-2020 он гэхэд Орос, Хятадын гадаад худалдаа 200 орчим тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Хятадын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг Орос руу татах хамгийн дөт зам нь Монголоор дайрах зам гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрч байгаа-
ОХУ-ын Уфа хотноо долдугаар сарын 9-10-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын дээд хэмжээний уулзалттай давхцан “Талын зам” төслийн хүрээнд хамтран ажиллах гурван орны бизнесийн төлөөллүүдийн уулзалт болж өнгөрлөө.
“Талын зам” төсөл хэрэгжсэнээр Ази, Европыг холбосон авто зам баригдаж, Орос, Хятадын хооронд хийгдэх худалдааг Монголын нутгаар дамжуулан тээвэрлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж буй. Энэ талаар “Чингис лэнд девелопмент” группийн ерөнхийлөгч Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-“Талын зам” төслийг хэрэгжүүлэх хүрээнд бизнесийн төлөөллүүд уулзалтаа хийлээ. Ямар тохиролцоонд хүрсэн бэ. Төсөл хэрэгжих боломж хэр ойртож байна. Гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр “Эдийн засгийн коридор байгуулах” санаачлага гарлаа. Үүнтэй уялдах уу, энэ төсөл?
-Өнгөрсөн жилийн есдүгээр сард Душанбе хотноо болсон гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монголын талаас “Талын зам” төслийг хэрэгжүүлэх санаачлага гарч, сарын дараа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр “Чингис денд девелопмент” групп нь ОХУ-ын “Дальстроймеханизация” компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж байсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн засгийн хэмжээний бодлогын төвшинд олон асуудал яригдсан байна.
Саяны уулзалтаар бид “Дальстроймеханизация” компанийн удирдлагуудтай тодорхой шийдэлд хүрлээ. Тухайлбал, ирэх есдүгээр сарын 3-5-ний хооронд ОХУ-ын Владивосток хотноо “Восточный экономический” форумд оролцохоор боллоо. Үүнд төслийг хэрэгжүүлэгч гурван орны төлөөлөл оролцоно. Мөн “Талын зам” төслийн хүрээнд баригдах авто замыг өөр, өөрийн оронд үргэлжлүүлж баръя гэдэг дээр байр сууриа тодотголоо. Цаашид нэлээд ажлууд өрнөөд явчих боломжтой уулзалт болж өнгөрлөө.
Талуудын хувьд гурван орныхоо хэмжээнд Азийн авто замын сүлжээний АН-3 хурдны замыг Тьянжинээс-Улаанбаатар хотоор дамжуулан Улаан-Үд хот хүртэл барих ажлыг ярьж байна. Нэг үгээр хэлбэл, энэ нь нэг коридор болгохын тулд зөвхөн Монголд 1000 км авто зам бариад дуусгах бус Хятадын тал Бээжин рүү үргэлжлүүлэх, Оросын тал Улаан-Үд хот хүртэл үргэлжлүүлж хурдны замыг барихаар бизнесийн байгууллагууд ойлголцож ажиллаж байна гэж ойлгох хэрэгтэй.
-“Талын зам” төслийн сураг сонсогдож эхэлснээс хойш жил болох нь. Хурдны замын ажил одоо ямар төвшинд хүрсэн бэ. Судалгааны ажил дууссан тухай сонсогдсон?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хангаж, 10-аад дэд төслүүд дээр ажилласан. Трасс тогтоох, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаас эхлээд зураг төсөл боловсруулах ажил хийгдэж хэсэгчлээд экспертицэд шилжээд явж байна. Эхний хэсгийг нь найман сард эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Энэ зам олон улсын зам. Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг тодруулбал?
-Нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой төсөл. Зам барилгын ажлын явцад ойролцоогоор хамгийн багадаа 30 мянган ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарсан. Түүнийг дагаад 1000 орчим бизнесийн байгууллага энэ төсөлд хамрагдах бололцоотой.
Монгол Улсын өргөн хэрэглээний барааны 90 гаруй хувийг өнөөдөр импортын бараа эзэлж байна. Ингэхдээ нэгж бараанд ногдох зардлын 30 орчим хувийг зөвхөн тээврийн зардал эзэлдэг. Хурдны зам баригдсан нөхцөлд бараа бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэж, мөн зардал буурах эерэг талтай.
-Хурдны замыг хэдий хугацаанд барьж байгуулахаар төлөвлөсөн билээ. Концессын гэрээгээр барихаар гэрээ зурагдсан санагдана?
– “Чингис лэнд девелопмент” группийн хувьд хурдны замыг 3 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас зарим нэгэн бодлогын шинж чанартай, гүйцэтгэлийн шинжтэй шийдвэрүүд хүлээгдэж байна. Эдгээр нь хурдтай шийдэгдвэл төлөвлөсөн хугацаанд барьж ашиглалтад оруулах боломжтой. Цаашдаа 30 жил ашиглаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд, улсдаа бүрэн шилжүүлэх гэрээтэй.
-Хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байна вэ?
-Нийтдээ 10-12 тэрбум орчим ам.долларын хөрөнгө шаардаж байгаа. Үүнээс 40 орчим хувийг зам барилгын ажилд зарцуулна. Үлдсэн хэсгийг зам дагуу бий болох худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын төвүүд, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд байгуулах ложистик төвүүдийг байгуулахад зарцуулна. Үндсэндээ зам дагаж бий болох томоохон бизнесүүдийг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтаа томоор тооцсон.
-Өртгөө яаж нөхөх вэ?
-Бусад орнуудын туршлагаас харахад зөвхөн замын хураамжаар оруулсан хөрөнгөө нөхнө гэдэг хүндрэлтэй. Тийм учраас дагалдах бизнесүүдийг хамтад нь хөгжүүлэхийг зорьж байна.
-Гурван орны төрийн тэргүүнүүдийн уулзалт, мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай давхцуулан бизнесийн төлөөллүүд уулзсан нь нэлээд сонирхол татаж байгаа. Ази, Европыг холбосон хурдны зам барих ажлыг төрийн төвшинд дэмжих нь үү гэдгийг алсуураа тандаж байна гэж ойлгож болох уу?
-Бидний хувьд гурван орны төрийн тэргүүнүүдийн уулзалттай хослуулаад энэ удаагийн уулзалт хийсний цаад санаа нь яах аргагүй төсөл маань төрийн бодлогын төвшинд хэр дэмжлэг хүлээж байна вэ гэдгийг нэгд бас мэдэхийг зорьсон хэрэг. Хоёрдугаарт, энэ уулзалтын үеэр гурван чухал асуудал яригдлаа. Нэгдүгээрх нь, транзит тээврийн гэрээ төслүүдийн асуудал. Дээр нь онцгойлоод авто замын транзит тээврийн асуудал яригдаж байна. Энэ нь гурван орны төрийн бодлогын хэмжээнд дэмжигдээд явж байгаа учраас бизнес цаашдаа саадгүй үргэлжлэх бололцоо байна гэдэг нь аль аль орны бизнесийнхэнд ойлгогдож нэлээд урам өглөө.
-“Талын зам” төслийг хэрэгжүүлэхэд Хятадын тал ямар оролцоотой ажиллах вэ. Энэ асуудал тодорхой ярьсан зүйл юу байдаг вэ?
-Хятадын талаас бүтээн байгуулалтын томоохон компаниудыг санал болгож байгаа.
–Энэ бол олон улсын шинж чанартай зам, дээрээс нь транзит тээвэр голчлон ашиглагдана гэж байгаа. Орос, Хятадын талаас улстөрийн сонирхол хэр байгаа бол. Энэ удаагийн уулзалтаар юу ажиглагдав?
–Хоёр хөршийн гадаад худалдаа жилээс жилд өсч байна. Энэ жилийн тухайд хоёр орны гадаад худалдаа 100 орчим тэрбум ам.долларт шүргэж эхэлж байна. ОХУ-ын эдийн засагчдын тооцоогоор 2020 он гэхэд Орос, Хятадын гадаад худалдаа 200 орчим тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл, Оросын хязгааргүй байгалийн нөөцийг Хятадын хязгааргүй эрэлт хэрэгцээ рүү татах, Хятадын үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг Орос руу татах хамгийн дөт зам нь Монголоор дайрах зам гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрч байгаа.
Өнгөрсөн жил Душанбед болсон гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Монголын талаас гаргасан санаачлагыг хүлээж авч байгаа хоёр орны төрийн тэргүүн болон төр засгийн байгууллагын зүгээс харахад гурван орны улс төрийн төвшинд бүх шатандаа ашигтай төсөл болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
-Энэ хоёр орны барааны тээвэрлэлтийг авч үзвэл ихэнх нь төмөр замаар тээвэрлэгддэг. Ийм нөхцөлд авто замаар ачаа тээвэрлэхэд хэр ашигтай байх бол?
–ОХУ-ын хувьд төмөр замыг нүүрс болон байгалийн гаралтай түүхий эдийг Хятад руу тээвэрлэхэд ашиглана гэсэн зорилттой байна. Ялангуяа Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замын хувьд баруун тийшээ Хөвсгөлөөр дамжаад Завханаас хойшоо гарах төмөр замын коридорыг илүүтэй сонирхож байгаа нь ажиглагдсан.
Авто замын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хамгийн богино хугацаанд дээр нь хаалганаас хаалганд гэдэг зарчимтай адилхан байгууллагаас байгууллагын хооронд хүргэхээрээ давуу талтай.
-УИХ-ын төвшинд саяхан гишүүд “Талын зам” төслийг зогсоочихсон байна. Нэг Засгийн газар байгуулахад нөгөө Засгийн газрынхаа эхлүүлсэн ажлыг зогсоодог увайгүй үйлдлээс болж, чухал төсөл саатаад байна гэдэг асуудал яригдсан. Саатал арилсан уу. Юунаас болоод ийм гацаа үүссэн юм бол?
-Өнгөрсөн жил бид нэлээд амжилттай ажиллаж байтал Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, яамдын бүтэц өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хууль дүрэмд өөрчлөлтийг хангалттай оруулж чадаагүй нь гацаа үүсгэсэн юм. Тодруулбал, Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж байдаг. Энэ нь хоёр хуулиар зохицуулагддаг, нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар, нөгөө нь Концессын тухай хуулиар. Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яаманд Хөрөнгө оруулалтын газар, Концесс хоёр харьяалагддаг байсан. Харин Шийдлийн Засгийн газар байгуулагдахад Эдийн засгийн яам татан буугдсан, мөн холбогдох хуулиудад хангалттай өөрчлөлт оруулж чадаагүйгээс хууль зөрчиж манай асуудлыг шүүрч авах байгууллага олдохгүйгээр өнөөдрийг хүргэсэн.
Дээр нь хамгийн анх шийдэж өгөх асуудал бол Концессын тухай хуулиараа улс трассыг эхэлж тогтоож, газрыг нь авч өгөөд гэрээ байгуулах ёстой. Гэтэл манайд аль алийг нь шийдэлгүйгээр гэрээ хийсэн учраас бид энэ бүх хүндрэлтэй асуудлыг өөрсдөө шийдэхийг хичээж ирсэн.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ний өдөр Зам тээврийн сайдын тушаалаар манай трасс батлагдсан. Батлагдахдаа хэсэг газрыг дутуу орхисон учраас тэр нь хөрөнгө оруулагчдын хувьд бүрхэг байдал үүсгэж, тодорхой хэмжээнд өнөөдрийг хүртэл хүлээлгэсэн.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга бидний ажилтай танилцаад бүх асуудлыг сонсоод “Ийм их ажлыг бие даагаад хийчихсэн үед эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг даван туулахад бүх талаар дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн. Мөн саяхан Газрын тухай хуулиар томоохон асуудал шийдэгдсэн. Гацаа эхнээсээ тайлагдаж эхэлж байна.
Г.ДАРЬ