Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Энэхүү ойн арга хэмжээ өчигдөр Чингисийн талбайд хуучин автомашины үзэсгэлэнгээр эхэлсэн билээ. Дараа нь Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, “Монгол Улсын тээврийн салбарын замнал, хөгжил” номны нээлт, “Автотээвэр-90” гэрэл зургийн үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концертоор үргэлжилсэн юм.
Автотээврийн 90-н жилд зориулсан хуучны автомашины үзэсгэлэнг үе үеийн тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарынхан үзэж, дурсамжаа хуваалцлаа. Энэ үеэр ахмад тээвэрчидтэй уулзаж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
Д.Даарийжав гуай одоогоос 37 жилийн өмнө буюу 1978 онд "Такси" баазад ажиллаж байжээ. Тухайн үед таксины жолооч нар өдөрт 200 төгрөгийн орлого олох нормтой. Нэг километрийг нь нэг төгрөг 50 мөнгөөр тооцон, 06.00-00.00 цагийн хооронд ээлжлэн таксинд явдаг байсан аж.
Р.Дашдулам гуай мөн л адил "Такси" баазад жолоочоор 30 гаруй жил ажилласан байна. "Тухайн үед эмэгтэй жолооч нар ховор. Гэхдээ бас шөнө, оройн цагаар таксины үйлчилгээнд явахдаа айж, эмээхийг мэддэгүй байлаа. Нийгэм нь тийм л амар амгалан байсан юм" гэлээ. Мөн авто машины осол гарна гэж байдаггүй байлаа. Учир нь жолооч нар чанартай, мэргэшсэн, мэргэжлийн түвшинд ажилладаг байсан гэдгээ Р.Дашдулам гуай дурсан ярьсан юм.
Г.Бадам 1963-1995 он хүртэл тасралтгүй 30 жил даргын жолооч хийжээ. Социализмийн үед дарга нар Зил 69, 24, Лада зэргийг л унадаг байсан гэнэ. Гэхдээ хот дотор явахаасаа илүү орон нутагт томилолтоор их явдаг. Хол замд гурав, дөрөв, тав хонож байж л очдог. Зам нь даваа, гүвээ их жолоочийн ур чадвар шаардсан бартаатай байсаныг Г.Бадам гуай онцлолоо.
Наймдугаар сар буюу ургац хураалтын үед гэрээсээ гараад Октябрийн баяр үед л буцаж очдог байлаа гэж ахмад тээврийн жолооч Г.Юндэн залуу насаа дурслаа. Тэрбээр "Том тэрэгний тээврийн жолооч байна гэдэг сайхан. Ард иргэдээ тариа, будаа, малын өвс тэжээлтэй нь бид золгуулдаг байлаа" гэсэн юм.
Харин Д.Хими гуай "Олон жилийн дараа тээвэрчин нөхөдтэйгээ уулзах сайхан. Бидэнд ярих, дурсах зүйл маш олон. 1965 оноос хойш тээврийн жолоочоор ажиллахдаа өвлийн хүтэй, зуны аагим халуун гээд бүхий л нөхцөлд тасан зохицон тээвэртээ дурлан явдаг улс бид. Социализмийн үед шаардлага ч хатуу байсан" тухайгаа бидэнтэй ийнхүү хуваалцлаа.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ