Тайваний ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хоёр гол хүчин хоёул эмэгтэй нэр дэвшигчдийг гаргаж ирлээ. Ирэх оны нэгдүгээр сард болох Тайваний ерөнхийлөгчийн сонгуульд эрх барих “Гоминдаан” (KMT) намаас 67 настай Хун Шуй-чуг нэрлэсэн байна. Хун Шуй-чу нь өдгөө парламентын спикерийн орлогчоор ажиладаг аж. Харин сөрөг хүчний “Ардчилсан дэвшилт” (DPP) намаас 58 настай Цай Ин-венийг гаргаж иржээ. Цай Ин-вен өмнө нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан аж.
Тайваний ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь эх газрын Хятадтай харилцааны асуудал байна хэмээн ажиглагчид үзэж байна. Эрх барих намын нэр дэвшигч Хун Шуй-чу Хятадтай ойрын харилцаатай байхыг дэмждэг бол Цай Ин-вен эсэргээрээ арлын тусгаар тогтнолд санаа зовнидог аж.
Тайваний эрх барих нам үүсгэн байгуулагдсан 100 гаруй жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ. Түүнчлэн Тайвань хэзээ ч эмэгтэй ерөнхийлөгчтэй байгаагүй юм.
Тайваний одоогийн ерөнхийлөгч Ма Инь-жоу санал хураалтын дараа намын даргаас буусан юм. Тэрээр Бээжинтэй ойрын харилцаатай байх бодлого баримталсан нь залуучуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА