Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн (NIS) нууц ажилтан уулын замд автомашин дотроо амиа хорлосон байдалтай олджээ. Автомашинаас олдсон гэрээслэлд тэрээр тагнуулын чухал мэдээллийг устгасан болохоо хүлээжээ.
Энэ хэрэг 2012 оны Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх тагнуулын агентлагийн үйл ажиллагаатай холбоотой аж. Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг сонгуулийн үр дүнд нөлөөлөх замаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хичээсэн гэнэ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын дээд шүүхээс тагнуулын агентлагийн экс дарга Вон Сей-хуны 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан аж. Өмнөх шатны шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сард түүнд гурван жил хорих ял оноосон байжээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын засгийн газар болон тагнуулын агентлаг иргэдийг хянахад ашигладаг тагнуулын хэрэгслийг Италийн компаниас худалдаж авсан гэх сөрөг хүчний буруутгалыг үгүйсгэж байгаа аж.
Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг 1980-аад оноос өмнө хүн барьцаалах, захиалгат аллага зэрэг олон гэмт хэрэгт холбогдож байжээ. Гэхдээ өнөө цагт тагнуулын агентлаг дээрх хүнд гэмт хэргүүдэд холбогдохгүй болсон ч сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэх мэт дуулианд холбогдох болжээ. Өмнөд Солонгосын сөрөг хүчний зүгээс тагнуулын агентлаг нь хууль зөрчин, ерөнхийлөгчид суух улс төрийн хэрэгсэл болсон хэмээн буруутгадаг байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА