32 иргэний амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

32 иргэний амийг аварчээ

Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас иргэдийн амь нас, эд хогшил аюулд өртөөд байсан билээ. Энэ хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газраас 51 албан хаагч үүрэг гүйцэтгэж 32 иргэний амийг аварч, эд хогшлыг нь уснаас гаргажээ.

Энэ өдрүүдэд усанд суусан автомашин, айлын гэр, хашаандаа усанд боогдсон иргэдэд тусламж үзүүлсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээллээр энэ өдрүүдэд амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн хүн байхгүй аж.

51 албан хаагч 32 иргэнийг үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалж,  шаварт суусан байсан таван автомашиныг татаж гарган нийт 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалсан байна.

Мөн  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны  айлуудын гэр, хашаа, гахайн байр, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Мандал” амралтын газрын ойролцоох Туул голын усны түвшин нэмэгдэж амралтын гэр усанд автсан зэрэг дуудлагууд зонхилжээ.

Мөн энэ өдрүүдэд Улаанбаатар нэгтгэлийн ажилчид ч үерийн бүсэд ажилласан юм. Улаанбаатар нэгтгэл компанийн дарга Д.Энхсайханы мэдээлснээр өнгөрөгч бямба, ням гаригт ТҮК-ийн бүх ажилчид Зурагт, Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын орчимд ажиллажээ. Үерийн ус өнөөдрийн байдлаар татарсан ч үүнийг дагаад гэр хорооллын хог ихээр тарж эхэлсэн байна. Тиймээс ТҮК-ийнхан хог цэвэрлэх ажилд орсон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж