Баярын наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын дуудлага 822 байсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13, хүүхэд өртсөн осол 16 тохиолдол бүртгэгджээ.
Баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо ихсэж, зам тээврийн ослын улмаас 18 хүн амь насаа алдсан байна. Тэдний дөрөв нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явжээ.
Иймээс Замын цагдаагийн газраас иргэдийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа.
ТҮҮХТ ОЙН БАЯР НААДМУУД ЭХЭЛЛЭЭ
Наадмын дараа намар гэдэг ч манайханы наадам ид дундаа орлоо. Энэ жил 21 аймаг болон зарим сумдын баяр дуусаагүй үргэлжилж байна. Том, жижиг наадам, ойн арга хэмжээ олон байна. Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам энэ долоо хоногт болно. Зарим наадмууд өнөөдрөөс эхэллээ.
УВС:
Тодруулбал, долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам болно. Үндсэндээ баярын наадмын арга хэмжээ өнөөдөр шатар, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Увс аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд Улсын их баяр наадмын түрүүг ээлжлэн авсан. 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2014 онд Н.Батсуурь нар улсын наадамд түрүүлж, аварга, арслан цолыг хүртсэн билээ. Энэ жил улсын арслан П.Бүрэнтөгс дахин үзүүр, түрүүнд үлдсэн. Мөн Түргэн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр энэ жилийн улсын наадамд тав давж, начин цол хүртсэн. Дархан аварга, аварга, арслан, заан, харцага, начин гээд улсын цолтнуудаараа бусад аймгуудаа магнайлдаг тус аймаг түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэхдээ “Монгол бөхийн их баяр” хэмээжээ.
ӨВӨРХАНГАЙ:
Засгийн газрын зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ой болохтой холбогдуулан хөрөнгө санхүүжилтийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцож, Өвөрхангай аймагт ойг тэмдэглэн өнгөрүүлэх дэд ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэхүү түүхт ойн арга хэмжээний хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан байна. Мөн зургаа, долдугаар саруудад ч ойн арга хэмжээний хүрээнд түүхэн баримтат кино хийх, хөшөө босгох, хийд сэргээн засварлах, цэцэрлэгт хүрээлэн, бүтээлийн музей байгуулах зэрэг ажлууд хийгджээ. Харин одоо тус аймгийн Хархорин суманд долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн даншиг наадмыг хийхэд бэлэн болсныг мэдэгдэж, өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Мөн тус аймагт аймгийн хүндэтгэлийн хаалгыг барьжээ.
Тодруулбал, Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км зайд улсын чанартай АО301 чиглэлийн автозам дээр уг хүндэтгэлийн хаалгыг сүндэрлүүлэв. Хаалганы нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр болжээ.
Ийнхүү Өвөрхангай аймагт Занабазарын 380 жилийн ойн арга хэмжээ эхэллээ.
ӨМНӨГОВЬ:
Ардын хувьсгалын 94 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” баяр наадмын үйл ажиллагаа долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно. Нутгийн зон олны баярын арга хэмжээний хөтөлбөрөөс харахад долдугаар сарын 24-нд эрлийз гурван насны морь, аймгийн цол олгох хүчит бөхийн барилдаан, үндэсний сур харваа, монгол хээ угалз, зээгт наамлын үзэсгэлэн гарах аж.
Харин 25-ны өдөр говийн бүсийн хурдан морины уралдаан “Говь шанх-5” болон аймгийн баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, улс, аймгийн алдар цолтой хүчтэй 256 бөхийн барилдаан эхэлж, азарга, соёолон, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилнэ. Мөн Үндэсний шагайн харваа, аймгийн удирдлагууд, хүндэт зочдын сум харвах ёслол, хүүхдийн барилдаантай. Баяр наадмын хүндэтгэлийн концерт аймгийн хөгжимт бүжгийн театрт, үдшийн цэнгүүн “Ажнай” талбайд тус тус болно.
Харин баяр наадмын гурав дахь өдөр буюу 26-ны ням гаригт их нас, дааганы уралдаан болж, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур, шагайн харвааны шилдгүүд тодорно.
ДУНДГОВЬ:
Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Гэхдээ дуу хуурын өлгий нутгаас энэ жилийн улсын баяр наадмаас начин цолтон хоёр төрсөн. Эрдэнэдалай сумын харъяат, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бөх Алтангэрэлийн Алтанхуяг, мөн сумын харьяат "Алдар" спорт хороо, "Хур харцага" дэвжээний бөх Эрдэнэбатын Даш нар тав давж, Монгол Улсын начин хүртсэн юм. Тус аймгаас улсын начин төрөлгүй олон жил болжээ. Гэтэл энэ жил 40 шүргэм насандаа А.Алтанхуяг, улсын наадамд анх удаа барилдан 23 насандаа цолонд хүрсэн Э.Даш нарын хувьд нутгийн зон олондоо хүндтэй бэлгийг авчирчээ.
Мөн тус аймгийн уяачид одтой сайхан наадаж, улсын наадмын хурдан морьдын уралдаанд зургаан айраг түрүүг авсан байна. Тодруулбал, соёолон морьдын уралдааны аман хүзүүнд Адаацаг сумын уугуул, Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн дөрөвт Дундговь аймгийн уяач Рэнцэнпүрэвийн хонгор халзан орсон бол шүдлэн морьдын уралдааны түрүү магнайд Өлзийт сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы тэргүүн хонгор үрээ, айргийн гуравт Хулд сумын уяач Б.Баярсайханы хул үрээ хурдаллаа.
Харин хязаалан морьдын уралдааны айргийн тавд Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан орж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн байна.
Бөхчүүд нь одтой байж, хурдан морьдынхон айраг тасраагүй тус аймгийн наадам ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 26-27-нд болох аж. Тэр дундаа төрийн их баяр наадамд Эрдэнэдалай сумаас А.Алтанхуяг, Э.Даш нарын улсын хоёр цолтон төрсөнд нутгийн зон олон талархаж, тэдэнд зориулан хүндэтгэлийн наадам хийхээр болжээ. Энэхүү наадам долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болох аж.
СҮХБААТАР:
Тус аймгийн Баяндэлгэр, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат сумдын түүхт 60, 90 жилийн ойн баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 17-19-нд боллоо. Хурдны өлгий гэгддэг Сүхбаатар аймгийнхан энэ жил дахин наадна. Учир нь тус аймагт Зүүн бүсийн хурд даншиг наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд болох юм. Харин тус аймгаас энэ жилийн улсын их баяр наадмаас улсын начин цолтон төрсөн. Мөнххаан сумын харьяат, "Жавхлант" дэвжээний бөх Болдбаатарын Батжаргал төрийн их баяр наадамдаа зургаа дахь жилдээ барилдан улсын цолонд хүрсэн юм. Тус аймгаас хамгийн сүүлд 2001 онд Ц.Магалжав улсын начин цол хүртсэн бөгөөд тэрээр таван жилийн дараа цолоо ахиулан харцага болсон. Тиймээс тус аймгаас 14 жилийн дараа улсын начин цолтон төрлөө. Ийнхүү шинэ начинтай болсон хурдны өлгий гэгддэг сүхбаатарчууд ирэх амралтын өдрүүдэд наадах юм.
ОРОЙТСОН БОРОО ЭНД, ТЭНДГҮЙ ОРЖ ОЛОН ЗҮЙЛИЙГ САНУУЛСААР БАЙНА
Ийнхүү энэ долоо хоногт эхлэх томоохон баяр наадмын тухайд ийм байна. Мэдээж үүний цаана сургуулийн ойгоос эхлээд бэсрэг наадам олон байна. Мөн ирэх наймдугаар сарын 11-12-нд Төв аймгийн Баянжаргалан, Говьсүмбэрийн заагт Монголын морин спорт, уяачдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн хурдан морины уралдаан болох юм байна. Энэ мэтчилэн долдугаар сарын наадмууд дуусаагүй байгаа энэ үед наймдугаар сарын наадмын тов гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт оройтсон бороо энд тэндгүй орж, Өмнөговь аймагт гэхэд томоохон сургамж үлдээлээ. Баяр наадмаа тэмдэглэнэ хэмээн хөөрцөглөн байсан ард иргэд 15 минутын хүчтэй борооны улмаас багагүй хохирол амссан. Долдугаар сарын 16-ны өдөр болсон хүчтэй ширүүн борооны улмаас аймгийн төвийн баруун талын Далангийн гол дүүрч, хальжээ. Мөн Зүүнсайхан, Оюут, Дундсайхан, Аргалант хорооллын зарим гудамж, айл өрхүүд аймгийн төвийн зарим хэсэг үерт автсан. Энэхүү мэдээллийг авсан нутгийн нэгэн иргэн “Одоо сайн ариутгал хийхгүй бол хэдэн жилийн өмнөх шиг өвөл, сургууль цэцэрлэг эхлэхээр багачууд нь шар өвчинөөр бөөн бөөнөөрөө өвдөх вий дээ.” гэсэн мэссэжийг нутгийн ард түмэндээ нүүр хуудсаараа дамжуулан хэлээд авсан.
Мөн нийслэл хотод ч өнгөрөгч амралтын өдрүүдэд ширүүн бороо орж, III-IV хороолол, Баянхошуу, Зүүн салаа орчмын газрууд үерт өртлөө. Энэ үеэр авто замуудад их хэмжээний ус эрчлэн орж ирж, гэр хорооллын гудамжуудаар явахад бэрхтэй болсон юм. Баянхошуу орчимд цахилгаан хэсэг хугацаанд тасарчээ.
Өмнөговь аймаг, долдугаар сарын 16.
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Онги голын адгаар усны түвшин өнгөрсөн өдрүүдэд нийт 85 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин Орхон, Ховд, Буянт, Байдраг, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулсан.
Баяр наадмын амралтын олон өдрүүд дуусаж байгаа ч заримынх нь хувьд амралт эхэлж байна. Цаашид хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалах иргэдийн тоо нэмэгдэж хөдөлгөөн үргэлжлэх тул иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хурдаа тохируулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмийн дагуу бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Сануулахад, Өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болсон зам тээврийн ослын мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс ирүүлснээр хүргэж байна.
7 сарын 10-ны өдөр.
-Хөвсгөл аймгийн нутагт Ландкрузер-200 маркийн авто машин Марк-2 маркийн авто машинтай мөргөлдөж 4 хүн нас барсан.
-Төв аймгийн Борнуур сумын нутагт Тоёота Айриус маркийн авто машины араас Даевоо маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Г нь мөргөж амь насаа алдсан.
7 сарын 11-ний өдөр.
-Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн авто машин онхолдож 3 хүн нас барсан.
-Сэлэнгэ аймгийн нутагт Лексүс маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан.
-Дорноговь аймгийн нутагт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон.
-Багануур дүүргийн нутаг дэвсгэрд Приүс маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан.
-Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Корса маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан
7 сарын 12-ны өдөр.
-ХУД-н нутаг яармагийн замд Старекс маркийн авто машины жолооч Э-нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон.
7 сарын 13-ны өдөр.
-БЗД-н нутаг Нарантуулын арын зам 86 дугаар байрны зогсоолд марк дугаар нь тодорхойгүй авто машин явган зорчигч 60 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зуртсан хэрэг гарсаныг шуурхай эрэн сурвалжилж МУССО маркийн авто машины жолооч Ц-г үйлдсэн болохыг тогтоож ажилласан.
-Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Королла маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан
-Налайх дүүрэг тэрэлжийн замд Приүс маркийн авто машины жолооч нь явган зорчигч Д-г дайрч амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна.
Ч.БОЛОРЧУЛУУН