Ирэх баасан гаригт(VII.24) нийтийн тээврийн ухаалаг систем албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Нээлтийн ажиллагаа Чингисийн талбайд болох юм. Энэ үеэр иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх цахим карт, ухаалаг машины талаар цогц мэдээллийг авах боломжтой аж. Нийтийн тээвэр цахим системд шилжих мэдээлэл гарснаас хойш иргэдийн дунд олон асуулт үүссэн билээ. Цахим картыг хэдэн төгрөгөөр, хаанаас авах, хэрхэн ашиглах, хөнгөлөлт урамшуулал зэрэг олон асуулт бий болсон. Тиймээс ирэх баасан гаригт Чингисийн талбайд болох нээлтийн үеэр цахим машин, карт зэргийг иргэдэд таниулж, сурталчлах юм байна.
Харин одоогоор нийтийн тээврийн автобуснуудад цахим машин суулгах, иргэдэд олгох картыг ТҮЦ-үүдтэй гэрээ байгуулах замаар худалдах зэрэг бэлтгэл хийж буй. Энэ талаар Улаанбаатар смарт карт компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас тодруулбал, бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ. Өчигдрийн байдлаар автобусны цахим машин суулгалт 90 гаруй хувьтай байсан. Өнөөдөр бүрэн дуусч байгаа аж. Харин автобусны буудал дээрх ТҮЦ-үүдтэй гэрээ байгуулах ажил 90 орчим хувьтай гэв.
Картын хувьд дотроо хэд хэдэн төрөлтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүд бий. Ахмад настан, групптэй иргэдийн хувьд хорооны халамжийн ажилтнаараа дамжуулан картаа авах юм. Албаныхны мэдээлж буйгаар картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх юм.
Б.ЗАЯА