ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив.
Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn сайт мэдээлснийг уншигчдадаа хүргэж байна.
ЦУВРАЛ-2
Овчина, Трифон нарын дээрэмчдийн тулаан ЗХУ-ын сүүлийн өдрүүд дэх Свердловскийн үндсэн өнгө нь цэнхэр гэдгийг харууллаа. Хот гэмт хэрэгтнүүдээр дүүрчээ. Захдуу газрын хувийн аж ахуйнуудад умардын шоронгоос ирсэн гэмт хэрэгтнүүд шигдлээ. Өмхөрч муудсан оромжнууд дахь люмпен пролетариудад нэл шивээс болсон шоронгийнхноос ялгарах юм бага байлаа. Галт тэрэгний буудал дээр халаасны хулгайч, бөмбөлөг тоглуулагчид, луйварчид, гуйлгачид зэрэг янз бүрийн хүнэнцрүүд эргэлдэнэ. Маяковскийн паркад хөзөрчид хутга шөвөг дүрэлцэнэ. Хөлсний тэрэгний жолооч нар архи дамлана. “Харуулууд” Шувакиш, Төв захын дамчдаас татвар авна.
Уралмаршийнхны оршуулга. Эхнийх нь Григорий Цыгановын хөшөө.
Зөвлөлтийн цагдаа зогсонги байдлын үеэс л зохион байгуулалттай гэмт хэрэг байдаг гэдгийг үгүйсгэж, бүлэглэл болоод дээрэмчдийн хоорондох ялгааг олж харахгүй, “Дээрэмдэлт” гэдэг зүйл ангид зөвхөн Овчина, Трифон нар шиг новшнуудыг хамааруулдаг байлаа. 1988 онд ДЯЯ арай гэж нэг юм Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (УБОП) байгуулж, удалгүй бүс нутгуудад салбарууд (РУБОП) бий болов. Тэд орон нутгийн авлигад автаж болзошгүй дарга нарт биш, харин Москвад шууд харьяалагдана.
Свердловскийн тухайд “цэнхэрүүд” буюу эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг л зохион байгуулалттай гэмт хэрэгтэн гэж үзнэ. Гэтэл “цэнхэрүүд” нь бүлэглэл нийгэмлэг биш, харин нөлөө бүхий хэдэн этгээдийн эргэн тойронд тийм ч тогтвортой биш юмнууд бүрхэг битүүлэг эргэлдсэн гэмт хэргийн үл захирагдах орчин төдий байв. “Цэнхэрүүд” хулгайч нарын уламжлалыг дээдлэн хулгай, дээрэм, дарамт, машины хулгай, хэн нэгнийг хүчээр ивээлдээ авах, хар тамхины наймаа зэрэг энгийн хэрэг л үйлдэцгээнэ. “Цэнхэрүүд” дунд үндэстний бүлгүүд л хамгийн зохион байгуулалттай нь байлаа. Дархлагдсан хулгайч Тимур Свердловский, Тимур Мирзоев нараар дамжуулан гэмт хэргийн ертөнцийн хаан Хасан өвөө хотоос бага сагахан татвар татна.
Хоршооллын хөдөлгөөн мөнгө олох аргыг өөрчиллөө. “Цэнхэрүүд” хоршоологчдын асар руу дайрч, тэр дээрэмчдийг цагдаа нар хөөж чадахгүй байлаа. Хоршоологчид дээрмийн багтай тохиролцохоос аргагүйд хүрэв. Багийнхан тэдний наймааг хөндлөнгийн хүмүүсээс хамгаалсныхаа төлөө төлбөр авна. Тохиролцоог наймаачин өөрөө хүсч болно, галдан шатаах, түйвээх, эрүүг нь хуга цохих зэрэг дарамтан дор зөвшөөрүүлж бас болно.
Энэ зам дээр хамгийн түрүүлж гарч ирэгсдийн нэг нь гэмт хэргийн толгойлогч Олег Вагин байв. Мөрийтэй тоглогч, валютын наймаачин тэрээр өнгөлөн далдлалт хийдэг хүчний бүлэглэлтэй байснаа рэкет, хамгаалалт хийдэг баг болгон өөрчлөв. Тэр үед нөлөөтэй хулгаруудын ажлын байр нь зоогийн газрууд болдог байв. Вагин “Космос” ресторан дахь хамгийн сайхан уушийн газарт тухлав. Энд тэрээр хотын анхны Katerinburg казиног байгууллаа.
Казино Вагинтай нэгэн адил бүлгийн толгойлогч нарыг өөртөө татлаа. Хөзрийн ширээ тойрон цуглаад орилоон хашгираан, буу шийдэмгүйгээр асуудлаа шийдэх нь тэдэнд амар байв. Дарга нарын энэ баг хотын төв дэх ил далд бүх наймааг хянадаг учраас “төвийнхөн” гэж нэрлэгдэх болов. Харин “Космос” ресторан дахь толгойлогчид өөрсдийгөө “Глобус” бизнес клуб гэж нэрлэлээ. Клубын ерөнхийлөгчөөр 1960 онд төрсөн гэмт хэрэгтэн Олег Вагиныг сонгов.
“Төвийнхөн” хамгийн анхны жинхэнэ зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафи боллоо. Тэд ажил хэргээ цэгцтэй тодорхой явуулж, бие биетэйгээ үл зөрчилдөнө. Хулгайлсан өнгөт металлыг гадаадад зарах нь шинэ төрлийн бизнес болов. Үүний тулд “Төв” өөрийн гэсэн хоршооллууд байгуулж, дараа нь бүр өөрийн гэсэн биржтэй ч боллоо. Вагин мужийн засаг захиргааны албан тушаалтныг худалдан авч том том хэлцлийн талаархи дотоод мэдээлэл авдаг болсноор “Төв”-ийн бүлгүүд наймаачдыг хаягаар нь очин дэлбэлнэ. “Төв” банк, үл хөдлөх, видеосалонуудын сүлжээ, дэлгүүрүүдэд хөрөнгө орууллаа.
Харин Свердловскийн зах дахь аж үйлдвэрийн дүүрэг Уралмашт өөрийн гэсэн чононууд аж төрнө. “Уралмаш” стадионы залуу тамирчдад энгийн амьдрал нь дэндүү уйтан санагджээ. Тэд сайхан машинаар гоё охидтой зугаалж, дошин дээрээ нэр хүндтэй байж, сайхан амьдралаар амьдрахыг хүсэвч хотын захын залууст ямар ч гэрэл гэгээ байсангүй. Гэхдээ тэрхүү тамирчин залууст гүн бат нөхөрлөл, хүчиндээ итгэх хүчирхэг итгэл, олимпын ялан дийлэх сэтгэлийн тэнхээ байв. Олег Вагины чацуутан Григорий Цыганов тамирчдын багийн толгойлогч боллоо.
Хамаатан садангууд, хашаа нэгт хөршүүд, биеийн тамирын танхимын танилууд дундаас Григорий Цыганов арвантаван хүнтэй найдвартай дайчин баг босгов. Григорий зурагдаж муудсан видео хуурцаг авчирлаа… Энэ бол манай дэг журам, манай хууль, бидний үзэл суртал. Энэ хуурцагны дүрмээр амьдарвал бид бүгдийг олж, бүхнийг даван туулна. Хувилан авцгаа эрчүүд ээ. Тэд хувилж авлаа. Хэдэн жилийн дараа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилж амжсан Уралмашийн хүн болгоноос шахам энэхүү кинотой хуурцгийг хурааж авах болно. “Загалмайлсан эцэг” кино. Копполагийн сонгодог бүтээл “Уралмаш” гэмт хэргийн зохион байгуулалттай бүлгийн библи нь, ёсзүйн дүрэм нь, хамтын зарчим нь боллоо.
Цыгановын баг цэцгийн наймаа хийдэг кавказууд дээр өөрсдийгөө анх туршиж, Ялалтын гудамжин дахь Уралмашийн захыг удалгүй хяналтдаа авлаа. Хоршооллынхон, жирийн наймаачдыг бүлэглэл татвараар мөлжлөө. Григорий хатуу чанга ажиллахыг шаардана. Хэн нэг нь захирагдахыг хүсэхгүй, эсвэл бултах гэвэл нэвширтэл зодож сэтгэл зүйн хувьд нугалж авах хэрэгтэй. Гэхдээ эрх мэдэлд согтуурхаж эмх замбараагаа алдаж болохгүй.
Цыгановын дээрэмчид 1980-аад оны төгсгөлөөр хөл дээрээ бослоо. “Төвийнхөн” удалгүй тэдний тухай сонсов. “Тамирчид” захыг хуурайлаад “Төв”-д хувь өгөхгүй байгаад хулгайч нар сүрхий гомджээ. Гэвч “Уралмаш” хулгайч нарын дүрэм журмыг хүлээж авахыг хүссэнгүй. Зөвшилцөх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого хамраа чихэлцсэнээр өндөрлөв. Тэр үед дуулгаваргүй Цыгановыг дуусгачихвал “цыганчууд” бууж өгнө гэсэн бодол Олег Вагинд төржээ.
Цыганов бие хамгаалагчгүйгээр явахаа больсон ч энгийн таван давхрын нэгдүгээр давхар дахь аав ээжийнхээ жирийн байранд зөвлөлт маягаар амьдардаг байлаа. 1991 оны зургадугаар сарын 16-ны орой тэрээр биеийн тамирын өмд, гэрийн шаахайтай гал тогооны өрөөндөө орж ирэхэд нь алуурчин түүнийг цонх нэвт буудлаа. 12 калибрын сум элгийг нь зад цохижээ. Цыганов хагас цагийн дараа “түргэний тэргэн” дотор нас барлаа. Тэр 31-тэй байсан юм.
Гришагүйгээр цаашид яах вэ хэмээн бүлэг нь барьц алдан сандралдав. Алуурчны буудлага бүгдийн хувьд өвдөг сөгд гэсэн шаардлага байлаа. Гэвч Уралмашийн залуус өвдөг сөгдсөнгүй. Умардын оршуулгын газарт Григорийн булшны дэргэд тэд тэмцэнэ, өшөөгөө авна, эцсээ хүртэл үзнэ гэж андгай өргөв. “Зэрлэг ерээд он”-д ч цөөн хүн ийм зориг гаргаж чадахсан билээ. Григорий Цыганов зохион байгуулалттай гэмт хэргийн “Уралмаш” бүлгийн шүтээн нь болж, түүний зураг уралмашынхны ажлын өрөөнүүдэд бүгдэд нь өлгөөстэй байх болж, Григорийн мэндэлсэн нэгдүгээр сарын 23-ны өдөр бүлгийн нийтлэг баяр болж хувирах болно.
Эх сурвалж: http://duuren.mn