Хуучирсан мэдээ: 2015.07.18-нд нийтлэгдсэн

Зуны зугаатай өдрүүд

Номин ногоон уулсын бэл хормойгоор манан будан хөшилдөж, хөхөөн дуу бүгтхэн дохиолж, тунгалаг булгийн ус харгиа боргио үүсгэн талын энгүйг хөгжилтэй хээлнэ. Шалдан нүцгэн багацуул горхины жараахай хөөцөлдөн гүйж, уяан дээр наадам зүүдлэх морьд туулай хамраа сарталзуулан шанаа түүшээ гайхуулах адил таатайяа эвшээнэ. Уяа тойроод л нутгийн өвгөцүүл аядуу намуунаар морь шинжин хүүрнэхэд буурал дэлтийн минь уяа сойлгыг магтахад аав гаансныхаа соруулаар оочин сахлаа оролдож нуг нуг инээмсэглэж суугаа харагдана. Эмгэд энэ зуны сайхныг ярилцан ирээдүй цагийн өнгийг шинжин гэрийн хаяанд нарлана. Ээж эгч нар аарц шүүн, ааруул зүсч дэлгэцэн дээр жимбийтэл өрж суугаа харагдана. Монголын зун цаг цаанаа инээд баясал дэлгэсэн урин цаг.

Нар цэцэгсийн тэргүүнийг бүлээн цацрагаар илбэн өдөржин урд уулын орой дээр өнжинө. Ойн цоорхойд цоохор янзагаа дагуулсан бугын сүрэг идээшилж, боловсорч гүйцээгүй жимсний ногоон үрэлнүүд эрт хол цагийн анхилам үнэрийг тээн хөвчөөр нэг түгээнэ.

Нозоором халуун агаарт зуйгуул салхи үе үесхэн чийг авчирч бүсгүйн аньсага, сормуусан дээр асгаж гоо үзэсгэлэн нэмнэ. Модод өтгөрч охид нүцгэрсэн Монголын зун цаанаа л нэг хүүхдийн гэнэн инээд шиг хөгжилтэй. Голио царцаахайн исгэчээн шаргиан түмэн хэлийн шувуудын жиргээн дунд хөг аялгуу нэмэн зун цагийг зугаацуулна. Төд удалгүй аягын чинээ бараан үүл салхи хормойлон ирээд ганц нэгхэн дуслаараа борог өвс норгож эхэлнэ. Төд удалгүй бороо гэнэтхэн асгана. Аягын чинээхэн үүлнээс аадрын их хур буух нь сонихон хэрнээ сүрдмээр. Тэрүүхэн хөндийн үзүүр шүргээд өнгөрсөн ч гэлээ аянга цахилгаан гялбалзуулна. 

Хаа нэгхэн хун галууд ганганасхийгээд чимээгүй болоход уртаа цув хөдөрсөн айлчин уяан дээр буугаад гэрт яаралхийн орж ирэхэд цувны хормойноос дуссан ус гэрийн үүдээр тунарч бөөвийсөн банхар айлчныг нойрмог нуухтай нүдээрээ үе үе залхуутайяа сүүмийн ширтэнэ. Атгахан үүл ар араасаа ахан дүүсээ дуудаж үдэшжин бороо цутгана. Уйлагнасан бүлээн тэнгэрийн доорх хот айл ажин түжин. Өвгөд намуу дуугаар хол ойрын сонин хачин хүүрнэж, айлын эгч саахалтын Дүнжээтэй угсарсан тэрэгний мөөр налан суунгаа тас тас хөхрөх нь бүгтхэн тэнгэрийн хучлагыг цуу татан онгойлох шиг санагдана. Намрын дунд сарын 17 гэх шивнээг алдуурсан салхи үзүүртээ хийсгээд авч одно.

Тэртээ хөвчийн гүнд чоно ульж, ярагласан хоньд үргэж хуйлрана. Гэрийн эзэн гэр дотроосоо хөөг, хааг гэж чимээ өгөхөд тогоотой сүүн дотор хөвсөн сар цочин далбилзана. Өрхний завсаар гэгээ шургалж өглөөний дууч бялзуухай ширгэн дотроос өндөлзөн жиргэхүеэ нэг л таатай. Хөдөө цайдам бороошин анир цэцэгс дусал шүүдэр дааж ядан бөхөлзөнө. Нарны эхний цацраг дороос өнгийн солонго сэвхийтэл татна. Уужим хөндий бүхэлдээ өнгийн солонгын гялбаанд тодорно. Энэ дэлхий ертөнц юутай сайхан. Өчигдрийн аянчин нэлмэгэр урт цуваа эвхэж ганзаглаад тэртээ үзүүрийн хар уул чиглэн бөг бөг шогшуулан одно. Саванд тоссон борооны усаар охид хүүхнүүд гэзэг үсээ угаан, хөл нүцгэн багацуул шилбүүр унан давхилдаад, зоримог эрс уурганыхаа үзүүрээр тэнгэр хээлээд давхилдана. Монголын хөдөө цайдмын зун цаг өгүүлшгүй сайхан.

Наранд халсан газрын элгэнээс униар суунаглаад хаашаа ч юм бэ зэрэглээтэн алсарна. Их хотын зун ажин түжин. Товор товор алхах бүсгүйчүүлийн нимгэн даашинзны хормой салхинд сэвэлзэхэд туяхан цагаан хөл нь өлмий дээрээ тогтож ядан эргэцнэ. Шил толь болсон өвлийн дүнсгэр хотыг ногоолин эрдэнэс лугаа адил гацуур, улиас, зүлэг ширэг төгөлдөржүүлэн амилуулжээ. Хөнгөн хөгжмийн аяс онгорхой цонхоор нисэлдэж, хүүхэд багацуул усан оргилуур дотор хөгжилдөн өдрийг барна. Хөдөө тийш чиглэсэн нүүдэлчин хотынхон эзгүйрсэн ч гэлээ зуны гоёлоо хот тэр дорхноо олжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон торгон зүлэг дээр амандаа өвс зуусан залуу юуг ч юм бодон нүдэндээ инээмсэглэл тодруулан суухыг харсан ч хараагүй юм шиг ичингүйрэн гэзгээ оролдон гунхан алхах охид энэ цагийн өнгө гэлтэй. Гантай ч гэлээ зун цаг гэгээн ажээ.

Л.НАРАНТӨГС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж