Хуучирсан мэдээ: 2015.07.19-нд нийтлэгдсэн

Нийслэлд үер буулаа

Нийслэлд үер буулаа

Улаанбаатар хотод өчигдөр 17.00 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсны улмаас Зурагт, III-IV хороолол, Баянхошуу, Зүүн салаа орчмын газрууд үерт өртлөө. Энэ үеэр авто замуудад их хэмжээний ус эрчлэн орж ирж, гэр хорооллын гудамжуудаар явахад бэрхтэй болсон юм. Баянхошуу орчимд цахилгаан мөн хэсэг хугацаанд тасарсан юм.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхан амрах завгүйгээр ажиллаж, Зурагтын шинэ эцсийн буудлын орчимд авто зам дээр бий болсон их шороог ачиж, цэвэрлэгээ хийж байна. Харин Баянхошууны 7, 8 дугаар хорооны зарим гудамжны булан тохой үерт автсаны улмаас ангал үүсч, эвдэрч сүйдээд байгаа юм.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод өнөөдөр ч дуу цахилгаантай бороо орохыг анхааруулж буй. Энэ үеэр салхи 6-11 метр секунд хүрэх аж. Мөн төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын зарим газраар өнөөдөр, маргааш хоёр дуу цахилгаантай бороо орохоор байна.

Иймд ард иргэдийг аян замд гарахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайн базаах хэрэгтэйг холбогдох албаныхан сануулж байна.

Цаг агаарын мэдээг тодруулбал,

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүл багасана, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж