазарын тухай түүхэн баримтат кино хийж, түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгож, бэсрэг наадам хийсэнийг ажлын хэсгийнхэн онцоллоо. Түүнчлэн, ойн хүрээнд Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлаж, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулжээ.
Мөн наадмын үеэр Монгол айргийг НҮБ-ын өвийн санд бүртгүүлж, хамгийн сайхан айргийг шалгаруулах юм байна.
Даншиг наадамд их нас, азарга, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болохоос гадна эрлийз бага, дунд, дээд насны уралдаан болох юм. Эрлийз морьдын уралдаан наадмын эхний өдөр болно. Харин шагналын тухайд хурдан морины уралдааны дээд гурван насны түрүү 8 сая, доод гурван насны түрүү 5 сая бол эрлийз морьд 2 саяын бай шагналтай аж.
Мөн Бат-Оршил өргөх даншиг наадмын үеэр хүчит 512 бөхийн барилдаан, сур харваа болно. Хүчит бөхийн түрүүг найман сая төгрөгийн бай шагнал дагалдах юм байна. Даншиг наадмын бай шагналд нийт 149 сая төгрөгийн бай шагнал төлөвлөөд байгааг зохион байгуулагчид хэлж байна. Монгол Улсын эртний нийслэл, Өндөр гэгээний гол бүтээлүүдээ туурьвиж байсан нутаг гэдэг утгаар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумыг сонгосон бөгөөд энэ жил Хархорин суманд зуншлага сайхан байгааг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцоллоо.
Б.УУДАМ
Зураглаач: Б.ЭНХБАТ